Дуулж, жүжиглэж, шүлэглэж чадахаа больсон “дарга нар”

Өнгөрөгч 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа АН ялалт байгуулж, урлагийн салбарт хэсэг дадлага туршлагагүй нөхдийг дарга сэтэр зүүлгэж тавьсан нь Монголын урлагийн хөгжилд ихээхэн чөдөр тушаа болж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Тухайлбал, ССАЖЯ-ны Соёл урлагийн газрын даргаар ганц нэг клипэнд тоглосон жүжигчин Н.Оргилыг тавьсанаар энэ ажил эхэлсэн.
Хамгийн аймшигтай нь Дуурийн театрын захирлаар телевизийн найруулагч Ч.Мөнхзулыг томилсон нь учир мэдэх нэгний нүдийг орой дээр нь гаргах дөхсөн. Арга ч үгүй биз. Дэлхий дахинаа бүрэн улсын урлаг соёлын нүүр царай болж байх ёстой байгууллагын даргаар телевизэд найруулагч байсан нэг дадлага туршлагагүй, мэдлэг боловсролгүй хүнийг сонгохоор учир мэдэх хэн бүхэн шаналах биз ээ.
Дуурийн урлаг, сонгодог урлаг гэдэг бол тухайн улсын нүүр царай болж байдаг, юутай ч телевизийн студид хэдэн халтар нэвтрүүлэг хийснээр хэмжигдэх зүйл бүр ч биш. Түүнчлэн хөдөө орон нутагт ч энэ мэт томилгоо маш олон хийгдсэн.
    Тухайлбал, Төв аймгийн театрын даргаар дуучин Д.Хишигбаярыг, Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулгын даргаар дуучин Г.Чинболорыг, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын даргаар яруу найрагч Л.Эрдэнэбатыг, Завхан аймгийн театрын даргаар н.Бямбдорж нарыг тавьсан аж. Эдгээр уран бүтээлчид авьяастай сайн уран бүтээлчид байхыг үгүйсгэх гэсэн хэрэг биш.
Харин удирдах ур чадвар, зохион байгуулах авьяас гэж нэг зүйл байгааг мартсан нь гайхалтай. Эсвэл өөрсдийгөө ерөөсөө дарга гэж бодсон нөхөд үү. Нөгөө бол дуулж, шүлэг бичиж, жүжиглэж чадахаа болиод арга буюу төсвийн мөнгө рүү хошуурсан хэрэг үү. Бүр эсвэл тэд огт авьяасгүй нөхөд байсан байх, мэдэх юм алга.
Гэхдээ нөгөө талд төрийн эрх барьж байгаа хүмүүсийн л ая тал засч, бодлого чиглэлгүй яваагийн хар гай гэдгийг хэлэх нь зүйн хэрэг. Шуудхан хэлэхэд эрх баригчдын сонгуулийн ажлын ар талд зүтгэсэн нөхөд ийнхүү шангаа хүртэж байгаа нь энэ.
Уг нь үнэхээр авьяастай чадалтай уран бүтээлч л бол юугаа хийж театрын төсөв рүү өнгийж, төрийн мөнгөн рүү нүд унагаж явдаг билээ. Соёл урлагийн газрын дарга дуучин С.Жавхлан гэж сонсоогүй л юм байна. Тэр дуулаад амьдраад, та нараас илүү л явж байна.
     Хэнтий аймгийн театрын дарга, поп дуучин Б.Сарантуяа гэж сонсоогүй биз дээ. Дорноговь аймгийн театрын дарга, яруу найрагч Д.Урианхай гэж дуулаагүй биз дээ. Бүгд ч уран бүтээлээ хийгээд ард түмэндээ таалагдаад явж л байна. Хэнээс ч гуйхгүй амьдарч байна.
Ийнхүү Монгол Улсын урлаг ихээхэн доошоо уруудвал хэн хариуцлага хүлээх вэ. Монголын урлагийг өнөөдрийн түвшинд авчирсан урлагийн мастерууд хүлээх хэрэг үү, ёстой дэмийр гэж хэлэх байна. Тэр ч бүү хэл саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” арга хэмжээн дээр МУГЖ Л.Сосорбарам Монголын урлаг уруудаж байгааг ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлтэй холбон тайлбарлаа биз дээ.
Ийнхүү түрүүчээсээ урлаг хэнээс болоод уруудаж, хөгжихгүй байгааг хэлээд эхэлж байгаа биз дээ.
Э.Дөл
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих