Барилгынхныг ингэж “базаж” болно
Иргэдийн хамгийн ихээр итгэл алдарсан салбар бол барилга. Барилга босох хугацаанд хэн ч, хаана ч хохирох эрсдэл бий. Өөрөөр хэлбэл, барилга дээр ажиллаж байгаа ажилчин, дэргэдүүр нь явж байгаа энгийн иргэд гэмтэж бэртэх, амь насаа алдахыг үгүйсгэхээргүй байдалд бид эвлэрчихэж. Барилга нь бослоо гэхэд үнэ төлбөр нь тэнгэрт хадна. Нэг насныхаа хоолыг хугасалж зээл тавиад оруут чанаргүй барилга угтана. Бас дээр нь болоогүй талбайн хэмжээгээрээ захиалагчдаасаа 4-40 сая төгрөгийг завшдаг нарийн аргатай болсныг саяхан ШӨХТГ-аас мэдэгдсэн. Ийм байдалд манай толгой компаниудаас эхлэн жижиг нь ч амташсан гэдэг. Гэхдээ тэд бүгдээрээ чанаргүй барилга барьдаг гэвэл ташаа ойлголт ажээ. Сүүлийн жилүүдэд төрийн байгууллагууд ажилтнууддаа зориулж орон сууц бариулах болсон. Тэгвэл манай компаниуд хуулийн байгууллагын орон сууцыг “өөрөөр” барьдаг юм байна.
Салбартаа багагүй зартай “Өндөр буянт” холдинг нийслэлийн хэд хэдэн дүүрэгт орон сууцны хотхон барьж буй. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Сэлбэ голын эрэг дагуу цагдаагийн ажилтнуудын 212 айлын орон сууц ямар ч асуудалгүйгээр хэзээ мөдгүй ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэ байрыг түр орхиж “Өндөр буянт” холдингийн асуудалтай барилгуудын талаар товчхон сөхье.
Уг компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд “Оргил стар” хотхоныг барьж буй. Өнгөрсөн онд ашиглалтад орохоор товлосон байсан ч одоо хүртэл байрандаа орж чадаагүй хэмээн захиалагчид нь ШӨХТГ-т хандахдаа тулжээ. Жил дамнан захиалагчдаа хүлээлгэж байж энэ сард оруулна хэмээн мэдэгдсэн ч дахин хойшилж ирэх хоёрдугаар сард байраа өгнө гэжээ. Туул голын хөвөөнд Оргил рашаан сувиллын хажууд худалдаа үйлчилгээний төвд ойрхон байрлах, тохь тух бүхий давхартаа гаражтай, хатуу хучилттай зам, авто ил зогсоол, газар доорхи 350 автомашины дулаан гаражтай. Өндөр настан болон хүүхдүүдэд зориулсан амралтын болон тоглоомын талбай, усан оргилуур бүхий ногоон байгууламжтай хэмээн сурталчилж байсан ч газар дээрээ чанаргүй материалаар барьж буйг иргэд хэлж буй юм. Түүнчлэн ШӨХТГ-аас орон сууцны ам метрийн талбайг шалгаж эхлэхтэй холбогдуулан иргэд тус компанийн барьсан “Улаанбаатар” их дэлгүүрийн зүүн тал дахь “UB town” хотхоныг шалгуулах хүсэлт гаргах болжээ. Баянзүрх дүүргийн тавдугаар хороо Кино үйлдвэрийн ард байрлах “Happy town” хотхоныг ч нэрлэж болно. Өнгөрсөн наймдугаар сарын эхээр уг хотхоны барилгын 16 давхраас туслах ажилтан нь унаж амиа алдсан юм. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал хангаагүйгээс оюутан залуу амиа алдсан гэдэг. Түүнчлэн Тусгаар тогтнолын ордныг барьж байхад дөрвөн давхраас бас нэгэн ажилтан унаж гэмтэж байсан билээ.
Харин цагдаагийн ажилтнуудын орон сууцны барилгын ажил дуусах шатандаа оржээ. Ихэвчлэн Эрүүгийн цагдаа болон Хөдөлгөөнт эргүүлийн ажилтнуул орохоор захиалга өгчээ. Энэ барилгын хувьд хамгийн хямд өртгөөр, хамгийн хурдан хугацаанд ажлаа гүйцэтгэж буй хэмээн онцолж болох. 2012 оны дөрөвдүгээр сард ажлаа эхлүүлсэн бөгөөд энэ ондоо багтаахаар төлөвлөж буй. Ам метр нь 820 мянган төгрөг. Хамгийн гол нь чанарын өндөр төвшинд баригдаж буйг захиалагч талынхан онцолж байгаа юм. Барилгын явцад ямар ч зөрчил дутагдал гараагүй, ажил цалгардаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаагүй гэнэ. Үүнийг батлах нотолгоо нь барилгын ажлын бичлэг гэвэл та итгэх үү. Захиалагч тал болох ЦЕГ-аас барилга эхлэхтэй зэрэгцэн хяналтын баг томилжээ. Мэдээж чанартай барилга бариулахын тулд шүү дээ. Эрүүгийн цагдаа, Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас орсон таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарсан байна. Тэд барилгын ажлын явцыг камераар бичиж хадгалахаас гадна өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж иржээ. Стандартын дагуу барьж буй эсэх, чанартай материал хэрэглэж байгаа зэрэг цахилгаан, дулаанаар хангах асуудлыг ч хариуцсан байна. Ялангуяа барилгын үндсэн суурь, тулгуурыг цутгах явцад захиалагч талын хяналтын багийнхан 24 цагаар ажиллажээ. Мэдээж ийм нөхцөлд чанарын асуудал яригдахгүй, ам метр талбайн бүрэн эсэхэд эргэлзэх шаардлагагүй аж. Түүнчлэн “Өндөр буянт” холдингоос долоо хоног бүр хяналтын багийнханд барилгын материал, санхүүжилт зэрэг холбогдох мэдээллийг өгдөг болохыг зарим хүмүүс хэлж байсан юм. Иймэрхүү хяналтаар ажлаа гүйцэтгүүлж байгаад орон сууцны захиалагчид сэтгэл хангалуун байна лээ. Хяналтын баг ажиллах санаачлагыг ЦЕГ-аас гаргасан бөгөөд гүйцэтгэгч компани үг дүүгүй гүйцэтгэж байна. Энгийн иргэд ч гэсэн захиалга өгөхдөө ийм хяналт тавьбал болох биш үү.
Барилгыхан энгийн иргэдийн хувьд захиалгыг нь авчихаад хэдэн сараар хүлээлгэж, хүний алтан амь, эрүүл мэндээр сольж, бас тэгээд чанаргүй, найдваргүй барьдаг хэрнээ хуулийн байгууллагад тушаал биелүүлэх мэт аашилдаг ажээ.
эх сурвалж: zuuniimedee.mn
URL: