С.Буяндалай: МИАТ-ийн хоёр инженерийн эрхийг хассан
“ИНЕГ-ын дарга С.Буяндалай 50 хүнийг халж, 100 гаруй хүнийг шинээр ажилд авчээ. Тэдний 30 хувь нь даргын албан тушаал” гэсэн мэдээлэл байна. Түүнчлэн тус газрын халаа сэлгээнд УИХ-ын зарим гишүүд, тухайлбал бие даагч гишүүдийн нэрс холбогдсон талаарх мэдээллийн мөрөөр бид ИНЕГ-ын дарга С.Буяндалайгаас зарим зүйлийг тодрууллаа.
-ИНЕГ гэдэг нарийн мэргэжлийн байгууллагад халаа сэлгээ хийж, мэргэжлийн бус хүмүүсээр баг бүрдүүлэн, 50 хүнийг ажлаас халж, халснаасаа хоёр дахин олон хүнийг шинээр ажилд авсан гэсэн мэдээлэл гарчээ. Та ажилдаа томилогдсоноос хойш тийм олон хүн ажлаас нь халсан хэрэг үү?
-Уг мэдээллийг би уншсан. Хэт гуйвуулсан, хувийн үзэмжээс хандсан мэдээлэл байсан. ИНЕГ мэргэжлийн байгууллага учраас нисэхийн нарийн мэргэжилтэй боловсон хүчин маш чухал. Уг сонинд нийтэлсэн жагсаалтаас харахад ИНЕГ-т насаараа ажиллаж ирсэн хүмүүсийг шинээр ажилд авсан гэж бичсэн байсан. Түүгээр ч үл барам манайд ажилладаггүй хүмүүсийн нэрс хүртэл байснаас гадна өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн нэрсийг ч халагдсан гээд биччихсэн байна лээ. Хүнийг ажлаас хална гэдэг нэг төрлийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл шүү дээ. Байгууллага дотроо сэлгэх, өөр ажилд шилжиж ажиллана гэдэг манай байгууллагын зохион байгуулалтын асуудал учраас хэн нэгнийг хохироосон мэтээр мэдээлэл цацаж байгаад маш их харамсаж байна. Зарим хүний нэрийг олон болгож харагдуулах гэсэн үү алдаж бичсэн үү хэд хэдэн удаа давхардуулж бичсэн байсан. Харин нэг хүн халж хоёр хүн ажилд авна гэдэг боломжгүй гэдгийг та ч надаар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа. Учир нь манай байгууллагын бүтэц орон тоог Засгийн газар баталдаг. Энэ орон тооны хязгаараас хэтрүүлж хүн ажилд авбал цалинг нь хэн өгөх вэ?
-Тэгэхээр энэ мэдээлэл ор үндэсгүй гэсэн үг үү. Таныг бие даагч гишүүдийн дэмжлэгээр томилогдсон болохоор тэдний шахааны хүнийг ажилд авдаг гэсэн байна лээ?
-Энэ ор үндэслэлгүйгээс гадна маш их гуйвуулсан хуурмаг мэдээлэл. Харин УИХ-ын гишүүдийн тухайд ийм ойлголтыг хүмүүст төрүүлэх нь хэнд ямар ашигтайг би сайн ойлгохгүй байна. Энэ хэн нэгний хардалт төдий л зүйл. Ажил хэргийн шугамаар төрийн ордонд орж явахдаа УИХ-ын гишүүдтэй тааралдаж нам, нам бусаар нь ялгалгүй бүгдтэй нь мэндэлдэг. Түүнээс өөрөөр зарим хэвлэлд бичсэн шиг аль нэг гишүүнтэй ойр дотно холбоо байхгүй.
-Өнгөрсөн сарын 18-нд Улаанбаатараас Сөүлийг зорин ниссэн МИАТ ХК-ийн Боинг-767 онгоц агаарт хөөрөөд удаагүй байтал нэг хөдөлгүүрийнх нь тосны даралт унаснаас ослын буулт хийсэн. Энэ хэрэгт танай байгууллага ямар нэгэн хариуцлага хүлээх үү?
-Иргэний нисэхийн ерөнхий газар чиг үүргээрээ төрийн бодлого, хяналтыг иргэний агаарын тээвэрлэгчдэд тавьж хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулдаг.
Тиймээс компаниудын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох боломжгүй. Энэ бол МИАТ ХК-ийн хариуцах хэрэг. Учир нь, тус компанийн ажилтан алдаа гаргаснаас энэ хэрэг үүдэлтэй. Бидэнд ирсэн мэдээллээр МИАТ-ийн инженер техникийн ажилтнууд тосны савны таглааг хэлтгий тагласныг хөөрсний дараа мэдэж эргэж буулт хийхэд хүрсэн. Тиймээс алдаа гаргасан хоёр инженерийн онгоц засварлах эрхийг хязгаарласан.
-ИНЕГ хаана харьяалалтай нь үл мэдэгдэх байгууллага байна гэж зарим хүн шүүмжилсэн байсан. Танай газрыг хариуцдаг сайд, дарга байдаггүй хэрэг үү?
-Яалаа гэж. ИНЕГ бол хэзээнээсээ л Зам тээврийн яамны харъяа агентлаг шүү дээ. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээс гадна улсын төсөвт хөрөнгө мөнгө төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Тиймээс он гарахаас урьтаж улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд иймэрхүү худал хуурмаг, явцуу мэдээлэлтэй зууралдах завгүй ажиллаж байна.
-Нууц биш бол танай байгууллага хэдий хэрийн хөрөнгө улсын төсөвт төвлөрүүлдэг вэ?
-Нуух юу байх вэ. Манай улсын дээгүүр жилд 80-85 мянган дотоод гадаадын агаарын хөлөг дамжин өнгөрдөг. Тэдгээрт агаарын аюулгүй ажиллагаа, навигацийн үйлчилгээ үзүүлсний төлбөрт өнгөрсөн жил 45 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн бол энэ оны төлөвлөгөө 50 тэрбум. Гэтэл саяхан төсвийн тодотголоор найман тэрбум төгрөг нэмж төвлөрүүлэх, тэвчиж болох зардлыг хасч танах үүрэг өгсөн.
-Төлөвлөгөөг биелүүлэх боломж хэр байна. Бусдаас авах өр зээл багагүй байгаа гэж сонссон?
-Он гарснаас хойш өр зээл огт тавиагүй. Өнгөрсөн онуудад хуримтлагдсан өр бий. МИАТ-ээс л гэхэд манай байгууллага есөн тэрбум төгрөгийн авлагатай. Изинес, Хүннү эйр, Аэро Монголиа компаниуд есөн зуун сая төгрөгийн өртэй байгаа. Эдгээр авиа компаниудын өр авлагыг барагдуулчихвал бид төлөвлөгөөгөө биелүүлэх боломжтой.
URL: