Долоон буудлын Должин эмгэн
Барууны туршлага ярьсан ихэмсэг түшмэд долоон буудлын Должин эмгэн хэмээн хөхрөлдөх болж.
Долоон буудлын Должин эмгэнээс анкетын англи хэлтэй лидерүүд аргагүй тасархай юм аа.
Орчин үеийн улс төрчид олноосоо дэндүү хол тасарсныг долоон буудлын Должин эмгэнд тэдний илүүрхэж буй тэр их бардамналаас багцаалахад түвэггүй.
Жишээ нь пирамидын зургийг нүцгэн арабтай харьцуулж татахгүй бол пирамидын аварга нь илэрдэггүй. Лидерүүдийн ухааныг Должин эмээгийн ухаантай харьцуулахгүй аваас тэдний тасархай нь мэдэгдэхгүй. Лидерүүд “ Лидер ухааны дэргэд доодсын ухаан нойлоо нойл” гэж таашаал аваад буй тэдний нуугдмал сагсуу занг нь Должин эмгэн аль хэдийнэ мэдчихсэн яваа.
Гайхалтай нь долоон буудлын Должин авгайн хорин жилийн өмнө бавтнаж явсан үг өдгөө нэг мэдэхнээ төр засгийн үг болчихсон тууж явах юм. Долоон буудлын Должин авгай хэмээх доодос бвдний үг юу гэж байв?
Бэлэн мөнгө тараахын оронд ажлын байр өг. Мөнгөөр сонгуульдсан нэр дэвшигчийг хасъя. Аргагүйн эрхэнд авлига өгсөн хүнийг өршөөе. Тэрбумаар мөнгө идсэн этгээдээс улс юуны өмнө хохирлоо TOO ёсоор нь төлүүлье. УИХ-ын гишүүн бүрт сая төгрөг өгдгөө боль. Энэ бүгд Должин эмээгийн үг байсан. Тэр одоо ч хэлж байгаа. Хойшид ч хэлэх болно.
Должин чавганцын үгнээс төр засаг угчуу сугчуу суйлдаг болсон нь баярлууштай. Төр засаг бэлэн мөнгө цацахаа багасгалаа.
Саяхнаас ажлын байр гаргах гэдэг болж. УИХ-д дахин залрахын тулд сая саяар амалсан мөнгөө гадны өндөр хүүтэй зээлээр тарааж байж өрний бөөс болсноо намууд юутай ч амаараа хүлээв. Должин чавганц уг нь аль эртнээс өрний бөөс болуузай гэж яншаад л байсан.
Сонгуулийн шинэ хууль батлагдаж, мөнгө тараасан нэр дэвшигчдэд хариуцлага хүлээлгэх хандлага бүтэл муутай ч явагдаж эхлэв. УИХ-ын гишүүд сая төгрөг халааслаад ямар ч тайлан тавилгүй бултдагаа болилоо. Аргагүйн эрхэнд авлига хээл хахууль өгсөн хүнийг шийтгэхгүй болох тухай яригдаж байна.
Мөнгө идсэн хулгайчийг шоронд цоожлохоосоо илүүтэйгээр юуны өмнө мөнгөө тоо ёсоор төлүүлж, улсыг хохиролгүй болгоё гэх Должин эмгэний үг хүчтэй яригдах боллоо. Энэ асуудлууд хэрэгжиж эхэлбэл “энэ бол Должин эмгэний үг биш барууны сэтгэлгээтэй лидерүүдийн үг” гэж онгирох нь хамаагүй. Должин эмгэн “миний үг” гэж булаацалдахгүй монгол чавганцын жудаг гаргана.
Должин эмгэний үгэнд арав хорин жилийн дараа бус эхнээсээ орсон бол хохирол бага гарч, хөгжил түргэсэх байж. Долоон буудлын Должин авгайн бодол цаг хугацааны шалгуурт зөвдөж буй нь илэрхий ч лидерүүд ичээд “Должин авгайнх зөв, биднийх буруу байжээ” гэж хүлээх соёл лидерүүдэд хараахан суугаагүй л байна. Тийм соёл угаасаа манай дарга нарын удамд байгаагүй юм чинь арга ч үгүй биз.
УИХ-ын гишүүн, сайдын албыг давхар хашдагаа боль. Эрхэм гишүүдийг эгүүлэн татдаг болъё гээд Должин авгай долоон буудалд чалчсаар л явна. Ямар ч нийгэмд Должин авгай нар мөнх амьдардаг. Харин тэдний үгийг тоохгүй дооглож, таашаал авдаг лидерүүд гол төлөв нийгмээс хаягддаг. Өнгөрсөн зууны Должин авгай нар нэгдэлд орохгүй гэж туйлж байсан.
Тэд эзэнгүй мал сүрэг, эзэнгүй өмч хөрөнгө амархан үрэгдэнэ гэж цуурч, социалист нийгэмд адлагдаж явсан хүмүүс. Нэгдлийн хөрөнгө 30 жил шамшигдаад 1990 онд арга буюу Должин эмгэн нарын ёрлосноор тарсныг хойч хойчи лидерүүд санаж явахад илүүдэхгүй.
Өнөөдөр нийслэл маань нүүрсний хөөт утаанд дарагджээ. Элэг уушгины хавдар урьд хожид үзэгдэж сонсогдоогүй сэтэрхий уруултай, зүрхний гажигтай хүүхэд. Өөрсдийн амь нас ийм аюулд өртсөн юм чинь монголчууд ёстой юу чаддагаа шавхах сорилттой тулгарчээ.
Долоон буудалд Должин чавганц утаанд хордсон уушгиа хэржигнүүлэн,
-Эрхэм гишүүд ээ, гүйцэд шаталттай коксжих түлшээ өгөхгүй бол ямар ч ид шидтэй зуух хэчнээн тараагаад ямар хэрэг байгаа юм бэ? Бидний төлөө та нарын өч төчнөөн хөрөнгө зарж хийсэн нөгөө үнэтэй зууханд чинь түүхий нүүрсээ шатаасаар л байх болно шүү дээ хэмээн улстөржиж сууна.
Ардчиллын 24 жилд Монгол Улс шальтай хөгжсөнгүй. Харин Должин эмгэн дориун боловсорчээ. Эмгэний хуучилж буй яриаг УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбатын мэдэгдэлтэй жишье. Должин эмгэн юу гэж вэ.
-Утаа бага ялгаруулдаг гүйцэд шаталттай түлшний үйлдвэр барихад төр засаг 20 тэрбум төгрөгийн тендер зарласан. Энэтендерийн сургаар өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан эдүгээ УИХ-ын гишүүний сэнтийд хэл амтай заларсан Ч.Хүрэлбаатар амь нэг алтан нутаг О. Болдбаатарынхаа “Аморе интернэшнл” компанид утаагүй түлшний үйлдвэр барих тендерийг авч өгчээ. Авч өгөх нь яахав. Үүнээс хойш гурван жил гаруй хугацаа өнгөрсөн авч өдгөө утаагүй түлш байтугай 20 тэрбум дахин шог болсон сурагтай гэж Должин эмгэн санаа алдаж суухад УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “ …нүүрснээс хий боловсруулах үйлдвэрийг Багануурт барьж, Улаанбаатар руу хийн хоолой татах ажлыг гурван жилийн дотор Засгийн газар хийх ёстой. Үүний дараа Улаанбаатарт айлуудын янданг шат дараатай буулгана. Ингэж байж бид энэ утааны асуудлыг шийднэ. Тиймээс үүнийг шахаж хийх ёстой ажлын эхэнд тавьж байгаа юм” гэж онолдов.
Сонины нүүр дүүрэн цэцэрхсэн түүний ярилцлагад коксжих түлшний үйлдвэрийг гурван жил гаруй гацааж, 20 тэрбум төгрөг залгисан “Аморе интернэшнл” компанийг дурсалгүй тойрсныг бодоход эрхэм гишүүн гурван жил гаруйн өмнө өгсөн 20 тэрбум төгрөгнийхөө авцаанд дээрх компаниас коксжих нүүрс хормойг ч авч чадахгүйгээ мэдээд Багануурт нүүрснээс хий боловсруулах үйлдвэр бариад Улаанбаатар хүртэл хийн хоолой тавих үлгэр хүүрнэв гэлтэй.
Гашуун утаанд өнөөдөр бүтэж үхэх гэж байхад гурван жилийн дараа ашиглалтад орох үйлдвэр, хийн хоолойн тухай зөгнөл сонсох бүр ч гашуун. Должин эмгэн АН-ыг үлгэр ярихаа цэглэж, өнөө маргаашийн утааг багасгахгүй аваас дахин олонх болох тухай саналтгүй гэж байна.
Долоон буудлын Должин эмгэн та нарт гүйцэгдэхгүй шүү.
URL: