Тайлбар үгүй тайлал: Гэр хороолол дундах төлбөргүй цэцэрлэг…

0013db 1776 x678

Тайлбар үгүй тайлал: Гэр хороолол дундах төлбөргүй цэцэрлэг…

-Тайлбаргүй зураглал-

Баянхошууны Жанцангийн автобусны буудлын “Шинэ бууз” зоогийн газарт ажилладаг бүсгүй өглөө гэрээсээ гарахдаа таван настай “Д” охиныг гэрт нь харах хүн байхгүй болохоор автобусны буудлын замын эсрэг талд хорин алхмын цаана байрлах “Гэгээн эх Мариа” үнэгүй өдөр өнжүүлэх сүмд охиноо үлдээхээр алхлаа.

Замын хажууд байрлах банзан хашаа, төмөр дээвэртэй, дан цагаан байшингийн дулаалгатай хаалга тэднийг онгорхой угтаж авлаа.  Багш 40 орчим насны эмэгтэй охиныг угтан авч ээжийг нь хамтдаа үдэж явууллаа.

Охин гутлаа тайлж углааш өмсөөд, үүдний угаалтуурт гараа угаагаад өөрийнх нь манжингийн зураг наасан алчуурт гараа арчаад ангидаа оров.

Үүдний өрөөнөөс дотогш хоёр өрөөтэй. Баруун талын өрөө хашаа руу харсан хөшиггүй нэг цонхтой, шохойдсон цагаан ханатай өрөөн дотор аяганы бор модон шүүгээ, гаднаас зочин орж ирэхээр суудаг хар төмөр хөлтэй ногоон ширээ хоёр сандлын хамт, жижиг том хаалгатай цагаан хөргөгч, хөргөгчний хажууд цагаан хятад хагас угаалгын машин, бас гүн хөх өнгөтэй хулдаасан дээр халуун тогоо байх юм.

Харин зүүн талын өрөөнд зузаан бор дэвсгэр, хана хүртэл өндөр том модон шүүгээ дүүрэн чихмэл бас эвлүүлдэг тоглоомууд, хүүхдүүдийн цагаан хэрэглэлийг хийдэг хээтэй улаан модон авдар, авдрын дээр өрөөстэй гудас, өдөр бүр ирдэг хүүхдийн тоогоор таних тэмдэгтэй 30-н модон сандал, намхан хөлтэй том бор шаргал мебель ширээ харагдана. Өнөөдөр ангид нь зөндөө хүүхэдтэй байна. Хар хослолтой, цагаан хадаг хүзүүндээ зүүж, хөлдөө нэг удаагийн уут угласан нүдний шилтэй багш залуу үлгэр уншиж байхыг сонсоод охин ангидаа хөлөө өргөсөөр орж сандал дээрээ очоод суучихав.

Угтаж авсан багш бас номлогчийн хажууд очоод зогсонгоо хүүхэд ирж байгаа эсэхийг ажиглан байсхийгээд цонхоор харна. Бэлтгэлийн хувцастай хоёр гадаад хүн номлогчийн бас танхимд сууж байгаа хүүхдүүдийн зургаа авангаа хоорондоо шивнэлдэн юм ярина. Энэ сүм зөвхөн гурваас зургаа насны хүүхдүүдийг хүлээж авдаг бөгөөд өдөрт хамгийн ихтэй 30 хүүхэд авдаг аж. Өнөөдөр бусад өдрүүдээс нэг л өөр тоглодог цагт нь шинэ багш ирж Хабаккук 3:17-19-ийн  “Ямар ч үед талархах сэтгэлийн тухай” нэг цагийн номлол уншиж буй нь энэ аж. Номлол дуусан хүүхдүүдээс ойлгосон эсэхийг нь асууж дуусаад “Залбирлын шувуу” дууг зааж эхэллээ.

“Залбирал минь, амьгүй хоосон үгсээр дүүрэн
Замдаа цас бууц унахыг би мэдэрч байна” …. гэсээр дууны үг үргэлжлэх юм.

13.00 цаг болоход 15 минут дутуу байна. Багш хүмүүсийн хамт хүүхдүүдийг хувцаслан сүмийнхээ хажууханд байрлах Баянхошууны мөргөлийн сүм рүү дагуулан алхлаа. Том цагаан сүмд модон сандал дүүрэн хүмүүс хүүхдүүдэд бэлдсэн урдуур сандал л хоосон харагдана.

Том цагаан нөмрөг, ногоон хадаг зүүсэн номлогчид хүмүүсийг угтан авч цагаа хараад хаалгаа барив. Хүмүүсийн дунд хар хувцастай , хар алчуур толгойдоо зүүж Библи гартаа барьсан эмэгтэйчүүд, толгойд нь гэгээн Мариагийн цагаан гивлүүр зүүлгэсэн жаахан хүүхдүүд нүдэнд тусна. Номлогч залбирлаа эхлэхэд хүмүүс нам гүм болж нүдээ анин дагаж дуулна.

Ядарсан хүүхдүүд ээж, эмээгээ, ах, эгчээ дэрлэн унтана. Багштайгаа хамт ирсэн багачууд маань бүүр аль хэдийн томоотой суучихсан гараа урдаа бариад залбирч байна, зарим нь ядраад унтаж эхэлж байгаа харагдана.

Гол танхимд зассан том ширээг цагаан бүтээлгээр бүтээж том том сүүн цагаан өнгөтэй лаануудыг асааж, мөн нарны цацраг шиг том алтлаг тэмдгийг байрлуулжээ.

Ширээн дээрээс номлогчид рашаан авч багачуудад хүртээнэ. Ширээний ард Мөрөөдөл рүүгээ тэнгэр бурхантай хамт, Итгэлийн жил хэмээх үгсийг цаасан дээр томоор бичин хайчилж ханан дээр өлгөжээ.

Хойморийн ханыг ухаж зүүн талд нь гэгээн Мариа эхийг шавраар бүтээж, харин гол нь гурван метр орчим шаргал модон загалмай дээр цовдлогдсон Есүс христийг сийлжээ.
Хоёр цаг орчмын дараа сүмийн хурал дуусан ирсэн хүмүүсд номлогч нар цагаан ууттай бэлэг, шинээр ирсэн хүмүүст улаан ширэн хавтастай зузаан Библи ном тарааж байлаа.

Ингээд хурлын дараа ирсэн хүмүүс зургаа даруулж ирсэн газар руугаа тарцгаав.

Хүүхдүүд сүмдээ эргэн ирээд тоглож байх зуур багш хоолоо хийж, сүмийн мөргөлийн дуунуудыг хөгжим дээр тавив. Эцэг эхчүүд хүссэн үедээ хүүхдээ ирж авах боломжтой бас багштай нь цуг хонуулах ч боломжтой юм байна.

Харин “Д” охины ээжийнх нь ажлын тог тасраад охин өнөөдөр эрт харив.

Б.Өнөр

Эх сурвалж: Ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих