Чанаргүй зээлийн хэрэгтэн Ч.Улаан, Н.Батбаяр нарыг огцруулах төслийг өргөн барилаа
УИХ-ын гишүүн М.Энхболд, С.Бямбацогт нар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг үүрэгт ажлаас нь огцруулах санал, УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Эрх баригчид Засгийн эрх авсанаас хойш цалин тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар ямар ч арга хэмжээ авсангүй, төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 орчим хувиар суларлаа. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ бодит амьдрал дээр 30 орчим хувь өсөж, улмаар иргэдийн худалдан авах чадвар эрс муудаж, ард иргэдийн амьдралд хүндээр тусаж байна. Чанаргүй зээл 2013 оны 11 дүгээр сарын эцэст 572,5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 274 тэрбум төгрөг буюу 91,8 хувиар өссөнөөр илэрхийлэгдэж байна. Энэ нь дээрх сайдуудыг огцруулах үндэслэл болж байгааг тогтоолын төсөл санаачлагчид хэллээ.
Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах тухай тогтоолын төсөлд нэр бүхий 26 гишүүн санал нэгдэн гарын үсэг зурсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: