Ардын нам асуудлыг ард түмний талд шийдүүлнэ
Монгол Ардын Нам XXVII Их хурлынхаа шийдвэрийг сурталчилж, ард иргэдийнхээ үгийг сонсох нэг сарын аяныг өрнүүлж, МАН-ын удирдлага, Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүд 21 аймаг, есөн дүүрэг, бүх сумдад ажилласан. Уг аяны хаалтын үйл ажиллагаа өчигдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Аяны хүрээнд хөдөө орон нутагт ажиллах үед төр, засгийн үйл ажиллагааг шүүмжилж, бухимдсан иргэд олширчээ. Тиймээс ард иргэдийн хэлсэн асуудлыг МАН багцлан тоймлож, эдийн засгийг элгээр нь хэвтүүлсэн зарим сайдтай хариуцлага тооцохоор УИХ-д өргөн бариад байгаа юм.
Юуны өмнө иргэд үнэ нэмэгдэж, авдаг хэд нь цаас болон хувирч байгаад бухимдаж, энэ талаар шийдвэртэй арга хэмжээ авч өгөх талаар ажиллахыг сөрөг хүчнээс хүсч байна. Ам.долларын ханш тэнгэрт гарч, өдөр тутмын наад захын хэрэглээ талх, мах, өндөг гээд бүх л зүйлийн үнэ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа ч Засгийн газар нүдэн балай, чихэн дүлий сууна. Тэр ч байтугай бодлогоор шахам үнэ хөөрөгдөж, “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр нэрээр төсвөөс баахан мөнгө гаргасан ч үр дүн нь ард иргэдэд бус ашиг хонжоо хайсан хэдхэн хүнд хүрсэн гэж ард иргэд үзэж байна. Уг хөтөлбөрт гурван их наяд төгрөг гаргасан нь бүх хүнд дөрвөн жил зургаан сарын хугацаанд сар бүр 21 мянган төгрөг олгох хэмжээний мөнгө юм.
Эдийн засаг улам бүр элгээрээ хэвтэж байхад ирээдүйд төлөх их өр хуримтлуулж байгаад ард иргэд шүүмжилж байна. Өнөөдрийн байдлаар эрх баригчид их өрийн тал хувьтай тэнцэх буюу таван тэрбум ам.долларын “Чингис” бонд хэмээх өрийг босгож 1.5 тэрбумыг нь ямар ч хяналтгүй зарцуулж байгаа нь ард олны санааг зовоож байна. Эрх баригчид сонгуульд оролцохдоо төрийн албыг цомхон чадварлаг байлгана гэж амласан ч яамдын тоо олширч, сайдуудаасаа эхлээд төрийн алба улам “олуулаа”, улам бүр данхар болсоор байна. Ирэх оны улсын төсөвт л гэхэд дарга, сайд нарын гадаад томилолтын зардал 30 гаруй хувиар нэмэгджээ. Нэг жил 6 сарын дотор төрийн албан хаагчдын тоог 47 мянгаар нэмж, 187 мянгад хүргэсэн байна. Ирэх онд энэ тоо 3800- аар нэмэгдэх аж.
Ардын нам засаг барьж байхад оюутан бүрт өгч байсан 70 мянган төгрөгийг 90 мянга болгож өгнө, иргэн бүрт олгож байсан 21 мянган төгрөгийг 50 мянга болгож өгнө гэсэн сонгуулийн амлалтуудаа эрх баригчид ор тас мартсан байгаа нь ард иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Хууль шүүхээр түрий барьж барина, хорино, шалгана, цагдана гэсэн дарангуйлал гаарч, Ерөнхий сайдаасаа эхлээд Үндсэн хуулийн дээгүүр алхлах явдал хэвийн үзэгдэл болов.
Энэ мэт ард иргэдийнхээ гомдол, санал, бухимдлыг мэдэрсэн Ардын нам асуудлыг ард түмний талд шийдүүлдэг болгохын төлөө эрчимтэй ажиллаж эхлэв.
URL: