А.Пүрэв-Очир: Хүүд минь зүү залгиулж байгааг хоёр цэрэг харсан гэсэн

Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн цэргийн дугаар ангийн байлдагч зүү залгисан хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарч олон асуудал дагуулсан юм. Салааны захирагч нь дарамталж залгиулсан гэж мэдэгдэж байсан ч түүнийг  өөрөө сайн дураараа зүү залгисан тухай мэдээлэл түгсэн. Байлдагчийг сэтгэцийн өвчтэй хэмээн мэдэгдэж байв. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат П.Хэнмэдэх яагаад зүү залгив, эх орныхоо хилийг хамгаалж буй цэрэг сэтгэцийн өвчтэй байсан уу. Энэ тухай байлдагчийн аав А.Пүрэв-Очиртой ярилцлаа. Хүүгийнхээ асуудлаар наймдугаар сард гэрээсээ гарсан тэрээр хэдхэн хоногийн өмнө хариад буй гэнэ.

-Хүүгийн тань бие ямархуу байна. Таныг Увс аймгаас саяхан ирсэн гэж дууллаа?

-Бүх бие нь хаваг­начих­сан. Хааяа толгой нь өвдсөн байдалтай Увсад үлдсэн. Хүүгийнхээ асуудлаар дөрвөн сарын өмнө гэрээсээ гараад явсан ах нь нутагтаа ирээд тав, зургаа л хонож байна. Хөдөөний айл болохоор ар гэрийн асуудал хүндэрч, ээжийн маань бие муудаад дуудагдаж ирлээ.

-Таны хүү П.Хэнмэдэхийг тухайн үед зүү залгиулсан, залгисан мэтээр ярьж байсан. Хүү тань танд юу гэж ярих юм?

-Наймдугаар сарын 9-нд хүү минь над руу “Зүү залгиулчихлаа” гэж ярьсан. Би ч тэр даруйд нь цэргийн ангитай нь холбогдохыг хичээсэн ч холбоо барьж чадаагүй. Арга ядаад танилын хүнтэйгээ мотоциклоор Хөвсгөлийн Цагаан-Уул сумаас Увс аймгийг зорьсон. Хэргийн тухайд хал цэрэг нь утсаа алдсан юм билээ. Гэтэл салааны захирагч н.Баатар манай хүүг тэр утсыг нь авсан гэж зодсон байгаа юм. Хүү маань олон хүнтэй харьцаж байгаагүй нүүрэмгий биш ч, шазруун хүүхэд. Тэгээд үг дуугүй гүрийгээд байхаар нь “Ингэж байхаар зүү ч гэсэн залгиад үхэж, далд ор” гэсэн гэдэг. Зүү залгиулж байхыг нь хоёр цэрэг харсан гэсэн. Одоо бол тэд нар нь юу ч хараагүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа.

-Тэгвэл өөрөө залгиагүй гэж та бодож байгаа байх нь ээ?

-Хүү маань хийгээгүй хэргээ хүлээхгүй гэсээр байгаа. Би ч хүүдээ итгэж байна. Ангийнхан нь ийм ноцтой хэрэг болчихоод байхад П.Хэнмэдэхийг 10 гаруй хоногийн дараа аймгийн төв дээр аваачсан байгаа юм. Би арга ядаад өөрөө Хөвсгөлөөс тасалбар бичүүлж онгоцоор хот руу ирүүлсэн.

-Цэргийн ангид эмчлүүлээд эрүүл болсон уу. Зүү үлдсэн гэсэн байх аа?

-Хүүгээ хотод ирүүлээд хагалгаанд орсны дараа цэргийн ангийн эмч нар нь хүү чинь эрүүл гэсэн. Гэвч тархи толгой нь гилжийчихсэн, ам нь муруйсан, ээрч гацдаг болчихсон байсан болохоор дахиад үзүүлье гэхэд боломж олгоогүй. Тэгээд өөр ангид шилжүүлчихсэн. Тэндээ сар орчим байхад хүүгийн бие дахин муудаад өрөөсөн нүд нь бүр аньчихсан. Тэгэхээр ангийнх нь эмчид үзүүлэхэд тархи толгойндоо гэмтэлтэй юм байна. Гуравдугаар эмнэлэгт үзүүл гэсэн юм. Гуравдугаар эмнэлэгт аваачихад тархиндаа гэмтэлтэй, хавдартай байна. Бас дахин нэг зүү үлдсэн байна гэсэн. Энэ байдлыг хариуцлага алдаад замдаа залгичихсан, эмнэлэгт хэвтэж байхдаа залгисан гэх мэтээр биднийг гүтгэх болсон. Одоо хүү маань Увс аймгийн төв дээр цэргийн ангийн эмнэлэгт хэвтэж байгаа.

-Гэхдээ салааны ахлагч нь тийм үйлдэл хийгээгүй гэж мэдэгдсэн шүү дээ. П.Хэнмэдэхийг сэтгэцийн өвчтэй гэж ярьсан байсан?

-Тийм өвчтэй байх үндэслэлгүй. Цэргийн комисст орохдоо эрүүл гээд явсан хүүхэд.  Яахав багаасаа сургууль соёлд сураагүй, бичиг үсэг сайн мэдэхгүй л дээ. Гуравдугаар анги төгссөн, нэрээ бичих төдий  л хүүхэд. Гэрээсээ явахдаа ээрч гацдаг, тархи толгойны гэмтэл ч байгаагүй. Одоо миний хүү зуныхаа хувцастай аймгийн төвд байна. Цэргийн ангиас өвлийн хувцас энэ тэрийг нь тавьж өгөөгүй. Би наашаа ирэхээсээ өмнө ноосон өмд, цамц авч өгсөн. Хүүдээ их л санаа зовж байна. Хүүгийнхээ асуудлаар хэдхэн сарын дотор Увсад хэдэнтээ очлоо. Энэ хэрэг анхных биш.

-Өмнө нь бас зодуулж байсан хэрэг үү?

-Хүү маань өнгөрсөн хавар цэрэгт татагдсан. Зургадугаар сарын 1-нд зодуулаад ухаан алдсан гэхээр нь маргааш нь очсон юм. Очиход шанаа нь хавдчихсан, ам нь мурийсан байсан юм. Гэтэл зургадугаар сарын 22-нд тангаргийн баяраар нь очтол бас л баруун талын нүд нь тагларчихсан, хацар шанаа нь халцарчихсан байсан. Учрыг нь асуутал салааны үзүүлэлтээс хойш татлаа гэж захирагч нь зодсон гэсэн.

-Та олон удаагийн энэ үйлдлийг нь цэргийн ангийн удирдлагуудад дуулгаагүй юм уу?

-Тэр үед “За яахав эр хүнд янз бүрийн асуудал тохиолдоно” гэж бодоод өнгөрөөсөн. Гэтэл сарын дараа дахиад зодуулчихлаа гэж ярьсан. 400 км газрыг мотоциклтэй туулж очиход зодуулаагүй биш зодуулчихсан байдаг байсан. Ганцхан миний хүү ч биш, ийм төрлийн хэрэг олон гардаг юм байна лээ. Гэхдээ би энэ асуудлыг гаргахгүй байгаа. Хүүгээ эсэн мэнд гаргаж авбал холбогдох газруудад хандана.

-Хуулийн болон холбогдох байгууллагад хандсан гэл үү. Ямар хариу өгч байна?

-Улсын ерөнхий прокурор, Хуульзүйн сайд, Эрүүл мэндийн сайд зэрэг олон бай­гуул­лагад мэдэгдсэн. Увс аймгийн прокурор, цагдаагийн хэлтэст нь ч өгсөн. Холбогдох газруудаас өгдөг хариу нь хүүгийн тань хэрэг прокурорт шилжсэн. Хуулийн байгууллага л шийднэ гэдэг. Эрүүл мэндийн байдалд шийд өгсөн юм алга. Хил хамгаалах ерөнхий газар ч хуулийн байгууллага шийдэх ёстой гэсэн. Энэ талаар би ганцаараа яваад дийлэхгүй юм байна лээ. Хууль мэдэхгүйгээр минь далимдуулаад байх шиг. Энэ асуудлыг түргэн шийдэж өгөөсэй л гэж хүсч байна.

-Танд дарамт шахалт ирж байна уу?

-Увс аймагт очоод хүүтэйгээ уулзахад байцаагч нь “Хүүг тань эмнэлэгт үзүүлнэ. Зүү гарах юм бол таныг авч ирж өгч байна гэж ойлгоно” гэж байсан. Юу гэсэн үг вэ. Би хүүдээ зүү хүргэж өгч байдаг байж таарах уу. Бас болоогүй “Хэргээ хүлээгээд гарын үсэг зурчих. Тэгвэл энэ асуудлыг хурдан шийднэ” гэх хүмүүс ч байх юм. Хүүгээс минь янз бүрийн хүмүүс ирж мэдүүлэг авч байна. Байцаагч, өмгөөлөгч гээд цөөн тооны хүмүүс уулздаг баймаар юм. Гэтэл ард хувцастай хүмүүс амралтын өдөр ч гэсэн ирээд хүүгээс хэдэн цагаар байцааж мэдүүлэг авах юм. Ар гэрийнхэнтэй нь 30 минутаас илүү уулздуулдаггүй шүү дээ. Хэл ам таталбал хүүгийн минь хэргийг шийдэж өгөхгүй юм байна гэж ойлгох болсон. Гэхдээ хүүгээ эрүүл саруул гаргаж автлаа эцэст нь хүртэл явна.

-П.Хэнмэдэх танай хэд дэх хүүхэд вэ?

-Том нь. 1994 оны хүүхэд. 18 нас хүрээд цэрэгт мордсон нь энэ. Эрүүл саруул байсан голомт залгах хүүгээ ийм болгочихсонд надад үнэхээр хэцүү байна. Үүнээс болж ээж минь /Хэнмэдэхийн эмээ/ сэтгэл санаа нь хямарч бие нь муудах болсон /уйлав/. Ээжийгээ хот руу эмчилгээнд авч явахаас аргагүйд хүрсэн. Явж чадах ч юм уу бүү мэд. Эмч нар хот бүү хэл аймгийн төв орж чадах эсэхэд эргэлзэж байгаа. Сэтгэл санааны хямралд ороод л ингэчихлээ. Би өөрөө ч гүн хямралд орж зүрх өвддөг боллоо.

-Танай нутгийнхан голдуу хүүгийн тань алба хааж байгаа ангид хуваарилагддаг гэсэн. Өмнө нь ийм хэрэг гарч байсан болов уу?

-Манай нутагт цэрэгт яваад амиа алдсан тохиолдол олон бий. Увсын Баруунтуруун сум дахь цэргийн ангид жил дараалан цэргүүд нас бардаг гэдэг юм билээ. 2011 онд манай сумын нэг цэрэг нас барсан. Өнгөрсөн онд ч ийм тохиолдол гарсан гэсэн. Гэхдээ ар гэрийнхэнд нь цэргийн ангиас хүн үнэмшмээргүй тайлбар хэлдэг. Голд унаад үхчихлээ, аавыгаа нас барсан тухай дуулаад газар дээрээ өнгөрчихлөө гэх мэт сонин тайлбар хэлдэг юм билээ. Эрүүл саруул байсан хүү маань ийм байдалд орчихож байгаа юм чинь тэр цэргүүд ч дарамтаар өнгөрсөн байх.Олон айлын хүүхдийг ингэж битгий хохироосой гэж залбирч байна.

Б.ЭНХЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих