“Баян-Өлгий аймгийн залуучууд Монголоор ойлгодоггүй” гэв
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт тавьсан асуулгынхаа хариуг авлаа. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах орчин нөхцөл ямархуу байгаа, анги дүүргэлт, дүрэмт хувцасны талаар тодорхой мэдээлэл өгөхийг Н.Гантөмөрөөс хүссэн юм.
Уг асуулгад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр хариулахдаа нийслэлийн хэмжээнд эх орондоо үйлдвэрлэсэн, шинэ загварын дүрэмт хувцасны борлуулалт нэгээс гуравдугаар ангид 98 хувь, дөрвөөс тавдугаар ангид 40 орчим хувьтай байгааг хэлэв. Өнгөрсөн аравдугаар сараас орон нутагт сурагчдын дүрэмт хувцсыг хүргэх, борлуулах ажил эхэлсэн бөгөөд энэ сарын 25-нд дуусгахаар төлөвлөсөн байна.
Дүрэмт хувцас үйлдвэрлэхэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого баримталсан аж. Тиймээс ч оёдлын салбарынхны 65 хувь, сүлжмэлийн 81, ноос ноолуурын 98 хувийг эх орны үйлдвэрлэгчдийг сонгожээ. Үүний дараа УИХ-ын гишүүд Л.Гантөмөр сайдаас асуулт асууж, хариулт авсан юм.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хэдэн хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна вэ. Ойрын жилүүдэд хэдэн цэцэрлэг барих төлөвлөгөөтэй байгаа вэ. Ерөнхий боловсролын сургуулийн анги танхим хүрэлцэхгүй ачаалал ихтэй байгаа. Ямар арга хэмжээ авах бодолтой байна ” гэлээ.
Одоогийн нөөц боломжоор цэцэрлэгт хамрагдах ёстой хүүхдийн 80 хувийг авах боломжтой аж. Харин үлдсэн 20 хувийг нь хүүхэд харах үйлчилгээгээр шийдвэрлэхээр зэхэж буйгаа хэллээ. Ирэх онд гурван ээлжээр хичээллэх явдлыг зогсоож хоёр ээлжид шилжүүлэх юм байна.
Тодруулбал, ирэх онд төсвийн хөрөнгөөр 162 цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заал ашиглалтад оруулах ажээ. Харин УИХ-ын гишүүн С.Бямбацогт 48 дугаар сургуулийн сурагчид дүрэмт хувцаснаас хордсон гэх мэдээлэл байгааг салбарын сайдад нь дуулгасан ч “Төрийн түшээ цуурхал тараах нь буруу. Сурагчид хордсон гэх мэдээлэл байхгүй” хэмээв.
Д.Лүндээжанцан гишүүн Баян-Өлгий аймагт ажиллахад залуучууд нь монгол хэлээр ойлгохгүй байсныг Л.Гантөмөрт хэллээ. Боловсрол шинжлэх ухааны сайд тус аймагт монгол хэлний сургалт маш муу байгааг хүлээн зөвшөөрсөн юм. Үүнийг шийдвэрлэхэд аймгийн удирдлагууд ч таатай ханддагүй юм байна.
Залуучууд нь их сургуульд орохоороо монгол хэл сурна гэсэн ойлголттой байдаг гэдгийг тэрбээр хэлсэн юм. Тиймээс энэ асуудлыг цаашид байнгын хороо болон чуулганаар дахин авч хэлэлцэнэ гэв. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын асуулгад хариулт өгснөөр чуулганы хуралдаан өндөрлөлөө.
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж:
URL: