-Молекулаас молиго Батбаяр болсон нь…
“Женко” Баттулга, Лу.Болд тэргүүтэй АН-ын сайд нар “Молекул” Батбаярын луйврыг хаацайлж байна
- Олноо “Молекул” хэмээн алдаршсан, УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярыг улстөрийн хүрээнийхэн үнэг шиг зальтай, зайтай нэгэн гэж тодорхойлохын зэрэгцээ хааяахан “Молиго” Батбаяр гэж өвөр зуураа хэлэлцэх болжээ. Үүний учрыг ухваас сонин түүх дурайж буй.
Молекул Батбаяр баяжих, авах гэсэн хүсэл шуналаасаа болоод байн байн хэл аманд өртдөг. Монголын Швейцарь гэгдсэн байгалийн гайхамшигт тогтоц бүхий Хөвсгөл нуурын экосистемийг эвдэх аюултай Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглахыг завдаж олны дургүйцлийг хүргэн, Баянхонгор аймаг дахь алтны ордын ашиглалт нь одоог хүртэл ард иргэд, нинжа нартай тулалдах талбар болоод байгаа билээ.
УИХ-д хэдэнтээ сууж, ардчиллын буянаар төрийн жолоо атгалцаж явсан энэ эрхэм авсан, хураасандаа ханадаггүй бололтой. Учир нь түүний хязгааргүй шунал хамтран хөрөнгө мөнгө босголцож, хувь нийлүүлж компани байгуулсан нөхдөө ч хулхидахад хүргэжээ. “Мо” хэмээн авгайлагддаг түүнийг эр хүн шиг тулхтай байна гэдэгт итгэж, олон хүн хувь заяагаа атгуулж явсан гэдэг. Гэтэл мань эр журмын нөхрөө ч, хамтарсан түншээ ч молигодохоос сийхгүй нэгэн бололтой.
Хэргийн учир нь гэвэл эрхэм “Мо”-г шударга хүн хэмээн итгэж, 2007 онд “Кашмир Концепт” нэртэй компанийг хамтран байгуулсан журмын нөхөр, хувь нийлүүлэгчдээ өр зээлэнд унагаж байгаа сурагтай. Молекул Батбаяр болон түүний хөвгүүд 2009 онд энэ компанийн нэр дээр ихээхэн хэмжээний буюу 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг “Голомт” банкнаас авчихаад, харин зээлээ эргэн төлөх болохоороо хувьцаа эзэмшигчдээрээ төлүүлэхээр улайрах болжээ. Мэдээж хэн ч аваагүй мөнгөний төлбөрт унахыг хүсэхгүй. Тиймээс уг зээлийн мөнгө “Кашмир Концепт” ХХК-ийн дансаар орж ирээгүйг сайтар мэдэх нэгэн хувь нийлүүлэгч нь хэргийн учрыг олохоор “Голомт” банк, УМБГ гээд хөлөө хүрэх газраар явжээ. Хамгийн сонирхолтой нь Засгийн газрын ноолуурын зориулалттай бондын зээлийг дамжуулан олгосон “Голомт” банк өнөөдрийг хүртэл түүний албан ёсны мэдээлэл авахаар хандсан хүсэлтэд ямар ч хариу өгөөгүй байна.
Сү.Батболдын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн Ноос, ноолуурын салбарын үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын бондын зээл нь араасаа олон хэл ам дагуулсан юм. Зарим хүн энэ зээлийг томчууд өөрсдийн бий болгосон “хулхи” компаниудаар дамжуулан хувьдаа авцгаасан гэж харддаг. Ямартай ч уг бондын зээлийн үр дүнд Монгол Улсын ноолуурын салбар цойлж овойтлоо хөгжсөн зүйл үзэгдэхгүй л байгаа юм. Тэгвэл эрхэм Мо-гийн заль мэх ч энэ мөнгөний нэг хэсгийг олж авахын төлөө уралдсан байна. Хэргийн нарийн учгийг ухаж үзвэл, мөн баримт сөхвөл дараах зүйлс тодорхой болж байна. Үүнд:
1. Молекул Батбаяр өөрийн хүүгийн нэр дээрх “Спейшл Интернэшнл” гэх компанидаа уг бондын зээлээс “Кашмир Концепт” ХХК-ийн нэрийг ашиглан 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан байна. Тэгэхдээ энэ сүйхээтэй эр “Кашмир Концепт”-ын нэр дээр банкнаас гарсан 5 тэрбум төгрөгийг уг компанийн дансанд ч оруулалгүй замаас нь гулгуулсан гэх.
2. Түүний заль мэх ингээд дуусахгүй. Уг нь бол “Спейшл Интернэшнл” нь “Кашмир Концепт” компанийн 45% л эзэмшдэг байна. Тэгсэн атал Молекул Батбаярын мэргэн санаагаар “Спейшл Интернэшнл” нь гэнэт томорч, өөрийгөө “толгой” компани хэмээн өргөмжилж, түүнийг нь ч зээл олгогч Голомт банк зөвшөөрсөн байдаг. Гэтэл их хэмжээний зээлийг ийм замаар авахыг “Кашмир Концепт” компанийн бусад хувьцаа эзэмшигчид болох дийлэнх олонх нь буюу 55% зөвшөөрөөгүй байжээ. Мо тэднээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзсэн бололтой.
3. Монгол Ноолуур Нэгдэл ХХК-ийн тодорхойлтоор Засгийн Газрын бондоос “Кашмир Концепт” ХХК-ийн ноолуурын үйлдвэрийг /ээрэх , сүлжих / хөгжүүлэх зорилгоор 5 тэрбум төгрөгийн олон жилийн хөнгөлөлттэй зээлийг олгосон боловч уг зээл зориулалт бусаар зарцуулагдсан нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, 5 тэрбум төгрөгийн зээл нь “Кашмир Концепт” ХХК-ийн ноолуурын үйлдвэрт зарцуулагдаагүй. Уг үйлдвэр нь одоо дампуурч ажилчдаа халж, хаалга үүдээ барьчихааад байна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг эргэн төлөгдөх баталгаагүй ийм маягаар цацаж болно гэж үү? Энгийн иргэн Дорж “Голомт” банкнаас зээл авахын тулд далан булчирхайгаа тоочиж, бараг өмдөө шувтлуулах нь халаг юм болно. Харин өөрийгөө “том улстөрч” хэмээн дөвийлгөх Молекул Батбаяр бол эргэн төлөх баталгаагүйгээр зээл авсан л байх юм. Тэгээд ч энд яригдаад байгаа “Кашмир Концепт” ХХК нь өөрийн байргүй, дүрмийн сан нь ердөө л 954 сая төгрөг, 2007 оны 1 сард байгуулагдсан, ажлын туршлага ч багатай гэх.
4. Дээрх байдлаас дүгнэлт хийж, цааш нь ухаж үзэхэд нөгөө хэл ам татлаад, Хөвсгөлийн экосистемд заналхийлээд байгаа Хөвсгөлийн Бүрэнхааны фосфоритын ордын лицензийг “Спейшл Интернэшнл” ХХК эзэмшдэг болох нь тодорсон. Уг компани нь Батбаярын Батхишигийн удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулдаг нэртэй ч Батхишигийн ард эрхэм Мо эцгийн хувиар арга ухаанаа уралдуулж суугаа нь тодорхой. Харин энэ лицензи ямар арга замаар, юуны учир Мо-гийн гарт орсоныг нилээд сайн судлах хэрэгтэй юм билээ. Зарим хүний ярианаас үзэхэд энэ лицензийг хууль бусаар эзэмшсэн гэх. Тэгвэл Засгийн газрын ноолуурын салбарт зориулан олгосон 5 тэрбум төгрөгийн зээл нь Бүрэнхааны фосфоритын ордыг ашиглахад зарцуулагдсан юм биш биз? Ингэж дураараа аашлаж, дунд чөмгөөрөө жиргэхийн тулд Мо-д нөлөө бүхий түшиг тулгуур, хань хамсаа хэрэгтэй нь ойлгомжтой. Дахиад учиг хөөвөл Мо-гийн хүү Батхишигийн нэр дээр байдаг “Спейшл Интернэшнл” ХХК нь “Талст Маргад” ХХК, “Сос Медика Монголиа” ХХК-ийн эмнэлгийг АН-ын гишүүн Лу.Болдтэй хамтарч эзэмшдэг юм байна. Энд л Мо-гийн уснаас хуурай гараад байдгийн учир байгаа болов уу. АН төрийн эрх барьж байгаа, мөн эрхэм Мо-гийн түншүүд дандаа л АН-ын том гарууд. Тэгвэл АН-ын гишүүн биш энгийн иргэд хохироод, хулхидуулаад сууж байгаа нь өнөөгийн төрд хамаагүй хэрэг үү? Төрийг энгийн иргэд, ард түмэн сонгож байгуулдаг гэдгийг мартаагүй д байлтай, өнөөгийн АН-ынхан.
5. Мэдээж уншигч Та юун “Талст маргад” ХХК гараад ирэв гэж гайхах биз. Тэгвэл Молекул Батбаярыг УИХ-ын гишүүн, Байгаль орчны байнгын хорооны дарга байхад “Талст Маргад” ХХК нь төрөөс дэмжлэг авч байсан гэх. Хамгийн инээдтэй нь уг “Талст Маргад” ХХК-ийн эзэн нь Мо.Батбаяр өөрөө болон түүний хүүхдүүд байдагт оршино. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй төрийн түшээ хүн байж болох уу?
6. Молекул Батбаярын “молиго” үүгээр дуусахгүй. Тэрбээр 2008 онд Баянхонгор аймагт “Женко” Баттулгатай АН-аас нэр дэвшихдээ Баянхонгорчуудын ноолуурыг өндөр үнээр авна гэж худал амлан, УИХ-д сонгогдсон. Тэгсэн атлаа 2008-2012 онуудад Баянхонгор аймаг руу ганц ч удаа очиж сонгогчидтойгоо уулзаагүй. Баянхонгорчууд 2008 онд өр зээл тавьж, ноолуураа бэлдсэн ч Мо.Батбаяр худалдаж аваагүй тул маш ихээр хохирч бухимдацгаасан. Телевиз радиогоор түүнийг хайлгаж, сонгогчидтойгоо ирж уулзаач хэмээн хэлүүлж байсан удаатай. Ингээд эрхэм Мо Баянхонгор руу очих нүүргүй болсон гэдэг.
7. Молекул Батбаяр журмын буюу нэг намын нөхдөө сайн ашиглаж чаддаг нэгэн. Тэрбээр хамтрагч болох АН-ын гишүүн Лу.Болдыг өмнөх Засгийн Газрын бүрэлдэхүүнд байх үед буюу Батлан Хамгаалахын Сайдаар ажиллаж байхад нь тус яамны ажилчдын орон сууц барих ажлыг лоббидон авчээ. Харин уг байр одоог хүртэл ашиглалтад ороогүй л байна. Тэгсэн ч гэсэн одоогийн Гадаад харилцааны сайд Лу.Болд журмын нөхрөө “хайрлаад уу”, эсвэл Мо.Батбаярт ямар нэгэн өртэйдээ барьцаалагдаад уу, Гадаад Харилцааны Яамны Еслол хүндэтгэлийн өргөөний барилгын ажлыг өгчихөөд байгаа. Барилга байшин барьдаггүй, хүлээсэн үүргээ биелүүлдэггүй хүнийг ийн өөгшүүлээд байгааг бодоход Лу.Болд, Мо.Батбаяр хоёрын хооронд их нарийн учиг шижим байгаа бололтой.
8. Мо-гийн лобби энүүхнээр дуусахгүй. Түүнд “Женко” Баттулга гэж том хаалт байдаг бололтой. Учир нь ноос, ноолуурын бондын зээлийн асуудлыг хянаж шалгаж байх үүрэгтэй салбарын сайд “Женко” Х.Баттулга асуудлыг огт сонирхохгүй, судлахгүй байгаа бололтой. Олон нийт түүнийг шударга хүн гэж хардаг, гэтэл үнэн хэрэгтээ тийм биш ажээ. Мөн л намын харьяалал, тогоо шанагааар дамжуулан асуудлыг шийддэг бололтой. Татвар төлөгчдийн 5 тэрбум эргэн төлөгдөх баталгаа байхгүй болчихоод байхад намынхаа журмын нөхөр Молекул Батбаярын толгойг илээд л сууж байх шиг. Тэгээд ч Молекул Батбаярт Засгийн газрын уг хөнгөлөлттэй зээлийг олгосон Лу.Болд нь саяхныг хүртэл “Голомт” банкны эзэн байсан. Тэд бүгд АН-ынхан. Ингээд бодоод үзэхээр Молекул Батбаяр Ардчилсан Намын нөхөдтэйгээ нийлж, улсын төсвөөс, татвар төлөгчдийн халааснаас нэг бус удаа хулгай луйвар хийж байгаа бололтой. Ийм хүнийг “зайтай, зальтай” гэхгүй бол өөр хэнийг зайтай, зальтай гэх вэ? Тэрбээр өөрөө зайтайдаа сэтгэл ханахгүй, залгамжаа ч бэлдэж байгаа. Молекул Батбаярын хүү Б.Батбилэг нь өнөөдөр “Эрдэс Таван Толгой” Төрийн Өмчит Компанийн нэгэн даргаар ажиллаж, төсвийн багагүй мөнгийг захиран зарцуулах эрхийг эдэлж байна.
Тэгэхээр энд ч Мо-гийн гар хуруу дүрэгдээгүй гэх баталгаа байна уу? Цухас дурдахад, Молекул Батбаярын “Молиго” Батбаяр болсон түүх энэ буюу… Монголын төрд зүтгэж явсаныг нь бодоод өөр олон хүнийг хохироохоос нь өмнө АН, хууль хяналтын байгууллагууд арга хэмжээ аваасай. Татвар төлөгчид бидний мөнгийг буцаан авч өгөөсэй гэсэн үгээр энэхүү тэмдэглэлээ өндөрлөе.
URL: