Ойлгомжгүй статистик

18d035_1479

Ойрын саруудын статистик мэдээнд ойлгогдохгүй тоо олон байна.

Ажилгүйдлийг бууруулж ядууралтай тэмцэх тусгай яамтай болж, Хөдөлмөрийн яам хаа сайгүй ажилд зуучлах бирж байгуулан, хот хөдөөгүй залуусыг ажилтай болгох аян өрнүүлсэн ч ажилгүй иргэдийн тоо өссөнийг Үндэсний статистикийн хорооныхон судалжээ.

Мөн статистикчдын мэдээлснээр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, инфляц Төвбанкны төлөвлөснөөс хэтэрсэн байхад өнгөрсөн сард ДНБ-ий хэмжээ өсч, өрхийн орлогод нөлөөлсөн гэх юм.

Хүмүүсийн амьдралаас хол зөрсөн тоон үзүүлэлтийг статистикчид ингэж гаргажээ.

ДНБ-ий өсөлт ажилгүйдэлд нөлөөлсөнгүй 

ДНБ өнгөрсөн сард 11.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Улс орны нийгэм, эдийн засагт энэ таатай тоо. Энэ өсөлтөд манай улсын барилга, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар хөгжсөн нь нөлөөлжээ. Барилгын салбар гэхэд өмнө нь байгаагүйгээр тэлж энэ өсөлтийг даган олон мянган ажлын байр шинээр бий болсныг салбарын сайд онцолсон.

Уг нь ДНБ-ий хэмжээ өсөх хэрээр хүмүүсийн амьдрал дээшилдэг. Гэвч өнгөрсөн сарын эцсийн байдлаар ажил хайж байгаа иргэдийн тоо 42.9 мянгад хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 2.6 мянган хүн буюу 6.3 хувиар өсчээ.

Статистикийн судалгаагаар энэ оны гуравдугаар улиралд улсын хэмжээнд ажилгүй иргэн 89.5 мянгад хүрсний 47 хувь нь эрэгтэйчүүд. Улсын хэмжээнд ажилгүйдлийн төвшин 7.6 хувьтай байна.

Амьдрал статистикийн хоорондох алд, дэлмийн зөрүү 

Инфляц 12 хувиар өссөн. Үүнд зөвхөн цахилгаан, дулаан, хувцас, ус ундааны үнэ нөлөөлсөн гэнэ. Ус, ундаа эрэлттэй дулааны улирал эсрэгээрээ солигдчихсон байхад яахаараа усны үнэ өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өсөлтөд гол үүрэг гүйцэтгэдэг юм гэж шүүмжлэх хүн ч байна.

Инфляцийн өсөлтөд өмнөх сарын ханшаас 6.6 хувиар өссөн өндөгний үнэ, кг тутамдаа 50-150 төгрөгөөр дээшилсэн гурилын ханш яагаад нөлөөлөөгүйг асуух нэг нь ч бий. Мөн ургацын улирал дуусч хүнсний ногоо өдрөөс өдөрт 50-100-аар нэмэгдэж байхад манжин, луувангийн үнэ өмнөх долоо хоногийнхоос 3.5-6.2 хувиар өслөө гэх тоо бас цохиж явах юм.

Хотын захын хүнсний захуудаар явж ногооны үнэ сураглахаар буусан биш өгссөн л үзүүлэлттэй. Сарын өмнө 1200 төгрөгөөр авч байсан кг лууван 1300, 1300 төгрөгийн манжин 1400-1500 болсон байсныг хэдхэн хоногийн өмнө “Хүчит шонхор” захын лангуун дээрээс харсан юмсан.


URL:

Сэтгэгдэл бичих