67 тэрбум төгрөг эргэлдүүлж байсан “Анод банк” болон “Гүн төгөл” компани хаачив?

Нэгэнтээ эдийн засагч Н.Дашзэвэг, “Анод” банкны удирдлагуудыг баривчилсан нь цаанаас зохион байгуулалттай

хийсэн ажиллагаа байж болзошгүй талаар өгүүлсэн. Тэрбээр хамгийн гол нь “Анод” банкыг унагаахын тулд ийм алхам хийсэн байхыг үгүйсгэхгүй гэж нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа хатуухан дурдаж байсан билээ. Сүйрлээ зарлаж, хамаг дарга нараа шоронд үдээд байсан тэр үед тус банкны хувьд манай улсын арилжааны таван том банкны нэг байсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Нөгөө талаараа тус банк 52 мянган хадгаламж эзэмшигчийн 156 тэрбум төгрөгийг эргэлтэд оруулж байсан гэхээр ямархуу зангарагатай ажиллаж байсныг олон үггүй бэлээхэн харуулж байсан гэхэд болно.Харин энэ банкны дампуурлыг албан ёсоор зарласан 2009 онд тэртэй тэргүй дэлхийн эдийн засгийн нөлөөнд орж дэнжигнэж байсан Монголын банкуудын эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөлөл үзүүлсэн гэж эх сурвалж өгүүлдэг. Арилжааны банкуудын мэдээллийг Монголбанк сар тутамд хүлээн авдаг ч энэ нь хэтэрхий хожимдсон үйлдэл болсныг эдийн засагч Н.Дашзэвэг хатуухан шүүмжилж байсан билээ.

Мэдээлэл цаг хугацааны хурдыг гүйцэхгүй байгаагаас арилжааны банкуудад тавих хяналт, авах арга хэмжээ суларсны үр дагавар болохыг ч тэрбээр өгүүлж байсныг энд дурдах нь зүйтэй санагдана. Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг өгч чадахгүй, тэгээд зогсохгүй Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч суусан тэр л цаг үед хамгийн ихээр буруутгагдсан хүмүүсийг шинэ хуучин нийлсэн дөрвөн захирал нь гэж хэлж болно. Банкаа хүнд байдалд оруулаад зогсохгүй өөрсдөө цагдаагийнханд шалгагдаж, Ганц худагт саатуулагдсан нь олныг сэрдийлгэсэн. Халуун сүү балгаад хаширсан хүн тараг уухдаа үлээдэг гэдэг шиг Хадгаламж зээлийн хоршоонд итгээд хулхидуулж хоосорсон иргэд үйл ажиллагааны доголдлын сургаар банкыг барьцаалах шахсан нь бас нэгэн эмгэнэлт хэргийн хуудсыг нээсэн билээ.

“Анод” банкыг тойрсон олон асуудлыг хэвлэлийнхэн өдөр бүр сөхөж тавьсаар байгаа ч өнөөдрийг хүртэл хуучирдаггүй сэдэв хэвээр л байна. Мэдээж асуудал байсан болохоор гарч ирээд байгаа хойно үүргээ биелүүлэх нь хэвлэлийнхний ажил. Тиймээс энэ удаа бид өөр нэгэн баримтыг уншигчиддаа хүргэж байна. Энэ нь баримт өмнө нь хэвлэлээр цацагдаж байгаагүй гэдгийг дурдах нь зүйтэй байх. 1999 оноос “Анод” банк болоод Э.Гүр-Аранз гэх нөхрийг монголчууд таньдаг болсон. Харин Э.Гүр-Аранзын хувьд 10 жилийн турш 1999 оноос хойш “Анод” банк, “Гүн төгөл” ХХК-ийн дунд 67 тэрбум төгрөгийг хууль бусаар эргэлтэд оруулж байсан “шилдэг” ченж байсан бололтой. Тэрбээр мөн “Анод”-ын байдал хүндэрч ирэх үед хувьцааг нь зах зээлд гарган худалдаж мөнгө татах аргыг сэдэж.  Мэдээж энэ ажил нь түүнд багагүй амжилт авчирсан нь нэг хувьцааг 1000 төгрөгөөр зарж нийт ашиг нь 20 тэрбум төгрөг болсон байдаг.

Асуудал хүндэрч аргаа барсан банкыг цагдаагийн хамгаалалтад оруулж, өдөр болгон 10 цагдаа Эргүүл хамгаалалтын газраас томилогдон ажилласан тэр үед тус банкны хоёр захирал Ганцхудагт, нэг нь Төв аймгийн хориход хоригдож, хэргийн эзэн хэнхэргийн дохиурын нэг Ц.Уламбаяр гэгч нь гадаадад хэсэгтээ хулжиж байв.
Түүнчлэн энэ хэрэгт олны танил болон танилгүй олон холбогдогчид бий. Ихэнхдээ л тэрбумаас дээш төгрөгийн зээлийг авч, тус банкны баганыг хугалахад “туслалцаа үзүүлсэн” тэдгээр зээлдэгчдийн хувьд өнөөдрийг хүртэл өрөө төлсөн нь ганц ч байхгүй. Харин авсан идсэн, уусан наргисан нь л өдөр бүхэн хэвлэлийн хуудсыг чимж, сэтгүүлчдийн хийх ажлыг нэмж, мөнгөө өсгөх гэж өгөөд авч чадахгүй шаналж байгаа иргэдийн дотрыг урах болсон нь хатуу үнэн.

“Анод” банкны баганыг гуйвуулж, шалыг доргиох болсон нэр бүхий томоохон зээлдэгчдийн магнайд “Мон Уран”-ны Б.Наранхүү, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр,  “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар зэрэг Монголын хөрөнгө, мөнгөөрөө толгой цохигчид өнгөлж байсан бөгөөд юмны эзэн сумны занги болсон толгой баячуудын хувьд хүний гайг өөртөө үүрэхгүй гэсэн байр сууриас хандаж, ёстой л зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг болж байсан. Одоо ч энэ хэвээрээ байгаа билээ.

Анод банкны тухай эхний үгийн үсэг яригдаж эхлэхэд нүхээ малтаж, уснаас хуурай гарахаар хэвлэлийнхнийг хормойдох болсон, баяууд нэртэй зээлдэгчдийн нэрсийг өнгөлж, тэргүүн эгнээнд айрагддаг нөхдийн нэгийг газрын хэвлийг самардаж, алтны судлыг таслан, авч идэхийн их хүслээр жигүүрлэх “Монгол газар” компанийн захирал гэдгийг олон хүн мэднэ. Учир нь түүний Анод банкнаас зээлсэн мөнгө нь саяар биш тэрбумаар тоологдож, банк дампууруулахад ихээхэн хүч оруулсанаараа багагүй жин дарж байгаа. Харин “Мон Уран” нэрээр монголчуудын танил болж, САПУ-гийн Г.Алтан, шатсан “Бөмбөгөр”-ийн сургаар олонд алдаршсан Б.Наранхүү гэгч шавилхан биетэй бор залууг сүүлийн үед бүтэх эсэх нь тодорхойгүй “Дүнжингарав” худалдааны төвөөр нь бүүр ч сайн таних болсон монголчууд энэ удаа энэ хэрэг дээр аман хүзүүнд давхихад ёстой л болох юм болдогоороо болж байна гэсэн байдлаар хандаж хүлээж авсан нь гайхалтай.

Зөнгөөрөө эргэж байсан хүрдийг зөрүүлэхгүй л бол гажих нь ховор гэдэг. Тэгвэл зөрүүлэхээр барахгүй буцаахад өөрийн гар биеэ оруулсан атлаа усанд хаясан чулуу шиг чимээгүй “хэвтэх” нэгэн эрхмийг “Монроуд” ХХК-ийн захирал Б.Гарамгайбаатар гэдэг. 2008 оны  УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлж, эгээ л тоон дотор үсэг цохиж явахын бодитой жишээг олонд харуулсан тэрбээр АН-аас УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэр дэвшсэн. Харин “Анод” банкнаас “Монроуд”, “АР ПИ ЭМ”, “Дээд цэг”, “Улбаа” зэрэг дөрвөн компанийнхаа нэр дээр 17 тэрбум 514 сая 169 мянган төгрөг зээлсэн гэдэг. Мөн үүнийх нь долоон тэрбум гаруйг нь “Монроуд” компанийнхаа нэр дээр авсан. “Ар Пи Эм” ХХК-ийн нэр дээр нэг тэрбум 349 саяын зээлийг 2007 оны есдүгээр сарын 13-нд авсан байдаг.

Тус компани “Анод”-аас 2007 онд 400 сая төгрөгийн зээл авснаа 2008 оны аравдугаар сарын 26-нд төлөх ёстой байсан. “Дээд цэг” компани хоёр тэрбум 800 сая, “Улбаа” компани таван тэрбум 715 сая төгрөгийн өрийг аанай л “Анод”-д тавьсан гэж байгаа. Нэгэн хачирхалтай зүйлийг өгүүлэхэд банкны зүгээс эдгээр зээлийг хэвийн гэж үзэж байгаа гэсэн. Харин хяналт шалгалтын комиссынхон эргэлзээтэй зээл гэсэн ангилалд оруулсан байв.

Хамгийн гол нь “Улбаа” компанийн зарим зээл 2008 оны IV, VI сард гарсан байгаа нь Б.Гарамгайбаатартай холбохоос аргагүй байгаа билээ. Сонгуулийн өмнөхөн энэ мэтээр дахин дахин зээл авсан нь кампанит ажлаа зохион байгуулахад хэрэглэсэн байх магадлалтай. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид 100 саяас тэрбум хүртэлх, түүнээс ч илүү хэмжээний хөрөнгийг цацсан. Энэ байдал Б.Гарамгайбаатарыг тойрохгүй дайрах нь лавтай. Түүнчлэн Хэнтий аймагт АН-аас нэр дэвшигчдийн хувьд хэд хэдэн удаа сонин хэвлэл тарааж, аймаг сумаар нэг сурталчилгааны самбар байрлуулахад хөрөнгө зарцуулах нь дамжиггүй. Хамгийн гол нь Б.Гарамгайбаатарын хувьд тус аймагт нэр дэвшихээ эртнээс мэдэж байсан болохоор сонгуулийн бэлтгэл нэрээр хоёр жилийн өмнөөс хөрөнгө зарцуулж эхэлсэн байдаг.

“Монроуд” компанийн хувьд байгуулагдаад нэлээд хэдэн жил болж байгааг зарим хүн мэдэхгүй байж болох юм. Завхан аймгийн Солонготын давааны 22 километр хайрган замыг Дэлхийн банкны санхүүжилтээр. Мөн Хэнтий аймгийн Дуутын даваанаас Мөрөн сум хүртэлх 50 км хатуу хучилттай замыг тус тус барьсан. Энэ замыг барьж байгуулснаараа ч Б.Гарамгайбаатар Хэнтийнхнээс чамгүй санал авсан. Мөн энэ замыг тус компани өөрийн хөрөнгөөр барьсан, 2007 онд хүлээлгэж өгөөд төрөөс авах ёстой мөнгөө авсан тухай ч эх сурвалж өгүүлсэн. “Улбаа” компанийг Б.Гарамгайбаатар хувьчлалаар авч, “Монроуд”-ын охин компани болгосон. Төмөр бетон гүүр зэрэг бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байсан гэдэг.

Б.Анар


URL:

Сэтгэгдэл бичих