Хамгийн олон машинтай эрхэм

3c4649 1829 x678

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг “Хобби” буландаа урилаа. Түүнд дэлхийд худаалдаанд гарч байгаа болон удахгүй гарах бүх төрлийн авто машин байдаг гэнэ.

Гэхдээ загвар хэлбэрээрээ шүү. Түүний хоббигоор хамтдаа аялцгаая.

Дуучин Д.Болдын хобби нь машин. Түүнд “Хаммер”, “Lexus”, “Range rover” зэрэг таван төрлийн машин байдаг. Дуучин маань өглөө бүхэн ямар ажил амжуулахаасаа хамааран аль машинаа унах вэ гэсэн сонголт хийдэг гэсэн юм.

Сайхан машин унаад хотын гудамжаар салхи татуулан давхих нь түүний хувьд амьдралын сайхан мэдрэмжийн нэг гэсэн.

Харин эдгээр машинаас гадна түүнд дахиад 100 гаруй машин бий. Мөн л загвар хэлбэрээрээ. Дуучин Д.Болдын сонирхолтой мөртлөө содон хобби нь энэ.

Түүнд яг одоо эрэлттэй байгаа болон удахгүй худалдаанд гарах шилдэг машинуудын бяцхан загвар байдаг. Хамгийн сүүлд цуглуулгаа тоолоход 100 давсан байжээ. Энэ хоббиг гэр бүлийнхэн болон найзууд нь дэмжиж цуглуулганд нь байхгүй загварын сувенир бэлэглэж, гэнэтийн бэлэг барьдаг гэсэн юм.

Тэрээр гадаадад явахдаа заавал сувенирийн дэлгүүр орох дуртай гэнэ.

Мөн тухайн онд худалдаанд гарах машины танилцуулга, сэтгүүлийг байнга авдаг гэсэн. Цуглуулгаа ажлынхаа ширээ болон гэртээ хадгалдаг ажээ. Түүний гэргий нь бяцхан машинуудынх нь сайн хамгаалагч гэсэн шүү. Учир нь байнга цэвэрхэн, үзэмжтэй харагдуулах үүргийг эхнэр нь хариуцдаг ажээ.

Түүний хобби нь зөвхөн машины загвар цуглуулахаар дуусдаггүй. Дуучин Д.Болд хүүхдүүдийнхээ хэрхэн өсч байгааг гэрэл зурганд буулгаж хадгалдаг гэнэ. Аяллаар явахдаа гэр бүл болон хүүхдүүдийнхээ жаргалтай агшинг фотогоор буулгах нь дээдийн жаргал гэсэн юм.

Тэрээр “Хүнд гэр бүл хамгийн чухал. Бидний хамтдаа өнгөрүүлсэн жаргалтай агшин зүрх сэтгэлд болон гэрэл зурагт л үлддэг” гэв. Мөн дэлхийн дурсгалт газруудаар аялж, зургийн цомгоо арвижуулдаг гэнэ. Түүнийг авсан зургууд хэдэн цомог дүүрэхээр олон болжээ.

Түүнээс гадна Монголын үзэсгэлэнт байгаль, уул хадны өвөрмөц тогтоц бүхий сонин, содон газрын зургууд түүний цуглуулгад түүх болон хадгалагдсаар байгаа ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих