Ц.Нямдорж: Намайг телевиз үзсэнгүй гэж огцруулах шахсан юм шүү, Н.Батбаяр аа
УИХ-ын гишүүд олуулаа байна. Ялангуяа, өчигдөр бүр олуулаа байж байнгын хороодын хуралд идэвхтэй оролцлоо.
Тэдний зарим нь эдийн засаг, төсвийн байнгын хорооны гишүүн биш атлаа бөөнөөрөө ирчихээд санал шүүмжлэлээ харамгүй өрнүүлсэн. МАН-ын бүлгийн оруулж ирсэн хоёр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх учраас ач холбогдол өгч байгаа нь тэр бололтой.
Уг нь ойрын өдрүүдэд УИХ-ын гишүүд байнгын хороод, чуулганы хуралдаанд оролцох нь багассан.
Ирц бүрдэхгүйгээс болж хууль хэлэлцэх нь ч хойшилж байсан бол энэ удаа эрхэм гишүүд олуулаа ирсэн нь энэ байлаа. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор.
Сангийн сайд Ч.Улааныг огцруулах тухай Төсвийн байнгын хороогоор хэлэлцсэн юм Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын гишүүдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.
Г.Уянга:
-Миний хувьд одоо ч хоёр сайдыг үлдээх үү, үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаагүй байна. Н.Батбаяр сайдыг огцруулаад юу өөрчлөгдөнө гэж харж байгаа юм бэ. Тэдний оронд хэнийг томилвол ард түмний амьдрал гайхамшигтай сайхан болох вэ гэдэг асуудал байна. Сайд нарыг огцруулах нь МАН 2016 онд ялалт байгуулахад хэрэгтэй юу.
С.Бямбацогт:
-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Засгийн газрын бодлогогүй үйл ажиллагаанаас эдийн засаг өмнө хүрсэн үзүүлэлтээсээ буурлаа. Энэ бүхэн эрх баригчид нэг нэгэндээ найр тавьж, олонх хүч түрэн асуудлыг шийдэж байгаатай холбоотой. Өнөөдөр ч гэсэн хоёр сайдаа ямар ч хамаагүй аргаар авч үлдэхээр оролдож байгаа нь харамсалтай.
Д.Хаянхярваа:
-Оюутолгойн болон Хөгжлийн банк, Чингис бонд гэх мэт хувийн хэвшлийнхний бүх өрийг оруулаад Монгол Улсын гадаад өр ДНБ-ий хэдэн хувийг эзэлж байна вэ. Нефть бүтээгдэхүүний бөөний үнэ жижиглэнгийн үнээсээ өндөр болсон. Засгийн газар үнийг тоггвортой байлгана гэдэг үндэслэлээр үнэ барьж байна. Тиймээс нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниудын зарим нь 7-8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Тэгэхээр бизнесийн суурь болсон томоохон компаниудын үйл ажиллагаа доголдоно гэсэн бодол танд байна уу. Ер нь энэ зөв бодлого уу?
Н.Батбаяр:
- Гадаад өрийн асуудлыг Сангийн яам хариуцдаг. Энэ хуралдаанд Сангийн яамныхан ирсэн учир албан ёсны тоог хэлж өг. Нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд гадаад өр Төсвийн тогтвортой байдлын гэрээнд заасны дагуу ДНБ-ий 50 хувийнхаа хэмжээнд байгаа. Бид нефтийн үнийг зохиомлоор бариагүй, энэ чинь хувийн бизнес шүү дээ. Харин нефтийн компаниудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор төр, хувийн хэвшил хамтарч ажиллаж байгаа. Тиймээс тэдэнд ирэх валютын ачааллыг бууруулах зорилгоор Засгийн газраас тодорхой хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Тэр хүрээнд нефтийн үнэ тогтвортой байгаа.
Эдийн засгийн хөгжлийн сайд миний бие “Чингис” бондын 1.5 тэрбум долларыг оруулсныг буруу гэж үзээд байх шиг байна, та нар. “Чингис” бондын хөрөнгөөр “Гудамж” төсөл хэрэгжүүлсэн, 1800 км зам барьсан, хувийн хэвшил ноос, ноолуур, оёдол, хүлэмж, сүү, төмрийн хүдэр хөнгөлөлттэй, жилийн 5-7 хувийн хүүтэй зээл өгч байгаа. Орон сууцны найман хувийн хүүтэй зээл өгч эхэлснийг буруу гэж үзэж байгаа юм байна. Эцсийн дүндээ монголчууд сайн сайхан амьдрах ёстой. Танай, манай гэж талцаад яах вэ. Бидний эв нэгдэлтэй байдал улс орны хөгжилд тустай.
О.Содбилэг:
-Хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах төсөл, хөтөлбөр байхгүй учраас бид хий дэмий хүү төлөөд сууж байна. Сурагчийн дүрэмт хувцас хийх гэж гаднаас зээл аваагүй. Үүнийгээ оёмол бүтээгдэхүүн, ноос ноолуур үйлдвэрлэлээ дэмжиж байна гэж хэлээд байгаа. Та бүхэн 30 мянган ажлын байр, 500 жижиг дунд, үйлдвэр бий болно гэж олон сайхан юм ярьсан. Яг хэдэн ажлын байр бий болсон бэ. Бид хэд хэдэн аймгаар явж иргэдтэй уулзлаа. Иргэд ажилгүй боллоо, бизнес эрхлэгчид нь цомхотгол хийлээ, эдийн засаг хэцүүдэж байна гэцгээж байна. Бид 5-10 жилийн дараа зээлээ төлөх ёстой. Энэ нь үр ашигтай хөрөнгө оруулалт болохгүй байна. Эдийн засгийн байдал үнэхээр хүнд байдалд орлоо.
Н.Батбаяр:
-Бондын мөнгө үр ашиггүй хэвтээд байна гэдэгтэй санал нийлэхгүй. Тэр мөнгө зөв газраа байршиж, зөв хүндээ очсон бол байнга эдийн засгийн эргэлтэд орж байдаг. Бондын үлдэгдэл Хөгжлийн банкинд байршиж, арилжааны банкуудад богино хугацааны зээл хэлбэрээр очсон байгаа. Тэр чинь эргэлтэд орж байгаа хэрэг. Найман хувийн зээлийг “Чингис” бондын хөрөнгөөр бий болгосон.
Ц.Нямдорж:
-Шөнө телевиз үзээгүй гэж хэлсний маань төлөө огцруулах шахаж байсан шүү, Н.Батбаяр аа. Чиний асуудал бол огт өөр. Гадаадын хөрөнгө оруулалт 50 хувиар тасарсныг сайн үзэгдэл гэж үзэж байгаа хэрэг үү. Энэ Засгийн газар зээл авсаар байгаад бүрэн эрхийн хугацаагаа дуусгах зорилготой юм уу.
Д.Ганхуяг:
-Хариуцлага алдсан бол хариуцлагаа хүлээлгэх нь зөв. Хоёр сайдын хувьд огцруулах гэж байгаа шалтгаан нь хангалтгүй байна. Огцруулах үндэслэлийн дотор үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хууль зөрчсөн гэж байгаа. Шатахуун, мах, гурил зайлшгүй чухал бараа бүтээгдэхүүнд хамаардаг. Эдгээрийн үнийг харьцангуй тогтвортой байлгахаар хөнгөлөлттэй зээл олгосон л асуудал шүү дээ.
О.Баасанхүү:
-Хөгшчүүдийн буянаар зурагттай болсон Ц.Нямдорж гишүүнд эхлээд баяр хүргэе. Бонд босгоно, төмөр зам барина гэж гар өргөж баталчихаад өнөөдөр МАН-ынхан юу яриад байгаа юм. Угшил нэгтэй учраас тацай намд юу болоод байгааг мэднэ МАН Засгийн газарт орохыг санаархаж байна. Үүний оронд ийм ийм хууль зөрчсөн гэдэг асуудлаар хариуцлага нэхээч гэж хэлмээр байна.
Я.Содбаатар:
-Н.Батбаяр сайд бол АН-ын өмнөө барьдаг боловсон хүчин, чадварлаг эдийн засагч. Ийм хүн нь Эдийн засгийн хөгжлийн сайдын албаа хашаад бүх чадлаараа зүтгээд үр дүн нь муу байна. Эрх баригч нам ингэтлээ боловсон хүчний хомсдолд орсон юм уу. Огцрууллаа гээд оронд нь МАН-аас Эдийн засгийн хөгжлийн сайдад дэвшихгүй шүү дээ гэв.
Эцэст нь хуралдаанд оролцогч нийт гишүүд Н.Батбаяр сайдыг огцруулах асуудлыг дэмжээгүй юм.
URL: