Монгол судлалыг хөгжүүлэх УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийв
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр Төрийн ордны “Б” танхимд хуралдлаа.
Хуралдаанаар “Монгол судлалыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Гишүүн Ё.Отгонбаяр монгол судлалыг хөгжүүлэхэд 2014 онд улсын төсөвт хэдэн төгрөг тусгасан талаар тодруулж, гадаадын их, дээд сургуулиудын монгол судлалын төвүүдийг хэрхэн дэмжих талаар тодруулав. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Ургамалцэцэг, 2014 онд монгол судлалыг хөгжүүлэхэд 2.5 тэрбум төгрөг тусгах байснаас 800 сая төгрөгийг зарцуулахаар төлөвлөсөн гээд Элчин сайдын яамдаар дамжуулан монгол судлалын төвүүдийн мэдээллийг цуглуулж судалгаа хийж байгаа гэв.
Гишүүн А.Тлейхан Шинжлэх ухааны академийн доктор, профессоруудтай энэ асуудлаар санал солилцсон, монгол судлалын асуудлыг зангидан нэгтгэх, тогтвортой хөгжүүлэхэд Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайдын дэргэд байгуулах нь Монголын түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой гэсэн бол гишүүн О.Баасанхүү Монгол Улс цөөхөн хүн амтай, бидний эргэн тойрон хилийн чанадад Тува, Буриад, Уйгур гээд олон үндэстэн, ястанууд байдаг, монгол судлалыг Засгийн газрын хэмжээнд авч үзэн, Ерөнхий сайдын дэргэд байгуулах нь зүйтэй гэлээ.
Ажлын хэсгийн саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн дэмжлэгийг авав.
Б.Туул МОНЦАМЭ
URL: