Салаавч өгдөг жүжигчидтэй соёлын сайд та үзэгчдээс уучлал гуйна уу?!
Кино хүнийг хүмүүжүүлдэг. Кинонд хэлэгддэг үг хэллэг, үйлдлийг бид амьдрал дээр хуулбарладаг. Ямартаа муу хүнийг Дүлзэн шиг, аль эсвэл Исмэл тайж шиг гэдэг хэвээр байхав.
Гэхдээ тэр дүрүүд “Single Ladies”-ийн Батаа шиг салаавч өгөөгүй. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тодруулдаг ашиг орлогоороо тэргүүлдэг киноны жагсаалтыг хэд хэдэн удаа тэргүүлж байсан энэхүү киног өнгөрсөн амралтын өдрөөрөө хүүхдүүдтэйгээ хамт үзлээ.
Гэтэл гол дүрийн Батаа гэх бүдүүн нөхөр бүсгүйчүүд рүү салаавч гаргаж байх юм. Тэгээд тэр хэсгээ хичнээн секунд барьж харуулав аа. Арай хэтэрсэн хэрэг биш үү. Ийм ёс бус үйлдлийг киноны дэлгэцнээ гаргаж болно гэж үү.
Үзэгчдийг, тэр дундаа эмэгтэйчүүдийг доромжилсон энэхүү кино өнгөрөгч есдүгээр сарын 5-ны байдлаар 74 сая 537 мянга 649 төгрөгийн, дараа долоо хоногт нь 86 сая 872 мянга 247 төгрөгийн ашиг олсон байх юм. Нөгөөх хэлтэй амтай кино судлаач, шүүмжлэгчид, Соёлын сайд Ц.Оюунгэрэл та хаагуур, юу хийгээд яваад байна вэ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай гуай хүртэл дэмжчихсэн орлогыг нь зарлаж явах юу вэ. Ингэж дэмжиж, зарлан тунхаглаж, өөгшүүлэхийн оронд ёс бус үйлдэл сурталчилсных нь төлөө хариуцлага тооцож, олсон ашиг орлогыг нь хураах ёстой биш үү.
Тус киног Юнивишн ч хэрэглэгчдэд үзүүлээд эхэллээ. Энэхүү бүдүүлэг, хариуцлагагүй дүр бүтээснийхээ төлөө тус киноны уран бүтээлчид үзэгчдээс уучлалт гуйх байтал харин киногоо “Юнивишн”-д худалдаж үзэгчдийг илтэд доромжиллоо. Халаасандаа гараа хийсний төлөө япон сэтгүүлч үзэгчдээсээ уучлал гуйж байсан нь саяхан.
Гэтэл манайхан дэлгэцийн бүтээлээр өрх толгойлсон, ганц бие бүсгүйчүүдийг доромжилж, бүр салаавч өгөн солиорч байх юм. Тэдний энэ солиорол, доромжлол, ёс бус үйлдлээрээ олсон орлогыг хураан авч, хариуцлага тооцох, цаашлаад хэсэгтээ уран бүтээл хийх эрхийг нь хаасан ч багадмаар санагдана, Ц.Оюунгэрэл сайд аа.
Ийм ёс зүйгүй киног кино сандаа багтааж, хэрэглэгчдээсээ мөнгө татаж буй Юнивишн ч нийт үйлчлүүлэгчдээсээ уучилалт гуйхыг шаардаж байна.
Эх сурвалж: ”Нийгмийн шуудан” сонин
URL: