Увсын засаг дарга Э.Цасчихэр хувийн бизнесээ цэцэглүүлсээр байна
Нутаг орны эрх ашгаас илүү хувийн бизнес чухал болохыг Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нар гаргуун сайн үзүүлж яваа юм байна. Орон нутгийн хөгжлөөс илүүтэйгээр өөрсдийн бизнесийг өргөтгөхийг чухалдаг тэдний үйлдэл хэрээс хэтэрч буйг нутгийн иргэд мэдээлсээр… Тэд Увс аймагт зарлагдсан томоохон тендер бүхнийг өөрсдийн компанид авч, санхүүжилтийг нь завшдаг аж.
Эрх мэдэл, албан тушаалаа ашиглан үйлдсэн тэдний гэмт үйлдэл маш олон агаад зах зухаас нь дурдъя. Э.Цасчихэр Засаг даргын 40 хувь эзэмшлийн “Мөнхжим” компани Нарийны гол дээр 325 мерт урт гүүр барихаар 2007 оны тавдугаар сарын 1-ний өдөр гэрээ байгуулж, урьдчилан 514.2 сая төгрөгийн санхүүжилт авсан хэдий ч өнөөг хүртэл барилгын ажил нь эхлээгүй байгаа ажээ.
Уг нь дээрх гэрээнд Нарийны голын гүүрийг 2008 оны аравдугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар тусгажээ. Харамсалтай нь энэ ажил зөвхөн хэдхэн шон хатгах төдий яваа агаад иргэд усанд осолдох аюултай нөхцөл бүрдээд буйг увсчууд өгүүлж байна. Э.Цасчихэр засаг дарга Нарийны голын гүүр барих эхний санхүүжилтээ аваад юу ч хийгээгүйгээр зогсохгүй “Мөнхжим” компанидаа өнгөрсөн оны гуравдугаар сард дахин 5.6 тэрбум төгрөгийн эх үүсвэр тусгуулжээ. Бид Увсын “томчууд”-ын увайгүй үйлдлүүдийг цувралаар хүргэх болно.
URL: