“Нарантуул” захын босс Ш.Сайхансамбууд халдахыг завдаж машиных нь шилийг хагалжээ
Нарантуул захын босс Ш.Сайхансамбууд могой жил тун ч ширүүн байгаа. “Нарантуул” төв захынх нь хүнсний павильон шатаж хэдэн тэрбумаар нь тоологдох эд хөрөнгийг үнс нурам болгочихоод удаагүй байтал Дэнжийн мянгад байрлах “Нарантуул-2″ зах нь бас шатаж багагүй өр барагдуулсан.
Хоёрын хоёр захын лангуу түрээслэгчдийн хэл ам, хэрүүл гомдол хэдэн жилдээ тасрахгүй гай учирсаныг зохиомол хэрэг гэж хардах нэгэн ч байна. Мань хүн хэнд ямар гэм хийчэхээд хорхойтой араанд нь зуугдаад байгааг мэдэхгүй ч Ш.Сайхансамбууг шоглосон хэрэг дахин гарчээ.
Түүнийг саяхан 120 мянгатад байрлах SS клубээсээ гараад гэр лүүгээ явж байхад нь “Ланд-круйзер-200″ маркийн ямар ч номер дугааргүй хоёр хар машин гүйцэн ирж машиных нь урдуур тэгнэн зогссон аж. Хоёр машин дотроос нилээд хэдэн залуучууд гарч ирэн түүний жолооч хамгаалагчтай нь барилцахад машин дотроосоо харж суусан Ш.Сайхансамбуу тэвчилгүй бууж бөөн зодоон өрнөжээ.
Ерөөд оны эхээр ганзагын наймаанд гахай цүнх чирэхдээ чирж, зодолдохдоо зодолдож явсан тэрээр мөчөөгөө өгөлгүй зууралдан хамгаалагч залуу, жолооч хоёртойгоо хүч хавсран хар машинтай залуучуудыг хангалттай гөвшиж, гэнэт өрнөсөн зодоон хар захын боссын ялалтаар өндөрлөсөн ч үнэтэй машиных нь урд салхиын шил, хажуу талын шилнүүд нь юу ч үгүй хагарсан байж.
Хэн нь үл мэдэгдэх залуучууд хоёр машинтай ийн дарснаас гадна зугтахдаа “Сайхансамбуу чи араа бодоорой, нэг л өдөр үхнэ шүү” гэсэнд хямарч амиа алдаж ч мэдэхээр байдалд орсон боловч Ш.Сайхансамбуу цагдаа сэргийлэх болоогүйгээр барахгүй 180 сая төгрөгийн үнэтэй машиныхаа хагарсан шил цонхыг өөрийнхөө мөнгөөр сольжээ.
эх сурвалж: ноцтой мэдээ сонин
URL: