Б.Болдбаатар: Зүрхэнээс гарсан аялгууны дийлэнх нь хайрынх л байдаг
Дууны шүлэг л гэнэ. Яруу найрагт ямар ялгаа байна аа гэж зарим нь хэлдэг. Харин энэхүү дууны шүлгийн айзам хэмнэл, ая данг мэдрэнэ гэдэг зүрхэндээ мөнхийн хөгжим эгшиглүүлж явдаг хүмүүсийн л хийдэг ажил аж. Хаа байсан Хөвсгөлийн тайгаас нь бус ч Мөрөнгөөс нь их хотын амьдралд хөл нийлүүлэн алхаж мэргэжлийн бус ажилд хичээсэн нэгэн эрхэм байдаг нь МҮОНТ-ийн энгийн нэг арын албанд зүтгэж буй Баасанбуугийн Болдбаатар. Яруу найрагч хэмээх эрхэм алдарыг мэргэжил эзэмшиж байж олж авдаггүйг энэ эрхэм харуулсан гэж хэлж болно. Түүний эдийн засгийн ухаан яаж яваад яруу найрагт урвасныг хэн ч мэдэхгүй. Үнэхээр авьяас гэдэг агуу зүйл. Гагцхүү тэр авьяасаа оройтсон ч гэсэн нээн олон арван дууны шүлэг бичсэн энэ эрхэмтэй уншигч таныг хэсэгхэн хором хүүрнэлдүүлье
-Сайхан өвөлжиж байна уу?
-Сайхаан, та бүхэн сайхан өвөлжиж байна уу
-Болд найрагчийн уран бүтээлийн олз омог дүүрэн биз?
-Дүүрэн, дүүрэн. Дууны яруу найраг бичиж энэ хэдэн сайхан хөгжмийн зохиолч ая данг нь тааруулж, дуучид маань амьдруулж сэтгэлийн гэгээн хөг болгосонд баярлаж л явна шүү.
-Яруу найрагт яагаад урвачихав аа. Уул нь тэс өөр мэргэжжлийн хүн гэсэн…
-Тэр нь ч тийм л дээ. Гэхдээ сэтгэлийг минь хөглөдөг энэ орчлонгийн сайхан бүхнийг тэр тусмаа гэргийгээ, үр хүүхдээ магтан дуулахгүй байж чадахгүй л байна.
-Гэргий гэснээс гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач…
-Хүн бүхэн мэдээж гэргийгээ магтана. Энд нэг юм хэлчих үү
-Тэг л дээ…
-Хүн, тэр тусмаа уран бүтээлчид ар гэр хамгийн найдвартай, сэтгэл зүрхийг нь ойлгодог байж гэмээ нь урмаар хаглагддаг. Магадгүй энэ үгийг хүн бүр л хэлдэг байх. Харин би дахиад хэлчихье. Гэргийдээ магтуулах гэж хэлээд байна гэж зарим нэг нь ойлгох байх. Хүн хүссэнээ ойлгодог. Тэр ойлгоцоороо л байг. Гагцхүү ойлголт гэдэг нэг хэрэг амьдрал дээр биелүүлэх нь бас нэг хэрэг.
-Яагаад өөр зүйл гэж…
-Хүн чинь өөрөө сэтгэлийн амьтан. Сэтгэлийн хэрнээ бас бодит амьдрал дээр амьдардаг л байхгүй юу. Дан ганц сэтгэлийн хөөрлөөр амьдралыг авч явна гэж байхгүй. Харин энэ хоёрыг хослуулж байж гэмээн амьдрал утга учиртай болно. Нэг найз маань “Хүн идэхийн төлөө амьдардаг уу, Амьдрахын тулд иддэг үү” гэж асуусан. Энэ мэдээж нэг алдартай хүний үг л дээ. Энэ л тэр утга нь л байхгүй юу. Та өнөөдөр дан ганц сэтгэлээрээ хоол хийгээд амьдрахгүй. Мэдээж иднэ. Бас дан идээд амьдрахгүй. Ингэхээр аливаа хүн амьдралын төлөө юу хийж болох тэр дундаа уран бүтээлч хүн дан ганц уран бүтээл гэж явалгүй амьдралын наад захын асуудлыг шийдэх л хэрэгтэй болдог. Харин түүнийгээ хэрхэн шийдэхээ зарим үед олохгүй байж болно. Энэ үед нь ойлгох хүн бол хүний хань.
-Амьдралын утга нь тэгээд юунд оршдог юм бэ?
-Онгод л байхгүй юу.
-Юун онгод, саяхан гэргий, ар гэр гээд байгаагүй бил үү?
-Тэр ч тийм. Гэхдээ онгод хөглөдөг хүчин зүйл чинь тэр ар гэр, хүний хань, үр хүүхэд. Тэгэхээр онгод миний амьдралыг хөглөдөг. Хөглөдөг эзэн нь миний хэлж буй бүхэн.
-Гэргийгээ л магтах гээд байна уу даа?
-Магтана аа. Адгийн тэнэг авгайгаа магтдаг гэдэг ч би магтана. Бүсгүйчүүд үгүй бол энэ орчлон яах юм бэ.
-Ингэхэд гэргийдээ хэр халамжтай вэ?
-Муу муу. Ажил гэсээр яваад нилээн гомдоодог байх. Харин “Ажлыг минь ойлгодогт нь баярлалаа, хайртай шүү” гэж хэлмээр санагдчихлаа. Энэ үгийг нийтлээд өгөөч, болно биз дээ.
-Мэдээж, хүний сэтгэлийн үгийг хүргэхдээ баяртай байлгүй яах вэ. Харин дөрвөн мөрт хэлээч…
Мишээх царай нь өнгөлөг сайхан
Уран хуруу нь ятгын эгшиг
Сайхан бүсгүй зүрхэнд уяатай
Салаа гэзэг нь нүдэнд тодхон
-Хэзээ бичсэн шүлэг вэ?
-Энэ дуу болчихсон. Монголын радиогийн урын санд хадгалагдаж байгаа. Нилээн дээр үеийнх. Сая санаанд гэнэтхэн орж ирээд.
-Ер нь яруу найрагчид хайрын тухай ихэвчлэн бичдэг…
-Тийм ээ энэ бол үнэн. Хүн чинь өөрөө хайраар хөглөгдөж амьдардаг шүү дээ. Тиймээс ч зүрхэнээс гарсан аялгууны дийлэнх нь хайрынх л байдаг.
-Хайр гэснээс харж явдаг бүсгүйдээ шүлэг бичив үү?
-За яах нь вэ, миний сэтгэлийн гүнд нэвтэрч магадгүй уран бүтээлчдийг дурламтгай гэдгээр нь дахиад хэвлэлийн баатар болгох гээ юу.
-Үнэн биш гэж үү?
-Сайхан бүсгүй хараад сатаардаггүй эр хүн бүү хэл эмэгтэй хүн ч үгүй. Тэр гоо үзэсгэлэнг хэрхэн хайрлах нь л сэтгэлийн асуудал. Түүнээс харсан бүхнийхээ хойноос самбаганаад байвал амьдрал юу болж дуусах вэ. Энэ бол нэг ёсондоо хүний сэтгэлийн нууц
-Сэтгэлийн нууцыг эхнэртээ ч хэлж болохгүй хэрэг үү?
-Хэлнэ ээ. Ямар нэгэн зүйл хийчихээд түүнийгээ хамгийн түрүүнд гэргийдээ уншиж өгөх шиг сайхан зүйл миний хувьд байдаггүй юм. Нуухгүй би дурлачихлаа гэж хэлэхгүй яваад байж чадахгүй тийм л хүмүүс жинхэнэ яруу найрагчид байдаг болов уу. Тиймдээ ч сэтгэлийн амьтан болчихдог. Харин эхнэртээ энэ бүхнийгээ хэлж ойлгуулж явдаг болохоор надаас ч тэр, яруу найрагчдаас ч тэр тийм нэг өнөө “Харанга”-ын Чукагийн хэлдэг шиг “Содон аялгуу” төрдөг болов уу.
-Гэргий хайр гээд нилээн л ярилаа. Уран бүтээлийн тухай жаахан хүүрнэх үү?
-Уран бүтээл гэдэг чинь гэргий, бас хайр. Энэ бүхэн цогцолж байж яруу найраг төрнө. Уран бүтээл гэвэл сүүлд бичсэн Б.Энхбаярын дуулсан даян аварга, Заяамаа гээд л эхлэнэ дээ. Зангийн чинь сайханд дассан юмсан
Заяаных болбол баярламаар аа ай хө гээд л. Энэ уран бүтээл маань радиогийн алтан фондод байгаа. Ирэх хавраас нэг цомог гаргах санаатай. Үүгээрээ л ард түмэндээ юу хийснээ тайлбарладаг юм бил үү гэж бодож байна.
-Яруу найрагчийн сэтгэл энгийн хүнийхээс юугаараа ялгагдах вэ?
-Адилхан л хүн шүү дээ. Яагаад өөр байна гэж
-Нэг л тийм уян зөөлөн ч байдаг юм шиг санагдаад…
-Магадгүй ээ. Хүн сэтгэл гэж зүйлээр амьдрахын учир утгыг тод томруун харагдуулж байдаг хүн нь яруу найрагчид юм болов уу.
-Ер нь яруу найрагчдын тухай хүмүүс гадарлана. Харин дахиад гүнд нь нэвтэрье?
-Хүний сэтгэл их агуу тайлагдашгүй нууцтай. Энэ нууцыг хэн хэрхэн тайлах бол гэсэн асуудал урган гарч ирэх нь зайлшгүй. Гагцхүү урган гарч ирж буй асуудлыг тайлбарлахдаа ямар өнцгөөс гэдгээс их зүйл харагдана.
-Чухам ямар өнцөг гэж?
-Хүн чинь өөрөө сэтгэлийн амьтан гэж би түрүүн хэлсэн дээ. Тэр сэтгэлийн амьтан гэдэг утгаараа өөрийгөө хэрхэн таних гэдэг л хүнийг яруу найрагчид байх уу, эсвэл гээд олон асуудлын учир утга болох байх. Түүнээс биш яруу найрагч гээд цээжээ дэлдээд би сэтгэлийн амьтан гээд хөөрцөглөөд, ар гэр, амьдралаа мартаад архи сархад зооглоод яваад байж болохгүй.
-Архи гэснээс хэр балгадаг вэ. Өнөөдрийн нийгмийн тулгамдсан асуудлын нэг яах аргагүй энэ болоод байна?
-Балгаж явсаан. Харин хүнд дараа болохгүй балгаж, сайхан найз нөхөдтэйгээ ганц хоёр зуу татаад сууж байх үе олон. Үнэхээр чиний хэлдэгээр нийгмийн тулгамдсан асуудал архи болоод байсан. Харин одоо үгүй болж байна гээд хэлчихье. Хүмүүс маань өөрсдийн ухамсараар архи гэгч зүйлээс татгалзаж байна. Залуус маань архи тамхины сонголтоос илүү өөр зүйл сонирхох болсон. Мэдээж аль ч нийгэмд, аль ч улс оронд нэг давхарга байгаа. Тэр архины давхарга үеийн үед байж л байсан байх ч болно. Эргээд тэр давхарга руугаа нулимж л болохгүй. Балбар агсан хэлсэндээ
Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул,
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ,
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү.
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг!
Ачийг чинь тэд бас бүү мартаг. Гэж. Энэ л байхгүй юу.
-Ном бүтээнэ гэдэг хамгийн том буяны нэг…
-Ганц хоёр ном гаргасан. Одоо ч дахиж гаргах санаа бий. Харин хөрөнгө мөнгө гэдэг асуудалд л тулаад байна.
-Эдийн засагч хүн байна даа хөрөнгийг хэрхэн босгох талаар бодож л байгаа байлгүй…
-Бодоод бодоод бодын шийр дөрөв болчихоод байна аа. Юм бүхэн үнэтэй болчихоод, амьдралын хэрэгцээ их байна шүү дээ. Тэгээд ч яруу найргийн ном бол бүтээл болохоос нэг их зарагдаад, орлого хуримтлуулаад байдаггүй эд. Анхны номоо гаргахдаа идэх хоол, өмсөх хувцасаа танан байж тусласан анд найз, ар гэрийнхэн эхнэртээ баярлаж явдаг юм аа.
URL: