МАН-ын бүлэг ТЕГ, ҮАБЗ-д шаардлага хүргүүлэв
УИХ дахь МАН-ын бүлгийнхэн хурууны хээгээр бүртгэх төхөөрөмжийг шалгуулахаар Тагнуулын Ерөнхий газар болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандан шаардлага хүргүүлжээ.
Тус шаардлагад “УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэж, уг бүртгэсэн дарааллаар гишүүд үг хэлж, санал гаргах төхөөрөмж тавьсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан асуудал болж байгааг илэрхийлж, тус төхөөрөмжийг гишүүдийн саналын дагуу шалгаж үзсэн. Шалгалтаар тус төхөөрөмж ноцтой алдаатай, хэвийн бус ажиллагаатай болох нь тогтоогдлоо.
Тухайлбал: УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболдын өмнө байдаг ирц хянадаг компъютер ажиллахгүй байх, УИХ дахь МАН-ын бүлгийн даргын микрофон ажиллахгүй байх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Г.Батхүү нарын санал эсрэгээр гарсан мөн нэгдсэн хуралдаанд ирсэн 10 эмэгтэй гишүүн санал өгч үзэхэд 17 эмэгтэй гишүүн гэж гарах мэтээр алдаа гарав. Иймд дээрх төхөөрөмжийн аюулгүй байдлын асуудлыг яаралтай шалган тогтоож хариу ирүүлнэ үү” гэжээ.
Н.Туяа montsame
URL: