МИАТ-ийн 3 захирлын гадагшлуулсан олон тэрбумын орлого ингэж бий болжээ

Цагдаагийн байгууллагаас нэгэн хэргийг маш нухацтай шалгаж, бүр албан хаагчдадаа энэ хэргийн талаар элдэв мэдээлэл задруулбал мөрдэстэй нь ярина гэдгээ хатуу анхааруулаад байгаа. Энэ бол “МИАТ” ХК-ний үе үеийн дарга нарын гадагш гаргасан мөнгөний урсгалын хэрэг юм. Саяхан нэг сэтгүүлч “Монгол баяжиж байна. Мөнгөтэй болсон байна шүү” гэж дуу алдан бичсэн нь үнэний ортойг МИАТ-ийн захирлуудын сүүлийн гуравхан жилийн дотор гадагш “зөөчихсөн” мөнгөний хэмжээнээс харж болно. Монголын мөнгийг хоёр гуравхан этгээд цувуулж увуулаад тэрбум тэрбумаар нь л гадагш гаргачихдаг болжээ. Энэ гүйлгээ нь юуны тулд ямар зориулалтаар, хэний халаасанд очив гэдгийг өнөөдөр цагдаагийнхан шалгаж байгаа аж. Ямартай ч одоогийн захирал Ц.Орхоны удирдлагын үед гурван удаа шилжүүлэг хийсэн бөгөөд энэ баримтыг бид Масс.мн-ий нүүр хуудсанд нийтэлсэн. Тэрээр өмнөх захирал Р.Бат-Эрдэний халаагаа өгөхдөө санал болгосон хүн. Ил өнгөн дээрээ түүнийг явж буй Р.Бат-Эрдэнэ гаргаж ирсэн мэт боловч үнэн хэрэг дээрээ Ц.Орхоныг сугандаа хавчуулдаг ТӨХ-ны дарга Д.Сугарын үгээр гаргаж ирсэн гэдэг. Одоо үүсээд буй их мөнгөний асуудалд ТӨХ-ны зарим нөхөд ч оролцсон байж болзошгүй гэсэн яриа газар аваад буй. Монголын мөнгөнөөс 1 тэрбум 254 сая 324 мянга 480 төгрөгийг гадагш гарын үсгээ зураад л хийсгэчихсэн  Ц.Орхон сүүлийн хэдэн сарыг ажлаа хийхийнхээ оронд хэвлэлийн хуудсаар өөрийн зориуд бэлдсэн мэдээлэл, ярилцлагыг түгээж өнгөрөөх болов. Тэгэхдээ “Зардал хэмнэх үүднээс даатгалын компанитай гэрээгээ зогсоосон. Өнгөрсөн онд онгоц санаандгүй байсан чинь гэмтээд 5-6 тэрбум төгрөгийн зардал гарсан болохоор ийм шийдвэр гаргасан” гэсэн утгатай яриаг ичих ч үгүй их том гавьяа байгуулсан мэтээр өгч байна. МИАТ ХК-ний захирал Ц.Орхон энэ ярилцлагаа хэвлүүлэхдээ хэвлэлийнхний амыг багагүй мөнгөөр тагласныг ч одоо хэргийг нь шалгаж буй УМБГ, Эрүүгийн цагдаагийн газар, Авлигатай тэмцэх газрууд анхааралдаа аваасай. Масс.мн сайт Ц.Орхоны гадагш шилжүүлсэн их мөнгөний санхүүгийн баримтыг гаргаж тавьснаа нийтэд мэдээлэх зорилгоор зарим сонинд нийтлэхээр сурталчилгааны талбай захиалж, худалдан авсан ч яг хэвлэлд шилжүүлэхийн өмнө “МИАТ-ийн юмыг нийтэлж болохгүй” гэдэг шалтгаанаар бидний маркетинг, PR-ийн ажил тасалдсан. Мөн төрийн өмчит компаниудын ТУЗ-д ажилладаг төрийн албан хаагчдын жагсаалтыг Масс.мн-ий хуудаснаа гарч байгааг сонинуудад нийтлүүлэхэд “МИАТ” ХК-ний ТУЗ-ийн гишүүдийн нэрсийг сонины редакциуд бусад жагсаалтан дундаас хасан нийтэлж байсан зэрэг нь “МИАТ” ХК-ний захирал Ц.Орхон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг аль хэдийнэ худалдаад авчихсныг илтгэнэ. Иргэдийн дуу хоолой болсон Масс.мн мэдээллийн сайт Монгол улсын мөнгө хөрөнгийг дур мэдэн гадагш их хэмжээгээр шилжүүлсэн “МИАТ” ХК-ний отгон гурван даргын онцгой хэдэн санхүүгийн баримтуудыг олон нийтэд хүргэх гэж байна. Ингэхдээ энэ мөнгө хаанаас орж ирсэн бэ, хэзээнээс эхэлж хуримтлагдсан, ямар учиртай мөнгөнөөс Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нар гадагш гаргасан бэ? гэдгийг ойлгуулах үүднээс эхлээд орлогын тухай мэдээллийг нийтэллээ.

Орлого яаж бүрдэв?
2001 оны 9 дүгээр сарын 11-нд АНУ-д хоёр өндөр цамхгийг онгоц мөргөснөөс олон даатгалын компани дайны эрсдлийн даатгалыг цуцлах мэдэгдлийг авиакомпаниудад хүргэж эхэлжээ. Үүнээс улбаалж ИКАО-гаас гишүүн орнуудын Засгийн газраас тодорхой хугацаатайгаар нисэхийн дайны эрсдлийн даатгалын салбарыг бий болгох зөвлөмж гаргасан байна. Гэхдээ энэ нь гишүүн орон сайн дураар дагах юм. Хураамжийг зорчигчдоос хураах замаар бүрдүүлэхээр заажээ. Үүнээс харвал энэ асуудлыг ИКАО-гийн гишүүн орнуудын Засгийн газар шийдвэрлэх ёстой байх магадлал харагдаж байна. Гэвч МИАТ ХК-ний захирал 2001 оны 10 дугаар сарын 15-нд А/953 тоот тушаалаа үзэглэж зорчигчдоос 2001 оны 10 дугаар сарын 22-оос эхлэн 5 америк долларын даатгалын хураамжийг тарифт оролцуулан тооцож авахыг тийз борлуулагчдад даалгажээ.
Энэ үеэс эхлэн зорчигчдын билетийн үнэнээс 5 америк доллар хуримтлагдсаар өдгөө нийтдээ 14 тэрбум 772 сая 205 мянга 887 төгрөг болсон байна. Тухайлбал,
2001 онд 93 сая 177 мянган төгрөг
2002 онд 722 сая 879 мянган төгрөг
2003 онд 697 сая 434 мянган төгрөг
2004 онд 1 тэрбум 320 сая 421 мянган төгрөг
2005 онд 1 тэрбум 294 сая 387 мянган төгрөг
2006 онд 1 тэрбум 307 сая 8 мянган төгрөг
2007 онд 1 тэрбум 445 сая 446 мянган төгрөг
2008 онд 1 тэрбум 849 сая 74 мянган төгрөг
2009 онд 2 тэрбум 953 сая 959 мянган төгрөг
2010 онд 3 тэрбум 88 сая 416 мянган төгрөг тус тус энэ хураамжаас МИАТ ХК-ийн дансанд орлого болон оржээ. Захирлуудын эрх ашгийн сонирхол нь энэ мөнгийг тусад нь хуримтлалын данс үүргэж бүртгэлгүй байгууллагын үйл ажиллагааны орлогод оруулан тооцож зарцуулсанд байгаа юм. Ийм ч учраас дээрх гурван захирлын гадагш шилжүүлсэн 9 орчим тэрбум төгрөгний цаана үлдсэн мөнгө яасан бэ? гэдэг нь анхаарал татаж байна. Энэ нь 6 орчим тэрбум төгрөг бөгөөд энэ бол бага тоо яасан ч биш гэдгийг хэлэх нь илүүц.
Дээрх орлогыг “МИАТ” ХК-ний удирдлагууд жилийн эцсээр хуримтлагдсан ашиг дансанд хаах юмуу эсвэл үйл ажиллагааны бус орлогоор бүртгэж байжээ. Энэ олон жилийн хугацаанд МИАТ ХК-ний үйл ажиллагаанд “Үндэсний аудитын газар” болон “Онч аудит” ХХК зэрэг олон аудитын газрууд аудит хийж зөвлөгөө өгч байсан ч нэг нь ч дайны эрсдлийн даатгалын хураамжийг бүртгэл тайландаа тусгай данс нээн төвлөрүүлэх ёстой талаар хэлж өгч байгаагүй нь ч цагдаагийнхны сонирхох судасны нэг.
Масс.мн сайт энэ удаа зөвхөн энэ мөнгөний орлого бүрдүүлэлтийн талаар мэдээлж байгаа бөгөөд ирэх даваа гарагийн нийтлэлээрээ зарцуулалтын талаарх баримтуудыг маш дэлгэрэнгүйгээр хүргэнэ.
Дээр хэлснээр бид энэ мэдээллээ нэгэнт сонин хэвлэлээр сурталчлан ил тодоор түгээж олны хүртээл болгоход хүндрэл гарч байгаа учраас энэ баримтат нийтлэлийн линкийг уншсан хэн боловч цааш нь аль болох олон хүнд түгээж төрийн өмчийг захиран зарцуулагчдын тэрбум тэрбумаар яригдах мөнгөний үнэтэй гарын үсгийн талаарх бодит мэдээллийг олны сонорт хүргэхийг хүсч байна./Үргэлжлэл бий/

Ж.Жаргалсайхан

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих