Сирийн агаарын дайралтад 135 хүн амиа алдав
Сирийн Засгийн газраас илгээсэн армийн нисдэг тэрэг өнгөрсөн ням гарагт улсынхаа хэд хэдэн хотод агаарын дайралт хийжээ. Эл дайралтын улмаас нийт 135 хүн амиа алдаад байна хэмээн Британи дахь хүний эрхийн хорооноос мэдээлж байна. Бөмбөгдөлтөд нийт 12 хот, дүүрэг өртжээ. Хамгийн их хохирол амссан нь Сирийн баруун бүсэд байдаг Алеппо хот аж.
Энд нийт 83 хүн амиа алдаж, 50 гаруй хүн шархадсан байна. Нас барагсдын дийлэнх нь хүүхэд эмэгтэйчүүд байжээ. Сирийн сөрөг хүчнийхэн болон ард иргэд нь эдгээр дайралтын ард Ерөнхийлөгч Башар аль Ассад байгаа хэмээн шүүмжилж байгаа. Гэвч тус улсын Засгийн газар болоод армийнхнаас одоохондоо ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Армийнхан нисдэг тэргээр тэсрэх бодис болон тос бүхий торх хаясан хэмээн гэрчүүд мэдээлсэн. 2011 оны гуравдугаар сард эхэлсэн Сирийн иргэний дайнд ойролцоогоор 100 мянга гаруй хүн амиа алдсан болохыг НҮБ-аас мэдээлжээ.
эх сурвалж: Eagle.mn
URL: