Төрийн байгууллага төлөвшиж амжих уу
Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн бямба гарагт болж, хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Тухайлбал, Засгийн газрын агентлаг, бүх шатны Засаг дарга нар, төсөвт байгууллага, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудыг төсвийн мөнгөөр тансаглахгүй байхыг анхааруулав.
Ингэхдээ шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авах болон өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом, урлагийн тоглолт зохион байгуулахыг хориглосон юм.
Мөн хамтран ажилладаг байгууллагуудад төсвийн хөрөнгө, байгууллагын мөнгөөр шинэ жилийн мэндчилгээ хэвлүүлэн солилцох, бэлэг дурсгалын зүйл бэлэглэдэг явдлаас татгалзаж, цахим хэлбэрээр мэндчилгээ явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ шийдвэр олон хүний сэтгэлд нийцсэн биз. Арга ч үгүй, та бидний татварын мөнгөөр хэдэн нөхөд зугаацаж, хамтран ажиллагч албан байгууллагууддаа баярын мэндчилгээ илгээх нь шударга бус явдал. Гэхдээ Засгийн газрын дээрх шийдвэр хэрхэн хэрэгжих нь эргэлзээтэй.
Шийдвэрийн хэрэгжилтийг хэн хянаж, зөрчсөнд нь хэрхэн хариуцлага хүлээлгэх нь ч тодорхойгүй. Миний санаж байгаагаар аль өнгөрсөн онд л цаасан мэндчилгээнээс татгалзах тухай шийдвэр гарч байсан.
Гэтэл бүтэн жилийн дараа дээрх шийдвэр хэрэгжээгүй, дахиад л төсвийн мөнгөөр нэг нэгэндээ баярын мэндчилгээ дэвшүүлэхгүй байх талаар уриалав. Цаасан мэндчилгээнээс татгалзаж, цахимд шилжих тухай ийнхүү он дамжин яригдсаны дараа шинэ жилээр архинаас татгалзаж, төсвийн мөнгөөр тансаглахгүй байх тухай дурсав.
Архигүй шинэ жилээ тэмдэглэх… Хамгийн зөв санаа… Зөвхөн шинэ жилийн баяраар гэхэд л ГССҮТ-ийн ачаалал хэд дахин нэмэгдэж, эмч, цагдаа нар цурам хийх завгүй хонодог гэж байгаа. Энэ бүхэн мэдээж өнөөх хар уснаас л болж байгаа хэрэг. Тиймээс ч шинэ жилээр архи хэрэглэхгүй байх нь зөв.
Үүнд нэг хяналт тавиад байх ч шаардлагагүй. Хувь хүн, албан байгууллага, хамт олон дор бүрнээ ухамсарлаж, архинаас татгалзахад л болно. Ерөнхийлөгч маань ч аль эрт архигүй баярлахыг уриалж, цэнхэр дэлгэцээр мэндчилэхдээ сүү өргөдөг болсон. Харин ард түмэн үүнийг нь үлгэрлэн дагах хэрэгтэй.
Ер нь савнаасаа бусдыг дийлдэг сархад гэгч ундааг баяр ёслолоор заавал сөгнөх шаардлагагүй. Харин дээрх шийдвэрүүдийн дунд нэгэн эргэлзээ төрүүлсэн өгүүлбэр цохиж яваа нь төсвийн мөнгөөр баяр тэмдэглэхгүй байх тухай. Төсвийн мөнгөөр баяр тэмдэглэж байгааг хэн, хэрхэн хянах нь хамгийн эргэлзээтэй. Уг нь маш зөв шийдвэр. Харин хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих нь ойлгомжгүй байгаа юм.
Энэ шийдвэр олон ч хүний дургүйцлийг төрүүлсэн тухай хүмүүсийн ярихыг сонслоо. Тухайлбал, өчигдөр өглөө ажилдаа ирэхээр таксинд суутал жолооч ах ярьж байна шүү. Эхнэр нь хувийн компанид ажилладаг тул хэзээнээсээ мөнгөө төлж, баярлаад сурчихсан гэнэ.
Тус компани нэг хүний 150 мянган төгрөгийн төсөвтэй шинэ оноо угтахаар зэхэж байгаа аж. Харин охин нь эмнэлэгт ажилладаг тул энэ жил баярлаж чадахгүйд хүрч. Учир нь төсвийн мөнгөөр баярлаж, тансаглахгүй байхыг анхааруулсан учраас ийм шийдвэрт хүрсэн юм байх.
Эмнэлгийн ажилчид шинэ жил тэмдэглэхдээ хүрвэл нэг хүний 85 мянган төгрөг хураана гэж л дээ. Гэтэл угаасаа цалин багатай гэдэг төсвийн байгууллагынхан бид ийм өртөг өндөртэй баярлаж байхаар баярлахгүй байхаар шийдсэн ажээ. Харин өөр нэгэн танилын маань байгууллага шинэ жилээр салхинд гарахаар болсон гэнэ. Бүр хоёр хоногоор. Нэгэнт хотод баярлавал баригдаж, балрах тул ийнхүү хөдөө хээр төсвийн мөнгөөр тансаглахаар шийдсэн байна.
Энэ мэтчилэн Засгийн газрын шийдвэр хүрэх газартаа хүрч, нөгөө хэсэг нь хүлээж авахгүй гэдгээ илэрхийлж байх шиг. Үүгээрээ би төсвийн байгууллагын ажилчин, алба хаагчдыг баярлах эрхгүй гэсэнгүй. Ердөө л төсвийн мөнгөнөөс хумсалж, тансаглахгүй байх нь шударга гэдгийг сануулах гэсэн юм.
Эх сурвалж:
URL: