Дизель түлш импортлогчид ШУЛЖ БАЙНА, ШУНАЛАА ТАТ

Дизель түлш ховордож Мон­голоор нэг юм болж байна. Дизель унадаг хүмүүс, дизель хэрэглэдэг машин механизм яасан ч их бол­сон юм. Өнөөдөр литрийн үнэ нь 1440 төгрөг байна. Газрын тосны бүтээгдэхүүн оруулж ирдэг ком­паниуд хязгаарлалт тогтоогоод, картанд оруулаад, эсвэл гэрээтэй газрууддаа л өгөөд… Үнэ нь улам нэмэгдээд л… Ажлаа алдах­гүй гэсэн, ашиг орлогоо бодсон уул уурхайн компаниуд дизель түл­шийг шууд л 2000 төгрөгөөр авч байна. Энэ нь тэгээд зах зээлийн­хээ жамаар явж буй үнийн зохис­той өсөлт үү. Үүнд шулуухан хариулт өгье.

Нефть импортолж буй ком­паниуд болох Петровис, Магнай трейд, Шунхлай, Сод Монгол, Жаст Ойл, Тэс Петро­лиум… өөр юу юу ч билээ. Та нар битгий галзуур, ард түмнээ битгий шул. Та нарын шулмын ухааныг мэдэхгүй байна гэж бодож байна уу. Өнөөдөр 1440 төгрөгөөр зараг­даж буй дизель түлш чинь литр тутамдаа хамгийн багадаа 80 төгрөгөөр шууд буух ёстой. 1360 төгрөг болох ёстой. Тэгэхийн тулд Монгол Улсын Засгийн газар тонн тутамд 200 мянган төгрөгийн Онцгой албан татварыг буулгаж өгсөн. Төр засгаас ингэж харж үзэж байхад та нар яасан өөдгүй юм бэ. Муухай л харагдаж байна ш дээ. Монгол руу орж буй мөнгөний дийлэнх урсгал уул уурхайгаас эхтэй. Уул уурхайн бүх техник хэрэгсэл дизель түлшээр хөдөлнө. Хятад улс гадагш шатахуун гарга­хыг хуулиар хориглосон байдаг. Тийм болохоор уул уурхайн компа­ниуд Монголын энэхүү нефть им­порт­логч ком­паниудаас бүх түл­шээ авна. Гэтэл манай импортлог­чид хуйвалдан, лоббидож хомсдол бий болгож, зохиомлоор татвараа чөлөөлүүлж аваад тэдэнд түлшээ их үнээр зарж, хэтийдсэн их ашиг олж байна. Үүнийг тэдний хоорон­дын асуудал гээд хаяя. Гэтэл дунд нь ядарсан ард түмнээ давхар шулж байгаа чинь увайгүй байна шүү дээ. Уул уурхайнханд түлшээ өндөр үнээр зарж олсон ашиг чинь та нарт хангалттай шүү дээ. Ийм атал давхар ард түмнээ битгий шул л даа. Онцгой албан татварыг 200 мянгаар буулгах шалтгаанаа Засгийн газар ганцхан зүйлээр тайлбарласан. Тэр нь хэрэглэгчдэд очиж буй жижиглэнгийн үнийг хөөрөгдөхгүй шүү гэж. Гэтэл яав, татварыг нь буулгаж хямдруулсан биш харин бүр эсрэ­гээ­рээ 2000 төгрөг болгочихоод байна. Б.Ариунсан явж асар их “юм” олж ирлээ гээд л хөөрцөглөөд байх юм. Ачир дээрээ ард түмний нуруун дээрээс ачаа нь тэгээд хэрхэн хөнгөрч байгаа юм. 2000 төгрөгөөр дизель түлш худалдаж аваад л явж байна биш үү.

Ер нь ард түмэндээ дизель түлшний үнэ өссөн, татвар буур­сан талаар товч тодорхой мэдээ­лэл өгье.

Монгол Улсад нефть бүтээг­дэхүүний сарын хэрэглээ ойрол­цоогоор 70 000 тонн, үүнээс дизель түлшний хэрэглээ 35000 тонн л байдаг. Энэ нь улирлын чанартай нэмэгдэж буурч байдаг юм билээ.

Монгол Улсад тавдугаар са­раас газар тариалан, уул уурхайн үйл ажиллагаа идэвхждэг. Өмнөх дөрөвдүгээр сард мөн дизель түлш­ний нийлүүлэлт бага байсан зэр­гээс шалтгаалан энэ сард Мон­го­лын газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд ОХУ-ын “Роснефть” компаниас 84000 тонн дизель түлш авахаар захиалга өгсөн юм билээ. Гэтэл ОХУ-ын дотоодын зах зээлд нефть бүтээг­дэхүүний хомсдол үүссэнээс шалт­гаалан “Бид 84000 тонныг өгч чадахгүй. Харин 17000 тонн ди­зель түлшийг  тонн тутмыг нь ОХУ-ын “Роснефть” компани  DAF-Наушка нөхцөлөөр 976 ам.долла­раар л өгье” гэжээ. Урьд сар нь 880 ам.доллар байсан юм. Тэгэхээр тонн тутамдаа 96 ам.доллар буюу 120000 төгрөгөөр өссөн гэсэн үг. Энэ өсөлт нь түүхий эд болох газрын тосны үнэ өссөн, мөн ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын гаалийн татвар нь өмнөх дөрвөн сарын татвар нь 283.9 ам.доллар байснаа тавду­гаар сард 408.3 ам.доллар болж өссөнтэй шууд ха­маа­ралтай.

Үнэнийг энэ дашрамд хэлэхэд бидний муу хэлээд байдаг   “Рос­нефть” компани  нь Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэ­рээс дотоодын зах зээлд нийлүүлж буй бөөний үнээсээ дотоодод мөрдөж буй татвараа хасаад гарсан дүн  дээр ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвар, Тээврийн зардлыг нэмээд л Монгол Улсад нийлүүлдэг юм билээ. ОХУ-аас хамгийн хямд нийлүүлж буй ганц компани л юм билээ шүү.

Ингээд ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсангаар ахлуулсан ажлын хэсэг ОХУ-ын  “Роснефть” компа­ниас дахин 8 000 тонн, мөн 270 ам.доллараар илүү үнэтэй ч гэсэн “ТНК” компаниас тонн тутмыг нь 1250 ам.доллараар  16000 тонн дизелийн түлш авахаар болжээ. “ТНК” компанийн 270 ам.доллар бол тус компанийн Саратов, Крас­нолендийскийн газрын тос боловс­руулах үйлдвэрүүд нь  “Роснефть” компанийн Ангарскийн үйлдвэрээс хол байдаг тул тээврийн зардал өндөр гэхчлэн нэмэлт зардал нь шингэсэн гэж ойлгох ёстой юм билээ. Ингээд нэг юм Б.Ариунсан нар 40 мянга гаруй түлш авчра­хаар болж байгаа юм байна. Өн­дөр үнэтэй дизель түлш  авахтай  уялдуулан Монгол Улсад жижиг­лэн борлуулж  буй үнийг өсгөхгүйн тулд Онцгой татварын хувь хэмжээг дизель түлшинд 200 000 төгрөөр бууруулсан Засгийн газрын 155 дугаар тогтоол гаргасан нь тав­дугаар сарын 11-ний өдрөөс хэрэг­жиж эхэлсэн нь энэ. Нефть импорт­лог­чид ийм эх оронч бус байх аваас Монголын төр өөрийн мэдлийн хоёр дахь “НИК”-тэй болох ёстой юм байна.

Тавдугаар сард захиалсан газрын тосны бүтээгдэхүүний эхний ээлж нь “Роснефть” компа­ниас татварын хөнгөлөлт үзүүлж эхлэх үеэр орж ирсэн. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр  ТНК-тай гэрээ хийсэн гэвэл уг компаниас орж ирэх өндөр үнэтэй дизель түлш энэ сарын сүүлчээр л орж ирэх болно. Энэ хооронд “Роснефть” компа­ниас орж ирэх дизель орж ирж л байна. Тэгэхээр Роснефть” компа­ниас тонн тутмыг нь 976 ам.долла­раар авч буй дизель түлш нь онцгой татварын хөнгөлөлтийг эдэлсэн болохоор өгөх татвараасаа тонн тутамдаа 200 000 төгрөг импорт­логч компаниудын халаасанд үл­дээж байна гэсэн үг. Дахиад л хэлье. Энэ хөнгөлөлт хэрэглэгчдэд очихгүй бол энэ мөнгийг улс татвараараа авах ёстой. Хөнгөлөлт үзүүлэх хугацааг тавдугаар сарын 11-нд биш энэ сарын сүүлчээр тавих, эсвэл хөнгөлөлтийг урьд сарын өсөл­тийн дүнгээр 120000 төгрө­гөөр тогтоож болох л байсан байх даа. Гэхдээ саяхан дөрөвдүгээр сард дизель түлш литр нь 1390 төгрөг байлаа тавдугаар сард импортлох үнэ өссөн гэж им­порт­логч компа­ниуд 80 төгрөгөөр үнэ өсөхөд төр засаг, үйлдвэрчний эвлэл гэх мэт гарууд ард иргэдийн амьдрал хэцүүдлээ, импортлох эрхийг нь цуцална энээ тэрээ гээд… эсэргүүцэж, цоллоод бөөн шуугиан болж байж 30 төгрө­гөөр буулгаад 1440 төгрөг болго­сон доо. Тэгэхээр татварын хөнгө­лөлт тийм ч өндөр байх шаард­лагагүй байсан ч юм шиг.

Тооцоо хийе. “Роснефть” ком­па­ниас 25 мянган тонн түлшний тонн тутамд тогтоож болох татва­рын зөрүүг багаар бодоход 80 мянга гэвэл ашиг нь хоёр тэрбум. Газрын тосны бүтээгдэхүүн им­порт­логч компаниуд ийм л мөн­гийг ард түмнийхээ халааснаас хум­салж байна. Ийм боломжийг, тэр татварын хөнгөлөлтийг хэн тэдэнд олгов. Хэнд ашигтай байв. Өөрийн­хөө зөнгөөр, зах зээлийн­хээ жа­маар яваад буй үйл явц уу. Үнэндээ тэгж харагдахгүй л байна. Ард түмнийг хохироосон үйл явдал бүхэн буух эзэнтэй, буцах хаягтай байх ёстой, ардчилсан нийгэм л юм бол.


URL:

Сэтгэгдэл бичих