РОБЕРТ КИЙОСАКИЙ БОЛ “БАЯН ААВ ЯДУУ ААВ” НОМЫН ЗОХИОЛЧ ЮМ

“Аливаа нэг зүйлийг та хийж хүч хүрэхгүй нь гэж бодож байгаа бол дэлхий дээр түүнийг чинь гүйцэтгэж чадах хэн нэгэн байж л таарна”  Роберт Кийосаки

Хүндэт уншигч минь та өмнө нь Роберт Кийосакийн тухай сонсоогүй ч байж мэднэ. Магадгүй түүний шилдэг борлуулалттай  “Баян аав, ядуу аав” таны номын тавиур дээр аль хэдийнэ байраа эзлэж та үе үе уншдаг байж болох юм. Харин энэ өгүүллэг үргэлж  сурч хөгжихөд бэлэн  байдаг тань шиг хүнд сонирхолтой байх болно.

Ингээд Роберт Кийосакитай ойртон танилцья. Манай баатрыг өөрийнхөө тухай товчхон ярихыг сонсоё. Тэр хувийн twitter.com хуудсанд  Роберт өөрийгөө хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч санхүүгийн зөвлөх, баян ба ядуу аавын тухай бүлэг шилдэг борлуулалттай номын зохиогч гэж таницуулсан байдаг.

“Хэрвээ хүн өөрийгөө хөрөнгө оруулагч гэж байгаа бол тэр хөрөнгө оруулахуйц хөрөнгөтөн байж таарна” гэсэн дүгнэлт хийж болох юм. “Хэрэгцээгүй ямар нэгэн юмаа худалдахын тулд эхлээд хэрэг болохгүй ямар нэг юм худалдаж авах хэрэгтэй гэж” Простовашино үлгэрийн матроскин муур хэлсэн байдаг.

Үнэхээр Роберт Кийосакийн хөрөнгө өнөөдөр хоёр тэрбум ам.доллар

Түүний эцэг эх нь АНУ-д амьдарч байгаа Япончуудын дөрөв дэх үеийнхэн ажээ. Гэр бүлийн нийгмийн байдал чамгүй өндөр. Ухаалаг сэргэлэн хүү багш нарын гэрт өссөн байна. Роберт орон нутагтаа хамгийн сайн сургуульд суралцаж багаасаа чинээлэг гэр бүлийн хүүхдүүдтэй үерхэж өсөв. Түүний эцэг Ральф Кийосаки Хавай мужийн боловсролын сайдаар ажилладаг гүн ухааны доктор хүн байв. Хожим Роберт Кийосаки яагаад “ядуу аав” гэж нэрлэсэн юм бол? Ер нь ”баян аав” гэж хэн бэ?

Роберт 9 настай байхдаа өөрийн найз Майклын аавтай танилцаж санхүүгийн боловсролын хичээл заалгаж байв. Роберт өөрийн нь хэлснээр 30 жил үргэлжлүүлэн суралцсан бөгөөд өөрт нь олгосон их тус дэмийн учир түүнийг “баян аав” гэж нэрлэжээ. Түүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэсэн багш болсон эдгээр хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, мөнгөнд хандах хандлагыг тэр ингэж дурсаж байна.

-Ядуу аав ярихдаа: “Би баян биш, гэвч над хүүхдүүд минь та нар байна” гэдэг бол

-Баян аав ярихдаа: “Би баян байх ёстой, учир нь над хүүхдүүд минь та нар байна” гэдэг.

Чухал чухал хичээлүүдээ бид нар эцэг эхээсээ сурдаг гэдэгт ноён Кийосаки итгэлтэй байдаг. “Ядуу хүн хүүхдүүддээ мөнгөний тухай юу ярьж чадах билээ? Тэр зүгээр л сайн сур, сайн ажилла” гэхээс өөр юу хэлж чадах билээ.

“Баян аав, ядуу аав” номын үндэс болсон Робертын намтарчилсан түүх Кийосакид жинхэнэ алдар хүндийг авчирав. Хоёр аавын тухай түүний анхны ном таван жилийн турш “THE NEW YORK TIMES ” сонины шилдэг борлуулалттай номын жагсаалтад дээгүүр бичигджээ. Иймэрхүү номын хэрэгцээ асар их байсан бөгөөд арван нэгэн сая хувь хэвлэгдсэн байна.

“Хэрэв би ямар нэгэн юманд хяналт тавьж чадах байсан бол миний багш нар хэн байх вэ гэдэгт хяналт тавих байсан” гэж Роберт Кийосаки санхүүгийн боловсролын чухлыг тэмдэглэжээ. Энэ тухай бодох л хэрэгтэй юм даа. Амьдралд хир зэрэг өндөрт авирч гарахыг чинь таны өөрийн сэтгэхүй мэднэ. Хэрэв та  хувийнхаа амьдралд өндөрт гарч чадаагүй бол үр хүүхдээ амжилттай сайн хүн болгон сургахад хүнд байх болно.

Баян аав Робертыг мөнгөтэй холбоотой зөвлөгөө сургамжаар өгөөмөр хангажээ. Энэ нь ямар зөвлөгөө байсан юм бол? Энэ тухай уг номоос нь мэдэж болох тул бид Робертын намтар руу эргэн орьё.

Дунд сургуулиа төгсөөд Роберт Нью-Йорк  руу явна. Кийосаки энэ том хотод ирээд тэнгисийн худалдааны академд суралцаж төгсөөд 1969 онд худалдааны хөлөг онгоц дээр ажилд оров. Газар үзэж нилээд аяласны дараа Кийосаки гэнэт АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпуст элсэхээр шийджээ. Тэр “Хамгийн том алдаа бол хэтэрхий цөөн алдах” гэж итгэдэг болоод амьдралдаа огцом эргэлт хийхээс ер айдаггүй байж.

Тэрээр АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байхдаа Вьетнамд очин өөрийгөө сайн офицер болохоо харуулав. Эх орондоо үнэнчийн баталгаа, цэргийн нисдэг тэрэгний нисгэгч байхдаа АНУ-ын Агаарын цэргийн хүчний медалиар шагнагджээ.

1975 онд Кийосаки цэргээс халагдан арилжаа хийх хүсэлдээ хөтлөгдөн “Хerox” компанид агентаар орсон байна. Харин 2 жилийн дараа тэр хөлсний ажлаа орхин нийлэг түрийвчний арилжаа эрхлэдэг хувийн компаниа байгуулав. Энэ бүтээгдэхүүн нь Робертын ажил хэргээ эрхлэх сайхан эхлэл байсан ба эхний үед тодорхой хэмжээний орлого оруулж байлаа.

Дараа нь Кийосакигийн өөрийн нь хэлснээр энэ бизнес нь тийм ч амжилттай биш байсан ба тэр үед Кийосаки бусад олон бизнесменүүдийн нэг адил харамсалтай алдаануудыг гаргажээ. Магадгүй энэ байдал нь түүнд  “Газар хэвтэж байгаа савар дээр гишгэхгүй байх” боломж олгосон санхүүгийн боловсролын тухай цуврал номуудаа бичих санааг өдөөсөн байж болох юм.
Эхлэлийн хөрөнгөө олоод Кийосаки өөрийн хуримтлалаа зөв зүйлд хөрөнгө оруулахыг эрмэлзэж байлаа. Саятан бол замын дараагийн алхам нь Рокеруудад зориулсан лицензтэй футболк үйлдвэрлэж байв. Энэ ажил нь урьдынхыгаа бодвол амжилттай байсан ч овжин Робертын мөрөөдөлд хүрэхгүй байлаа.

Хөрөнгийн бирж дээрх тоглолтууд, дүрэм мэдэхгүй хөрөнгө оруулалт хөрөнгийн алдагдалд хүргэдэг. Гэвч аз түшсэн баян хүний сэтгэхүй түүнчлэн амьдралын бүтэлгүйтэлд хандах хандлага Роберт Кийосакид гараа хумхин суух боломж олгодоггүй юм. Учир нь тэр ядуурал ба дампуурлын хооронд асар их ялгаа байгааг ойлгон “Хоёр дахь нь түр зуурын юм, харин анхных нь үүрдийн юм” гэдэгт итгэдэг. Тийм болохоор Роберт Кийосаки бууж өгөхийг хүсэхгүй , санхүүгийн тусгаар тогтнолд хүрэх шинэ зам гарцыг хайдаг. Түүний үгсийн санд “Бодьтой биш” “Биелэгдэхгүй” гэсэн үгс ердөө байдаггүй.

“Ядуус ба залхуучууд , амжилт олж яваа хүнээс ялгаатай нь “боломжгүй ” гэдэг үгийг их хэрэглэдэг”  Роберт Кийосаки     

Роберт шаргуу хөдөлмөрлөж наран доор тохилог, аятай байр суурийг олж авчээ. Кийосаки эхлээд “Мөнгө ба та” гэсэн цуврал семинар хөтлөж байгаад дараа нь 1985 онд “Саятныг хүмүүжүүлэгч” маань Шэрон Лектертэй хамтран “RICH DAD`S ORGANZATION” ( БАЯН ААВЫН КОМПАНИ) нэртэй боловсролын компанийг байгуулжээ.

Энэ төслийн гол зорилго бол залуучуудыг санхүүгийн мэдлэг эзэмшихэд сургах явдал байлаа. Роберт “Шинэ зуунд байнга суралцахаас залхуурдаггүй, ичдэггүй, даруухан тэр хүн л амжилтанд хүрнэ” гэдэгт итгэлтэй байдаг.

Өнөөдөр Роберт санхүүгийн алдартай зөвлөх. Тэр хүмүүсийг санхүүгийн бие даасан байдлаа олохын тулд өөрийн орлогыг хэрхэн ухаалаг зөв зарцуулахад сургаж байна. Тэрээр бид эхлээд өөрөө амжилтанд итгэлтэй байх хэрэгтэй, тэгвэл даян дэлхий дараа нь чиний амжилтыг итгэж зөвшөөрнө гэж цөхрөлтгүй давтаж байдаг.

Роберт эергүү сэтгэлгээний хүч

”Бидний сэтгэл хөдлөл ( эмоц) асар их хүч. Хэрэв түүнийг хянаж чадахгүй бол өөрөө борлогдох зөн совин болон хувирна.”  Роберт Кийосаки

Кийосаки 1985 онд туршлагатай хөрөнгө оруулагч үйлдвэрийн эзэн Кимтэй гэрлэжээ. Эхнэр нь Кийосакигийн амьдралын дагуул төдийгүй бизнесийн хамтрагч болж түүний мөрөөдөл хүсэл тэмүүллийг хуваалцаж явна. 1994 оноос хосууд Аризона мужийн төв Феникс-д амьдрах болов.

Роберт Кийосаки 26 сая хувиар хэвлэгдэж борлогдсон 15 гаруй дэлгэрэнгүй номын зохиогч юм. Тэр өөрийн дүү Буддын шашины гэлэнмаа Эмилитэй хамтран“ Баян ах, баян эгч ” номоо бичсэн юм. Кийосакигийн бүх ном хүн өөрийн амьдралаа хэрхэн сайжруулах хүсэл санааг даллан дуудаж учирласан байдаг билээ. Номнууд нь мэдээжийн хэрэг эрх танхи мөрөөдөмтгий хүмүүст зориулагдаагүй нь мэдээжийн хэрэг. Кийосакигийн уншигчдад хандах арга барил нь хатуу чанд

“Гонгинож гомдоллон хүүхэд шиг аашлахаа боль. Өөрийгөө зөвтгөх шалтаг хүнийг ядууруулдаг” Роберт Кийосаки

Зорилго үзэл бодолдоо хүрэхэд нөлөөгүй муу зуршлуудаа эргэж харахад энэ “ухамсрын шанаа” зайлшгүй хэрэгтэй байж мэдэх юм. Кийосаки хорвоо шударга биш гэж  байдаг бодлоггүй гоншигнуур хүмүүсийг “ хүлээн зөвшөөрч” болохгүй гэжээ.

“Хэрэв хорвоо шударга байсан бол та лав Жонни Депп шиг Билл Гейтс шиг эсвэл Уоррен Баффет шиг баян байх байсан биз.” гэж ёгтлон инээмсэглэдэг байв.

“Тахианыхаа амбаараас цааш гарвал энэ дэлхий аймар. Тэнд ажил ч олдохгүй, мөнгө төгрөг бололцоо боломжоор хомс хэцүү. Гэвч танд үнэмшүүлэн хэлэхэд тахианы чинь амбаараас цааших амьдрал булаг шиг бургилж байдаг. Тэнд өөдрөг үзэл, эрч хүч, боломж бололцоогоор хахаж байдаг. Тэнд олон нийт байдаг. Хэргийн учир нь амбаар дотроос харах уу, гаднаас нь харах уу гэдэгт байгаа юм” гэдэгтэй Роберт санаа нэг байлаа.

Ингэхээр баяжихад садаа болсон гүн ухааныг таягдан хаяа. Таны толгойд байгаа зарим нэг бодлоо ухаж төнхөн илүү үр дүнтэй бүтээлч санаагаар сольё.

“Таны гол хөрөнгө чинь таны толгой. Түүн дотроо ямар мэдээлэл хадгалж байгаагаа энэ мэдээллийг хэн өгч байгааг нягт нямбай ажиглаж бай”  Роберт Кийосак

Кийосакигийн бүтээлүүд их л шүүмжлэгддэг. Түүнийг уламжлалт боловсролын сургууль ба их дээд сургуулиудын эрхэм чанарыг бууруулж байгаа гэж буруутгадаг. Энэ бүхэнд Кийосаки дараах хариултыг өгдөг юм.

“Сурлагын дүн бол сургууль институтэд л хэрэгтэй зүйл. Харин хожим нь таны авч байгаа цалин, олж байгаа мөнгө чинь бодит дүн болно. ”

Энэ тал дээр харин би түүнтэй санал бүрэн нийлж байна. Чин үнэнээ хэлэхэд Кийосакигийн гүн ухаан над арилашгүй сэтгэгдэл төрүүлсэн нь хэдэн жилийн өмнө дээд боловсролтой болохоос татгалзсаны минь шалтгаан болох юм. Уламжлалт боловсролоос би яагаад татгалзсан, энэ нь зоригтой алхам байв уу, тэнэг алхам байв уу? Энэ тухай би тодорхой бичсэн юм.

Та “Улс оронд санхүүгийн боловсрол эзэмшээгүй хүн ам яагаад ашиггүй вэ” гэдэг өгүүллийг уншаарай.  Өнөөдөр уламжлалт боловсрол маань яагаад бусадтай адил амьдрахыг хүсдэггүй хүмүүсийн хувьд өөрийн амин чухал чанараа алдаж орхив оо.

Энэ талаар ихэд тархсан онигоо санаанд орлоо.

“Нэг бизнесмен нөгөөгөөсөө хүүгээ ажилд авахыг гуйж гэнэ. –Тэгье л дээ гэж нөгөөх нь хариулаад, яахав ажилдаа ирээд компьютер тоглоод цаг нөхцөөж л байг. Харин би түүнд 3000 доллар төлж байя ” гэжээ.
-Үгүй дээ, ингэж болохгүй. Тэр ажиллаж сурах нь чухал байна.
-За яах вэ үдийн хирд конторт хүрч ирээд мэдээ зэрэг уншаад кофе уугаад сууж л байг би хоёр ширхэг бакс өгч байя.
-Үгүй үгүй тэр өдөрт 10 цаг сунатлаа ажиллаад 200 доллар авч байг….
-Өршөөгөөрэй үүний тулд дээд боловсролтой байх ёстой чадашгүй нь”
Энэ үгний эс ширхэг бүхэнд үнэний хувь байна. Өнөө үед уламжлалт боловсролын тогтолцоо хичнээн чухал болох тухай удаан маргаж болно. Бас ч гэж их дээд сургуулиар олж авдаг олон чухал мэргэжилгүйгээр хол явахгүй л дээ.

Уг нь бол маргаангүй зүйл. Уламжлалт боловсролыг хамгаалагчид юу гэж ярьдаг гээч. ” Хэрэв бусад үйлдвэрийн эзэд, хөрөнгө оруулагчид болчих юм бол хэн шугам хоолой засч хүмүүсийг эмчилж, шинжлэх ухааны салбарт ажиллах юм бэ гэж ярьдаг.

Энэ талаар над өөр хандлага байна:
•Нэгд хүн болгон санхүүгийн биеэ даасан байдлыг олж үйлдвэрийн эзэн буюу хөрөнгө оруулагч байх ёстой. Энэ бол хүн болгонд олдоод байдаггүй баримт. Энэ бүхэн хэрэггүй хүмүүс ч байдаг. Тэд толгой хорогдох оромж, өмсөх хувцас, хоол хүнс, архины цангаагаа дөнгөн данган тайлах өчүүхэн хөлсөөр өглөөнөөс орой болтол бусдын төлөө ажиллах нь тэдний сэтгэлд таараад байдаг.

•Хоёрт хэрэв хэн нэгэнд хүүхдийн цэцэрлэгийн асрагч ч юмуу тогтмол бага цалинтай тодорхой ажил эрхлэх сонирхол байгаа бол эхлээд санхүүгийн бие даасан байдлаа олж аваад дараа нь дуртай ажлаа эрхлэж яагаад болохгүй гэж. Миний бодоход гэдэс цатгалан хангамж сайтай асрагч, арай чарай амьжиргаагаа залгуулж байгаа асрагчаас бидний хүүхдийг сургахад хамаагүй илүү чармайлт гаргах их зүйл сургах биз.

За миний тухай ярьж боллоо. Баатарынхаа тухай эргэж харъя . Ноён Кийосакигийн ололтууд дотроос “CASH FLOW”( МӨНГӨНИЙ УРСГАЛ) гэдэг тоглоомын сургалтыг авч үзье. Энэ тоглоом нь ширээний болон компьютерийн хувилбараар байдаг бөгөөд мөнгөөр ажил хийх биш мөнгийг яаж өөртөө ашигтай ажиллуулахад сургадаг юм.

Одоо Кийосаки үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хүмүүсийг сургах явдлыг нэгдүгээрт тавьж байна. Мэдлэг бол орчин үеийн ертөнцийн шинэ вальют юм.

Роберт эцэс төгсгөлгүй үргэлжилсэн боловсролыг биш харин өөрийн сургалтын үр дүнг сонирхдог. Тийм болохоор тэр ажиллах биш сурах хүсэлтэй байхыг сэрэмжлүүлж байна. Кийосаки зуун “юм” худалдан авч, мянган сургалт сонсдог ч юу ч хийдэггүй хүмүүсийг “ мөнхийн оюутан” гэж нэрлэдэг.

Кийосакигийн бүх ажиллагаа хүний “Санхүүгийн суу билгийг” сэрээж сайхан чинээлэг амьдралыг хангахад чиглэгддэг. Роберт Кийосаки өөрөө ололт ялалтынхаа нууцыг дараах үгээр илэрхийлдэг.

“Амжилтын нууц – хүнд үйлчлэх”

Дүгнэлт хийгээд үзье: Кийосаки өөрийн хувийн боловсролын бизнесээр санхүүгийн бие даасан байдлаа олж авчээ. Өөрөөр хэлбэл бизнес хийх дадал хэвшлийг эзэмших замаар гэсэн үг. Боловсролын бизнес бол Кийосакигийн өөрийн гэсэн ажилтай болох анхны оролдлого биш.

Тэр өмнө нь нийлэг түрүүвчний үйлдвэрлэл эрхлэх пүүс байгуулаад тэр  нь дампуурсан юм. Энэ үйл явдлын хүрээнд тэр өвөрмөц туршлагатай болж хожим нь цоо шинэ бат бөх суурьтай бизнестэй болсон.

Олон хүнийг бизнес хоосруулчих вий гэсэн санаа мөнгө алдчих вий гэсэн айдас хувийн бизнестэй болох үйлдлийг нь чөдөрлөж байдаг. Харин үүнээс айх огт хэрэггүй юм.  Та хэзээ ч хөлстэй ажил хийгээд мөнгөжиж болно шүү дээ. Тэгээд хүрэлцээтэй хөрөнгө цуглуулж аваад дахин ул суурьтай бат бөх бизнестэй болж болно шүү дээ.

Дашрамд хэлэхэд хөлсний ажлын тухай Кийосакийгийн намтар дотроос хүн бүрт ямар нэг худалдаа эрхлэдэг пүүс компанид ажиллах нь туршлага суухад нэмэртэй гэдэг санаа над таалагддаг юм.

Хэрэв та санхүүгийн бие даасан байдал, санхүүгийн эрх чөлөөтэй байхыг хүсвэл та заавал худалдаа наймааны дадал туршлагатай байх ёстой. Аливаад урагштай хүн л арилжаа наймаа сайн хийж чадна. Энэ нь дандаа бизнестэй хамаатай зүйл биш юм.

•Хэрэв бид сайхан хүүхэнтэй танилцвал бид арилжаа хийж байна гэсэн үг
•Бид ямар нэг ажилд орвол бас арилжааны нэг хэлбэр
•Бид дотны хүмүүс найз нөхдөө ятган аливаа нэг үзэл бодлыг зөвшөөрүүлэх нь бас л арилжаа худалдааны хэлбэр Кийосаки худалдааны төлөөлөгчөөр хэдэн жил ажиллаж сайн худалдаачин болсон юм. Хожим нь өөрийн бизнесээхөгжүүлэхэд энэ нь хүчтэй нөлөөлжих тус болсон юм.

Тэр “Баян аав, ядуу аав” номынхоо тухай доорх зүйлийг бичсэн юм. “Би дэлхийн хамгийн сайн зохиолч биш тэгээд ч намайг зөв бичгийн дүрэм мэддэггүй алдаатай бичдэг гэж шүүмжилдэг. Гэвч би өөрийн сая сая номыг худалдаж алдаагүй зөв бичдэг улсуудаас илүү гарчихсан явна” Эцсийн дүндээ бид дараах хэдэн чухал алхамуудыг хийснээр санхүүгийн бие даасан байдлаа олж авна.

1. Өөрийн сэтгэхүйг өөрчлөх
2. Өөрийн үйл ажиллагааг нээхэд хүрэлцэхүйц хөрөнгө босгохын тулд ямар ч хамаагүй ажил олж хийх
3. Худалдаа хийх дадал зуршилтай болох
4. Өөрийн гэсэн бизнестэй болох
5. Өөрт байгаа бэлэн илүү мөнгийг хөрөнгө оруулалтад оруулж мөнгийг таны төлөө ажилладаг болгох юм. Мэдээж хэрэг баян болж амжилт олохын тулд бас өөр хэд хэдэн чухал алхамуудыг хийж болно л доо. Харин бид Роберт болон бусад алдартай хүмүүсийн баяжихад тус болсон үндсэн таван алхамыг салган нэрлэлээ. Эдгээр хүмүүсийн намтарт ч гэсэн зорилгодоо хүрч санаагаа хэрэгжүүлэхэд тус болсон олон баримт нотолгоонууд бий.

Орчуулсан: Жамбалдоржийн БАДАРЧ 

 

ЭХ СУРВАЛЖ: BUSINESSNEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих