Өвгөн эмгэн болтлоо дурлахсан… Өнө мөнхөд хайрлахсандаа хань чамайгаа…
Хайрлана гэдэг чинь халамжлахын нэр, халамжтай явнаа гэдэг ханилахын шинж тийм үү..
Өвгөн эмгэн болтлоо дурлалцахсан, өвлийн шөнийг халуу дүүгтэл, өнгийн цэцэгсийг газраар зултал өнө мөнхийн хайраар биесээ шагнахсан
Ханьтайгаа хорвоог туулж, халамж хайрандаа өлгийдөхсөн бас өлгийдүүлэхсэн…
Амьдралын нугачаанд элэгдэн, хуруу гар нь мойног болохын цагт, арван наймтай явсан үеийг нь дурсан дурсан сануулж, аргамаг хүлэг шиг идэр насандаа булчин шөрмөстэй байсныг нь дуулган дуулган магтахсан
Хүдэр чийрэг нуруу нь бөгтийж тамирдахын цагт, хүүхэн хоёр хараа нь бүдгэрч сульдахын үед, хүүгийнх нь бэлэглэсэн дарсаар сэтгэл юуг нь цэлмээж, хүсэл бадраасан насандаа хамтдаа нэг очихсон
Өвгөн эмгэн болтолоо өдөр алгасалгүй эрхлэхсэн, өнжин хонон жаргаж үлгэрийн юм шиг амьдрахсан
Үеийнхээ хөгшчүүлтэй уулзан хуучилж, үрчлээгээ тэнийтэл буян хурааж өвдөхийн зовлонгүй налайн намбайж үргэлжлэн ирэх цаг хугацааг өөдрөг гэгээнээр угтахсан
Тэгээд…
Уулын хормойд моддын захад гэрээ бариад, саалийн ганц үнээтэй, саахалтынд хүргэх морьтой өшөө ихэд шуналгүй үр ачаа тойруулаад үүрдийн юм шиг жаргахсан…
Өвгөн эмгэн болтлоо дурлахсан….
Аяга цайгаа хувааж ууна, амьдралыг хамтдаа туулна бидэн хоёр, аз жаргал биш гэж үү…
Амраг ханийхаа дээлийг эвхэж, аядуу зөөлнөөр хуучлан хүүрнэнэ…
Өдөр бүр үр ачийнхаа тухай өөдрөг сайхнаар төсөөлөн ярьж, үлдэх юмтай амьдарсандаа өөрсдөөрөө бахархан уясан жаргана…
Тиймээс…
Өвгөн эмгэн болтлоо дурлахсан….Өнө мөнхөд хайрлахсандаа хань чамайгаа…
…………Х.ДУЛАМСҮРЭН……… /Duya Dulamsuren/
URL: