12 нас хүрээгүй хүүхэд PC тоглоомын газар орох хориотой боллоо
Өдөр шөнөгүй аллага хүчирхийлэлтэй тоглоомонд донтож архи тамхи, садар самуун элдэв вэб хуудас үзэгдэх PC тоглоомын орчинд насан хүрээгүй жаахан хүүхэд оролцох нь хүмүүжлийн доголдол болоод зан харилцааны гаж сэтгэхүйтэй болж байгаа тухай мэргэжлийн эмч нар хэлдэг. Гэтэл нийслэлийн хэмжээнд мэдэгдэж байгаагаар 500 гаруй цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж тэдний орлогын ихэнх хувийг бага насны хүүхдүүд бүрдүүлдэг гэсэн харамсалтай дүн гарсан.
Дээрх байдлыг зохицуулах үүднээс “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах” журмыг Засгийн газрын хуралдаанаас гаргажээ.
Журамд интернэт кафе, цахим тоглоомын газар нэг дор ажиллахыг болиулж, орон сууцны нэгдүгээр давхар, хонгилд байрлахыг хориглосон. Мөн цахим тоглоомын үйлчилгээний газрууд нь ажлын байрны дотор болон гадна орчинд камерийн хяналтын систем суулгаж, 21-ээс дээш хоногийн бичлэгийг хадгалах, зуны улиралд 20, өвлийн улиралд 18 цаг хүртэл үйлчлэх, үйлчилгээний ажилтан нь мэдээлэл технологийн анхан шатны мэдэгдэхүүнтэй, 20-иос дээш насны иргэн байх зэрэг зохицуулалт оржээ.
Үүнээс гадна энэхүү журмаар цахим тоглоомын газруудыг 12 насанд хүрээгүй хүүхдэд үйлчлэх, бичиг баримт, эд зүйлс барьцаалан үйлчлэх, согтуурсан болон мансуурсан иргэнд үйлчлэх зэргийг нь хориглосон байна.
Азтай
эх сурвалж: www.fact.mn
URL: