Лам шампунь сонирхсон агшин /хошин фото/
Халимаг байсан бол угаахгүй юу
Үсээ хусуулж сахил санваар хүртсэн хоёр ламтан шампунь сонирхон зогсож байна. Угаах үс нь байдаг бол ч шампунь саван, хөөс, гель янз янзаараа өрөөстэй байх юм. Шампунь авахгүй ч хүн юм чинь сонирхож болно. Тэгээд үс гэдэг юм ганцхан толгой дээр байдаг ч юм биш. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 90-ээд онд П.Жасрай гуайг үсээ самнаж байхад нь “Танд самначихаар юм байна уу?” гэж хэлээд зангиагаа засч зүүжээ. Савыг нь хоосон буцаадаггүй П.Жасрай гуай “Өөрт чинь зангиа зүүх юм байна уу7” гэж хариугаа авсан гэдэг онигоо байдаг. Өл халзан Д.Ганболд, Ц.Өөлд гуай хоёр үсдэлцэж гэнэ. Хаана тэр вэ? гэсэн чинь саунд нүцгэлчихсэн тэр доогуураа үсдэлцээд байсан удаатай гэсэн явган шог ч тарсан л байсан юм.
Саадтай гарц
Зурагтаар харж байхад гадаадад элдэв тотгор бэрхшээл олдохгүй зориуд төмөр эгнүүлжж хөндөлдүүлж байж саадтай гүйлтийн тэмцээн зохион байгуулдаг бол манайд гудмандаа бэлэн байдаг. Энхтайваны өргөн чөлөөн, Улсын драмын эрдмийг театрын зүүн талд тавигдсан төмөр саадтай явган хүний гарцаар багашаархан охин ганц хайчилж харайгаад давчихдаг бол, 80 шүргэсэн өвгөн залуудаа цэрэгт модон морин дээгүүр үсэрч сурсан арга техникээ ашиглах шаардлагатай болдог. Уг нь гарц байсныг нь болиулж хашсан ч цагаа болоогүй байхад арилчихдаг цагаан шугам хяссан юм шиг баларч өгөхгүй байна. Монголчууд төрөлхийн зөрүүд ард түмэн. Хархорины гүүр, МУБИС-ийн урдах, Сансрын туннелийн орчим дахь нүхэн гарц, Нарны гүүрний явган зорчих хэсгийг тоож байгаа юм алга. Идшилж буй үхэр мэт урдах замаа ширтсэн шигээ машины урдуур хөндлөн дайрсаар л байна.
Монгол ёолк
Борлуулалтын орлого мөнгө багатай, байгууллага, хүмүүс шинэ жилээ нүсэрдүүлэхгүй, ноднингийнхтой харьцуулахад хамаагүй даруу даржин тэмдэглэж байна. Гарын доорх материал, өөрийн дотоод нөөц бололцоогоо дайчлах, гарын уртай слесарь, засварчин, жолооч нарынхаа хүчээр өөрсдийн гацуур модыг бүтээн босгоцгоож байгаа юм. Улаанбаатар пуужин мэт хэлбэртэй, тааран гацуур мод босгосон бол хөдөө орон нутагт бүр ёрог даавуу, даалимба, цууямбуугаар бүрж ургуулсан ёолк ч байна.
Үндэсний бөхийн Calvin Klein брэндийн шуудаг
Шуудаг нь үндэсний бат бөх шорт бөгөөд сүүлийн үед загвараа эрс сайжруулан LV Burberry, Calvin Klein зэрэг luxury брэндийн загвараар өнгө зүс нэмж байна. Капиталист агуулга, үндэсний загвартай монгол бөхийн Calvin Klein брэндийн шуудаг цаашид хөгжин ээтэн хоншоортой гутал Hugo boss болгох зэргээр хувцас загварын ертөнцөд олон шинэ хэлбэр санаачилдаг бөхчүүд идэвхтэй оролцох магадлалтай. Монгол бөх нь хагас нүцгэн өмсгөлтэй, биеийн гоо үзэмжээ харуулдаг спорт мөн тул Fashion TV-ийн lingerie буюу дотуур хувцасны үзүүлбэрт орох ч боломж байна.
Морьтны гайхамшиг Монголын нийтийн тээвэр
Улаанбаатар бол морьтон ардын нийслэл, эр зоригтнуудын өлгий нутаг. Автобус буудал дээр зогсоо хүмүүс дөхөөд ирэхээр нь биеэ хурааж байгаад харайгаад орж явчихна, үсрэн дэвхрэн дэнж хотойтол бууна. Явуут дунд нь харайн бууж, үсрэн орох нь аргагүй л эр хангал ажнайг номхотгох морьтны гайхамшгийн сурц, цусаар гүйж байгаа адуучин удмын хэв шинж болно. Хоёр хүүхдийнхээ нэгийг тэвэрч, нөгөөг сугавчилсан жирэмсэн монгол ээж автобусанд шурдхийн дэвхэрч ороход 5-тай банди нь хаалганд толгойгоо хавчуулсан чигээр 5 буудал газарт хээвнэг үнэгчлэн нойрсож чадна. Ная шахсан эмээ таяган дээрээ бүх биеэ нумлан төвлөрүүлж шунган орж бууна. Шахцалдаан дунд хүүхэд төрж, зарим нь үр тогтох мэт тэврэлдэж, томчуудын бүсэлхийнээс доош хамаг нүүрээ наасан жаал үнэр танарыг нь тоосон шинжгүй тоогоо цээжилж амжина.
Хал цэргийн вальс
Халагдсан цэрэг хачин ганган. Гутлынх нь тосолгоонд нүүрээ тольдохоор, энгэрийнх нь одон тэмдэгт нь генерал атаархмаар дэгжин. Мөрдсөн дээр нь алт гялтганаж, рок шилнээс нь хар сувд гялалзаж, үеийн охидын нүд булаана. Гурван жилээр алба хаадаг асан социализмын үеэс хал цэргийн чамин гангараа эхэлсэн уламжлалтай. Халагдах цэргийн вальс, халагдсан цэргийн алхаа монгол охидын толгойг эргүүлж чаддаг юм.
Нөхрөө ачих монгол арга
Хүн амын 51 хувь нь архи байнга хэтрүүлэх хэрэглэх донд автагдсан амьдрал бүсгүйчүүдийг арга чарганд сургасаар байна. Нүдэндээ хөхтэй, харцандаа гунигтай монгол бүсгүй эрийн хийморийг тасарч унахад нь чирч үүрч, шартаж босоход нь бантан зуурч, хүүхдийг нь гарган өсгөж, гадаа гарч эр, гэрт орж эм болсоор цаг хугацаа урсана.
URL: