Ерөнхийлөгч гишүүдийн давхар дээлийг дан болгож чадах уу

УИХ-ын гишүүдийг давхар дээлтэй халууцахыг хамгийн их эсэргүүцдэг хүн бол Ерөнхийлөгч. Тиймээс давхар дээлээ тайлах хэрэгтэйг нэг бус удаа сануулж байв. Түүний үг зөв гэдгийг УИХ- ын гишүүд хүлээн зөвшөөрсөн ч хэрэгжүүлэх гэж яарсангүй. Үүний баталгаа нь 11 яамыг 17 болгож 19 сайдын 17 нь УИХ-ын гишүүний давхар дээл өмссөн явдал байв. Сайд гишүүдийг удаан давруулахгүй бололтой. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг энэ долоо хоногт хэлэлцэхээр болжээ. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл, МАН-ын бүлгийнхний хоёр сайдыг огцруулах шийдвэр эрх баригчдыг сандаргаж бас шахалт үзүүлж эхэллээ. Тиймээс УИХ-ын зарим гишүүдээс уг хуулийн төсөл болон сайд нарыг огцруулах асуудлаар байр суурийг нь сонслоо.

Я.Содбаатар: -Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газар болон УИХ-ын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл оруулсан. Өнөөдөр хоёр сайдаас бусад нь УИХ-ын гишүүний ажлыг давхар хийж байгаа. Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүнийг давхар хашдагыг болиулах тухай хуулийн төсөл юм. УИХ дахь МАН-ын бүлэг үүнийг дэмжсэн. Хуулийг ердийн журмаар баталсан учраас хэрэгжүүлж эхлэх ёстой. Улстөрчид ч иргэд ч төрд засч сайжруулах олон зүйл байгааг шүүмжилж байна. Хэрэв энэ хууль 2016 оны долдугаар сараас хэрэгжиж эхэлнэ гэж үзвэл хуулийн төслийн ач холбогдол буурна. Энэ чинь бид байхдаа давхар дээлтэй байж болно, дараагийн хүмүүс ийм байж болохгүй гэж байгаатай адилхан сонсогдож байна. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхэлж хэрэгжүүлэх ёстой. Парламентийн засаглалтай орны хувьд үүнийг дэмжиж байна. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хашихаар ирцэд маш их нөлөөлдөг. Байнгын хорооны хуралдааны ирц хангалтгүй байна. Өнөөдөр 17 сайд УИХ-д байгаа учраас Засгийн газарт хяналт тавих боломжийг бууруулж байна.

Ё.Отгонбаяр:
-Засгийн газрын гишүүд бүгд УИХ-ын гишүүн болчихоор хяналтын механизм алдагдаад байна. Өөрөө өөрийгөө хянана гэж байхгүй шүү дээ. УИХ- ын 17 гишүүн сайд хийж байна.Би УИХ-ын гишүүн биш сайд байсан. Тэгэхэд өглөөнөөс орой болтол яамандаа суудаг байлаа. Одоо давхар гишүүн сайд хийж байгаа хүмүүс нэг ажлыг нь цалгардуулж байгаа эсвэл хоёуланг нь гурилдаж байгаа. Саяхан Р.Амаржаргал гишүүн хариуцлага нэхэж өргөдлөө өгсөн. Засгийн газар нь хариуцлага хүлээхгүй бол танхимын гишүүний хувьд хариуцлага хүлээх санал дэвшүүлсэн. Эрх баригчид олонхиороо аваад үлдлээ. Тэгвэл эдийн засгийг одоогийн байдалд хүргэсэн хоёр гол яамны сайдад манай бүлгээс хариуцлага тооцохоор ярьж байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан нарыг огцруулахаа бүлгийн гишүүд мэдэгдсэн.

А.Бакей:
-Сайд нарыг огцруулах шийдвэр УИХ-ын гишүүдээс гаргасан тохиолдолд долоо хоногийн хугацаанд хэлэлцэх ёстой. Энэ хугацаанд хэлэлцэхдээ тухайн сайд аль байнгын хороонд хамаарахаас шалтгаалан чиглэлийн байнгын хороонд нь асуудлыг хэлэлцэнэ. Жишээ нь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг Эдийн засгийн байнгын хороонд Сангийн сайд Ч. Улааныг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэж санал дүгнэлтээ УИХ-д танилцуулна. Өнөөдөр манай орны эдийн засгийн байдал муудаж байгаа. Энэ үед боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа. Дөнгөж ажил аваад сайдууд нэгдэж эхлэнгүүт огцруулах асуудал ярьж маргаан дэгдээж байгаа нь тийм ч таатай санагдахгүй байна.

“Шударга Ёс” бүлгийн ахлагч Н.Батцэрэг: -Бид Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Энэ долоо хоногийн байнгын хорооны хуралдаан тодорхой байр суурь илэрхийлнэ. Хуулийг хэрэгжүүлж эхлэх хугацааны тал дээр ярилцах асуудал бий. Энэ төслийг Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр одоогийн байгаа зохицуулалтын хүрээнд хийж болохоор харагдаж байна.

С.Ганбаатар: -Энэ тухай хэвлэлээс уншлаа. Хоёр сайдыг огцруулахтай холбоотой асуудлаар бие даагчдын зөвлөл хуралдаж, тодорхой байр суурь илэрхийлнэ. Бие даагчдын зөвлөлөөс Ерөнхий сайдыг огцруулах талаар хоёр удаа албан бичиг өргөн барьсан. Хоёр сайдыг бид нарийвчлан судлах ёстой. Энэ бол кабинетын хариуцлага байх ёстой. Нэг сайдын хариуцлагаас болж нөхцөл байдал хүндэрсэн бол сайдад хариуцлага тооцох ёстой. Харин Засгийн газрын үйл ажиллагааны алдаанаас ард түмэнд хохирол учирсан бол кабинетаараа хариуцлага хүлээх ёстой.

Ц.ОЮУНТУНГАЛАГ
 

URL:

Сэтгэгдэл бичих