Монголын топ банкууд аврал эрж байна
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал “Монголын томоохон дөрвөн банкны хоёр нь тун сул дорой, эмзэг байна. Өөрийн хөрөнгө өчүүхэн, хадгаламж хумигдаж, зээлийн эрэлт эрс нэмэгдэж байгаа учраас хөрөнгийн асар их хомсдолд ороод байна. Банкны активын 21 хувийг Монголбанк үндсэндээ өмчилж байна. Манай арилжааны хэдэн банкны Төвбанкнаасаа хамаарах хамаарал Грекээс илүү болчихоод байна” гэж мэдэгдсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр арилжааны банкуудын нийт актив энэ оны есдүгээр сарын 30-ны байдлаар 18.1 их наяд төгрөг болжээ. Үүний 21 хувийг Төвбанк эзэмшдэг юм байна. Монгол Улсын гол дөрвөн банк болох “Хаан”банк 2.7 их наяд, Худалдаа хөгжлийн банк гурван их наяд, “Голомт” банк 2.3 их наяд, Хас банк 1.4 их наяд төгрөгийн активтай байгаа аж.
Монголбанкны хяналт шалгалтын хэлтсийн захирал Д.Батмөнх “Банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын зохистой харьцааны доод үзүүлэлт 41.3 хувьд хүрсэн нь зохистой харьцааны доод хэмжээнээс 15.3 хувиар илүү байна. Өнөөгийн банкуудын гэнэтийн гарах урсгал, төлбөрийн чадварын хүндрэл, хөрвөх чадварын эрсдэлийг даах чадвар сайн байгааг илэрхийлж байна. Банкны салбарын цэвэр ашиг 2013 оны аравдугаар сарын байдлаар 231.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 64.1 хувиар өссөн үзүүлэлт юм” хэмээн мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын гаргасан мэдээлэлд Төвбанк дээрх тайлбараар хариу барив. Өөрөөр хэлбэл, Монголын банкууд айдгаа авдартаа хийсэн гэж Монголбанк үзэж байгаа юм. Гэвч ямар учраас эрхэм парламентч ийм мэдээлэл хийх болов, аль банк яагаад хүндхэн байдалд байгааг нь нэр зааж байгаад хэлэх нь зохистой гэж үзэх хүмүүс ч бас байна.
Түүний хэлсэнчлэн Монголын банкуудын Төвбанкнаасаа хамаарах хамаарал Грекээс ч дор орсон. Тэгвэл Грект чухам юу болсон бэ. Эртний түүх соёлоороо гайхагдсан энэ улс долоон жилийн өмнө эхэлсэн дэлхийн эдийн засгийн хямралаас хойш л өөдлөхөө больсон юм. Тэдний дампуурал өдгөө Европын өрийн хямралын нэгэн томоохон хэсэг болж хөгшин тивийг тэр чигт нь дэгээдэж унагахад хангалттай хүрэлцэхээр болжээ. 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл тус улсын эдийн засгийн бараг гуравны нэг орчим хэсэг нь уналтад ороод байна.
Монголд арилжааны банкууд хүндхэн байгаа гэж парламентын гишүүн маань мэдэгдэх зуур Хятадад ч бас байдал таатай бус байгаа бололтой. 2007-2008 онд дэлхийн эдийн засгийн хямрал ид хүчээ авч байхад Хятадын тэргүүлэх банкуудын өр огцом өссөн байна. Дэлхийн эдийн засгийн хурд буурахад Хятадын банкууд эдийн засгийн тогтвортой өсөлтөө хангахын тулд зээл олголтоо ч дээд хэмжээнд нь хүртэл нэмсэн юм. Гэвч банкууд зарим зээлээ санхүүжүүлэх чадамжгүй болсон байх вий гэсэн болгоомжлол ч бий. Хятадын банкууд дахь найдваргүй зээл өнгөрсөн зургаагаас есдүгээр сард 563.6 тэрбум юань болж өсчээ.
эх сурвалж: uuniimedee.mn
URL: