Хулхидуулсан юм биш үү
-Авто машины замыг зассан гэх ч хоёр хүний амь авчээ-
Өмнийн говьд дахиад хоёр хүн хорвоогийн мөнх бусыг үзлээ. Байгаль, орчин, аялал, жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын газар, Авто тээврийн газрынхан. Та бүхэн өнгөрсөн сарын 15-21-ний өдрийн хооронд Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумаас хил хүртэлх нүүрс тээвэрлэлтийн замын байдлыг нүдээр үзэж ирсэн дээ.
Тухайн үед та бүхэн тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан хэд хэдэн компанид мэдэгдэх хуудас өгч байсан санагдана. “Нүүрс тээвэрлэж байгаа зам нь өнгөрсөн оны наймдугаар сараас хойш засварт ороогүй, 5-8 салаа зам гаргасан, тоосжилт их байна” гэсэн шалтгаанаар Тавантолгой, “Энержи Ресурс” зэрэг компаниудын нүүрс тээвэрлэх үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Гэвч энэ сарын 14-ний өдөр дээрх газруудын гаргасан мэдэгдэх хуудас хүчингүй болж Ухаахудаг Тавантолгойгоос Гашуунсухайт Ганцмодны чиглэл дэх замыг нээх шийдвэр гарсан юм.
Өөрөөр хэлбэл, сайжруулсан гэх замд шороо тоос босохгүй гэж үзсэн нөхдүүд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг үргэлжлүүлсэн билээ. Харамсалтай нь хоёрхон хоногийн дараа буюу энэ сарын 16-ны 11.00 цагийн орчимд автомашины осол гарч Монгол Улсын иргэн Б, БНХАУ-ын иргэн Лу Жин нар нас барж, Д нь хүнд бэртэж “Оюутолгой” компанийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Хамгийн эмгэнэлтэй нь “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэгчээр зассан гэх авто зам дээр осол гарчээ.
Өөрөөр хэлбэл, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багаас урагш гурван км-т нүүрс ачиж явсан гурван машин хоорондоо мөргөлдсөнөөс ийм хэрэг гарсан байна. Тухайн үед 29-85 УНЗ улсын дугаартай “Шинхуа” группийн автомашиныг БНХАУ-ын иргэн Лу Жин жолоодож явжээ. Тэрээр ослын улмаас бүхээгдээ дарагдан нас барсан байжээ. Харин Төв аймгийн харьяат 76-37 ӨМЗ улсын дугаартай машины жолооч Б нь машинтайгаа шатаж амиа алджээ.
Харин азаар амьд үлдсэн Баянзүрх дүүргийн иргэн 46 настай Д-гийн биеийн байдал хүнд байгааг эх сурвалж онцлосон юм.
Дахиад ийм осол гарахгүй гэх баталгаа байхгүй
Өмнөговъ аймгийн Ханбогд сумын иргэн Х-гээс зарим зүйлийг тодрууллаа.
-Ханбогд суманд нөхцөл байдал ямар байна вэ?
-Байгалийн зүй тогтол алдагдсан. Үүнээс болж тоосжилт хэмжээнээс хэтэрч, үзэгдэх орчингүй болсон.
-Танай суманд хэд хоногийн өмнө холбогдох газрууд очиж шалгалт хийсэн. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрч нүүрсний гэх тодотголтой автомашины замыг хаасан. Гэвч нээсэн өдрөөс хоёр хоногийн дараа хоёр хүн нас барж, нэг хүн хүнд бэртлээ. Компаниуд зам засварын ажлыг хэр хийсэн байна вэ?
-”Хулхин дээр цэцэг ургуулах” гэгч болсон. Тодруулбал, урьдын сайжруулсан зам дээр өнгөлгөө л хийсэн. Энэ нь хүнд даацын ачааны автомашин явахад дахиад л илэгдэл, тоосжилт үүсгэж байна. Авто осол дахиад гарахгүй гэх баталгаа алга.
-Танай суманд амьдралын баталгаа хэр байна вэ?
-Уг нь ажлын байр нэмэгдсэн. Гэвч байгаль орчин ингэж сүйдхээр толгойтой бүхэн л харамсч сууна. Манай нутгийн хөрс зөөлөн, дээр нь элсэрхэг, Үүн дээр хүнд даацын автомашин явахаар угалзаас ч дор шуурга дэгддэг. Энэ нь тэнд оршин сууж байгаа иргэдийн эрүүл мэндэд их хортой.
Боломжийн хэрээр зассан байсан
Авто тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаатараас аюулын харанга дэгдээсэн авто замын талаар цөөн асуултад хариулт авяаа.
-Компаниуд автомашины замыг хэр зассан байна вэ?
-Боломжийн хэрээр зассан байна билээ. Тодруулбал, тус зам нь хайрган хучилттай байсан. Дээр нь нэмж хайрган хучилт хийсэн байсан.
-Шаардлага хангасан зам болж чадаагүй гэдгийг орон нутгийн иргэд хэлж байна билээ?
-Цөөхөн хоногийн хугацаанд хатуу хучилттай зам тавих боломжгүй. Мөн нүүрсний тээвэрлэлт зогсохоор компаниудын орлого хаагдаж, ашиггүй ажиллах болсон. Тэд нүүрсээ тээвэрлэж байж хатуу хучилттай зам тавих хөрөнгөтэй болно гэдгээ уламжилсан гэсэн.
-Замын тэмдэг тэмдэглэгээг хэр суурилуулсан байна вэ?
-Замын тэмдэг, тэмдэглэгээг суурилуулсан байсан. Гэхдээ зам сайжирлаа гэдэг утгаар жолооч нар хурд хэтрүүлэх болсон. Үүнээс болж осол гарч хоёр хүн нас барж, нэг хүн хүнд гэмтлээ.
М.Ариунтуул
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: