П.Ганхуягийн төлбөртэй нийтлэл ёстой шог байлаа
Дорноговь аймгийн засаг ноён П.Ганхуягийг ИТХ-ын олонхи болсон АН-ын төлөөлөгчид таван ч үндэслэлээр ажлаас нь буулгахаар болсон ч Ерөнхий сайд үл зөвшөөрсөн учраас ажилдаа үлдэв. Харин үүнийхээ дараа хэвлэл мэдээллээр П.Ганхуяг өөрийг нь тонгорох гэсэн намынхаа журамт нөхдийг баалав. Алсуураа бүр намаа, ихэс дээдсээ ч баалав бололтой. Базарваань минь. Ихэс дээдсийнх нь сахиус таалдаг л байгаа даа. Түүнд өгүүлэхдээ “Албан тушаалын шахаа хийх гээд бүтэлгүйтэхээрээ Засаг даргаа огцруулах гэдэг Иргэдийн төлөөлөгчдийн хурал байна гэнэ. Засгийн эрхийг барьж буй АН-ынханд ийм хууль бус ажиллагаа явагдаж байлаа. Энэ АН-ынхан яачихсан юм бэ. Улс төрийн тайзан дээр бус хар гэрийн хатавчинд хэдэн жил хэвтэхдээ юуг ч ухаараагүй бололтой юм. Дорноговь аймгийн ИТХ дахь АН-ын хэдэн хөгийн төлөөлөгчид Засаг дарга П.Ганхуягаа огцруулах гээд улайраад байгаа нь ийм учиртай юм байна” гэж ирээд авч өгчээ. Бичсэн хүн нь ч ёс зүй, мэргэжлийн түвшингээр жаахан дундуур нөхөр бололтой. Шуудхан л хараачих гээд П.Ганхуяг даргынхаа өмнөөс ихээхэн уурсчээ. Ёстой л “Төрийн төлөө огтоно боож үхнэ” гэгч болжээ. “Энэ АН-ынхан яачихсан юм бэ. Улс төрийн тайзан дээр бус хар гэрийн хатавчинд хэдэн жил хэвтэхдээ юуг ч ухаараагүй бололтой” гээд ёстой л тогоо руугаа ганц сайн нулимсан байна. Өнөөх “уугаад уусан усандаа баана” гэдэг л энэ болж. Эрхэм бичигч маань дурдахдаа “П.Ганхуяг гэдэг засаг ноёныг би танихгүй. Мэдэх ч үгүй.
Гэхдээ аймгийнхаа АН-ын увайгүй хэдэн нөхөд рүү гаргасан “салаавч”-ийг нь түмэн олон бүү хэл төр үнэлсэн ч багадах биз” гэсэн байх юм. Мэдээжийн зүйлд ийм мөр тавьж суудаг мөн ч дүүрсэн нөхөр шүү. Салаавч өгсөн хүнийг төр үнэлдэг бол бүгд л төрөөр үнэлүүлэх болно. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, гишүүн асан Ц.Шинэбаяр гээд төрдөө үнэлэгдсэн салаавчтай эрхмүүд олон болох байсан. Гэтэл бүгд л их бага хэмжээгээр арга хэмжээ авахуулаа биз дээ. Тэгэхээр П.Ганхуяг даргыг бас л шийтгэх хэрэг гарч таарна. Тодотгож дурдахдаа “аймгийнхаа АН-ын хэдэн нөхдийн албан тушаалын шахаанд өгсөн засаг ноёны “салаавч” гоё байлаа” гэсэн байх юм. Чухам юу хэлэх гээд юу өгүүлэх гээд ийм зүйл бичүүлж суугааг ойлгох юм алга. Өчигдрийн цахим мэдээлэл, хэвлэл мэдээллийн тэргүүн хэсэгт “Албан тушаалын шахаанд өгсөн П.Ганхуягийн “салаавч” гоё байлаа” гарчигтай бах таваа хангасан увайгүй зурагтай нийтлэл маягийн зүйл төлбөртэйгөөр эзэгнэж өнжив. П.Ганхуяг дарга энэ их мөнгийг чухам хаанаас гаргаад байна вэ. Мэдээжийн хэрэг татвар төлөгчдийн мөнгөөр л ийнхүү салаавч үзүүлж буй хэрэг биз дээ.
Г.Баярсайханаас эхлээд ил салаавч өгдөг байсан бол одоо хэвлэл мэдээллээр салаавч өгөөд эхэлжээ. Энэ засаг төр, эрх мэдэлтнүүд ер нь хаашаа яваад байна вэ. Өөрийг нь огцруулах гэсэнд уурссан цухал байж болно. Хүн л юм чинь шар хор, уурсах цухалдах зүйл байж л таарна. Гэхдээ ийм зүйл бичүүлж, мөнгө үрж байхын хэрэг байсангүй. Хамгийн гол нь тэр өөрийнхөө ёс зүйгүйг харуулаад зогсохгүй өөрийгөө нэлээд сайн матаад авсан нь ч харагдана. Шуудхан хэлэхэд энэ бол нэлээн мулгууд хүний хийх ажил мөн гэдэг нь харагдана. Үүнд өгүүлэхдээ “Тэжээсэн хэдэн муу бяруу нь хүний сүрэгтэй нийлчихээд эргэж ноцоод байхад хэн дуртай байх билээ” гэсэн байх юм. П.Ганхуяг чухам ямар муу бярууг хэний юуны мөнгөөр тэжээсэн хэрэг болж байна вэ. Цааш өгүүлэхдээ “…хэдэн хүнийг албан тушаалд томилох даалгаврыг тус аймгийн АН-ын хэсгийн ахлагч нь МАН-ын хэдэн нөхөртэй нийлээд Засаг даргадаа өгч. Нөгөөх нь юу гэж биелүүлэх вэ дээ” хэмээжээ. Үнэн хэрэгтээ 2008 оны сонгуульд Дорноговь аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдөөд өвдөг шороодсон хүн шүү дээ. Тэгээд орон нутгийн сонгуулиар аймгийн Засаг дарга болонгуутаа л намын харъяаллаар төрийн албан хаагчдыг хоморголон халсан юм. Ёстой л унасан уураа нэг сайн гаргаж авсан. Тэгэхээр П.Ганхуягийн уур цухал нь дандаа ийм зүйл хийлгэж байдгийг бататгасан хэрэг болж байна. Тухайн үед судалгаа гаргахад аймгийн төрийн албан хаагчдын 80 орчим хувь нь энэхүү шуурганд өртөж хохирсон байдаг юм. Тэр ч бүү хэл “Саран хөхөө” театрын даргыг өөр намын хүн хэмээн халж байв. Урлаг соёлын байгууллагыг ийн улстөржүүлэх хэрэг байсангүй. Өөрөө ийм зүйлийн суурийг тавьчихаад намынхаа нөхөдтэй нэг муу албан тушаалаас болж хагарсан бол хохь нь гэх байна. Өнгөрөгч 2008 оны УИХ-ын сонгуульд тойрогт өрсөлдөж өвдөг шороодсон бол 2012 оны сонгуульд намын жагсаалтын 16-д эрэмблэгдэж мөн тахимаа өгсөн энэ эрхэм Дорноговь аймгийн Засаг даргаар улиран ажиллах болсон. Намаас нэр дэвших мандат авч, намын жагсаалтын 16-д эрэмблэгдэнэ гэдэг бага зүйл биш. Засаг даргаар улиран ажиллана гэдэг ч бага зүйл биш.
Харин П.Ганхуягийн хувьд өөрөө “тэжээсэн бяруу тэрэг эвдэх”-ийн үлгэрийг харууллаа. Бодоход АН-ынхан энэ мэт даварсан нөхөдтэйгээ айсуй 2016 онд тооцоо бодож сууна. Хар гэрийн хатавчинд олон жил хэвтчихээд юу ч ухаараагүй малнууд хэмээн харааж байгаа нөхөрт нам нь лав баярлахгүй байх. Магадгүй 2016 онд П.Ганхуяг мандат олж авах гэж зовох болов уу. Олдох ч үгүй боллоо. Өөрөөр хэлбэл тэр уураа барьж чадалгүй өөрийнхөө улстөрийн замыг хаачихлаа. Я.Батсуурь, А.Гансүх гээд Дорноговь аймгийн тойргийг хараалагчдын дундуур мандат авна гэж байхгүй. Тэгэхээр засаг ноёныг намын жагсаалтад оруулна. Оруулахдаа 16-д биш 26-д эрэмбэлэх болов уу.
С.Баяр
Монголын үнэн
URL: