Хэл ам багатайхан тарчихаач, түшээд ээ!
Ахмад сэтгүүлч
“Саваагүй нохой саранд хуцна гээчээр энэ өвгөн юу ч билээ” гэж гайхаж, гоочлох, тэр ч байтугай доог тохуу болгох нэгэн байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ сэтгэлд суусан сэв, санаа зовоогоод үл болохын учир арга буюу арав таван үг хэлхэж сууна.
Хууль тогтоох эрхийг дангаараа хадгалж, Төрийн эрх барих дээд байгууллага-Улсын Их Хурлын ээлжит сонгуулиас хойш бүтэн, хагас жил улиран одов. Өөрөөр хэлбэл монгол түмэн, сонгогч бид, улс орноо хөгжил дэвшлийн өөдрөг өгсүүр замаар хөтлөн, маргаашийн сайн сайханд хүргэх итгэл хүлээлгэж, эрхт Төрийнхөө жолоог эрхэм түшээддээ атгуулсаар өдий хугацааг элээж байна. Туулах замынхаа гуравны нэгийг хэдийнэ ардаа орхиж, ганцхан уухайлаад ухас хийхэд л газрын дунд хүрчиxэм, чамлаж үл болох энэ хугацаанд амжуулж бүтээсэн, урагшлуулж дээшлүүлсэн нь юу билээ.
Намчирхал, талцал, ялгаварлал, гадуурхал хэрүүл, үгүйсгэл. Эрх мэдэл, ширээ суудлын төлөөх улайрал, булаацалдаан, Өөрөөр “тэр” гээд хэлчих, харуулчих бахархах юм төдийлөн үгүй. Яасан ч дуусдаггүй маргаан, тайлж болдоггүй уяа зангилаа вэ гэсэн төвөгшөөл сэтгэлд ургана. Энэ тухайг эргэцүүлэн бодож, тунгаах аваас,эхнээсээ бүтэлгүйтсэн явдлыг ёгтлосон өвгөдийн өөрмөц хэлц “Мордохын хазгай” хэмээх үг санаанд орж байна. Тиймээ. ”Мордохын хазгай”. Энэ үгийг дахин давтан хэлэх төдийгүй “Эмээлээ буруу харуулаад тохчихож” гэхэд эндүүрэл эс болом.
Гурван жилийн өмнөх өдрүүдийг эргэн саная. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг шинэчлэх их ажилд Төрийн эрхэм түшээд ханцуй шамлан орж, оюун санаа, ухаан бодлоо уралдуулж байлаа. Намчирхал, талцал, Хэрүүл хэлцлээр ихэнх цагийг барах зуршилд “идээшсэн” тэдгээр хүмүүсийг ид шидийн гэлтэй үл үзэгдэх нэгэн үзүүрт шижим, холбож хөтөлсөн нь түмний итгэлд дөрөөлөн байж, эзлэн авч, тухалсан суудалдаа улиран үлдэх, эв нь таарвал удаан хугацаагаар шигдэж, ямбалах боломж олж авахын хүслэн байлаа. Тэр нь юу билээ. Үе үехэн сураг төдий сүүмэлзэж байсан “Пропорцианаль” /миний ойлголтоор “хувь тэнцүүлэх” гээчийн биет хувилбар, ”Улс Төрийн намын нэрсийн жагсаалт” хэмээх, Монгол Улсын Үндсэн хуульд огт байхгүй ”гажуудлын” гэхээр ухагдахуун. Энэ ойлголт эрх мэдэл, зэрэг дэвийн улайралд автагсдын шуналын хорхойг дэвэргэснээр гарц, уулзвар бүрийг “ногоон гэрлээр” туулан, урагшилсаар ”Монгол Улсын иргэд нийтээрээ, сонгуульд тэгш эрхтэй оролцож, нууцаар саналаа өгч, УИХ-ын гишүүнийг шууд сонгох” Үндсэн хуулийн заалтын орон зайг шахан түрсээр байр сууриа эзэлж, 76 суудлын гуравны нэгээс илүү буюу 28-ыг нь ямар нэгэн өрсөлдөөнгүй, намынхаа дарга, удирдлагад талтай байснаар эзлэн, тухлах эрхийн үүд хаалганд түлхүүр тааруулж өгөв. “Унах мориныхоо эмээлийг буруу харуулж тохов” гэсний учир ийм. Тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийн тоо цөөрснөөр ялна, гарна гэдэг яггүй өндөр даваа болов. Арга заль авхаалж самбаа бүхнээ шавхах хэрэгтэй” гэсэн бодол өрсөлдөгч бүрийн, Улс төрийн намын зүтгэлтэн нарын ой, ухаанд бат шингэж чухамдаа сонгуулийн биш, ов мэхийн өрсөлдөөн болсон нь чин үнэн. Сонгууль товлож тогтоосон цагтаа болдгоороо болж, тойргийн 48, жагсаалтын 28 арайхан элэг бүтэн бололгүй хагас дутуу бүрдсэн ч яг зэрэгцээд заргын бичиг шидэлцэж, түмний сонголтын үр дүнг шүүхийн танхимд шийдэх, шинэ өвөрмөц, өөр хаана ч байхгүй гэхэд эндүүрэл эс болох “нээлт”амилав.
Шинэ юм болохоор дуулиан шуугиантай ужиг удаан гэдэг нь гайхалтай. Өвөрхангайн хэмээх хэдэн сарын настай хэрүүлийн алимыг шүүхийн шийдвэр, үгсэл тохиролцоо хамтран байж, учрыг нь олсон бол, Увсын хэмээх эгэл иргэд, малчдыг хөлдөө чирсэн хууч “өвчин” өнөөг хүртэл, илааршдаг ч үгүй, үгдэрдэг ч үгүй ужгирсаар бүтэн хагас жилийг ардаа хийв. Хэдийд учраа олж, хужраа тунгаахыг хэлэх боломж хараахан үгүй. Уг нь ард түмэн, сонгогчид та бүхнийг эрх тэгшээр хамран ажиллаж, Төр засаг, улс гэрээ төвхнүүлж, эвийг эрхэмлэж, хамтын оюун сэтгэл, хүч ухаан, хичээл, зүтгэлээр, ард олон биднийгээ удирдан хөтөлж, хөгжлийн өндөрлөг тийш тэмүүлэхийг захиж даалгаж, сонгосон билээ. Гэтэл хариуг хэрхэн барьж байна вэ.
Аргацаах залилах, эв нь таарвал идэх, завших, уран аргын уралдаанд ухаанаа сорьж, биежүүлж, батжуулж байгаа юм биш үү, “Мууд муу, муухайд улцан” гэсэн бас нэгэн хэлц байдагчлан, Улсын Их Хурлын анхдугаар чуулган хууль зөрчиж, даргаа сонгосон, цөөнхийг хэт гадуурхаж, бүлэг байгуулах, гишүүдийг нь байнгын хороодод орж ажиллах боломжийг хааж, боогдуулсан, Төрийн тэргүүн хэдий хэлж, анхааруулсаар ч Засгийн газрыг дотор /18 сайдын 16 нь УИХ-ын гишүүд/-оосоо бүрдүүлж, Хууль тогтоож, хяналт тавих дээд байгууллагыг, Гүйцэтгэх засаглалын эрхшээлд оруулсан, сүүлийн үед чуулган болон байнгын хороодын ирц бүрдэхээ больж, аргаа барахдаа “Аавынхаа толгойг маажина” гэгчээр, эрхэм шиүүүдийг зөвхөн ажилдаа ирснийх нь төлөө урамшуулах гэхчлэн олонхийг бүрдүүлсэн хүчний өө, согогийн тухай таагүй яриа амнаас ам дамжин түгсээр, түмний сонорт “чийр” нэмж байна. Бүтэн хагас жилийг элээсэн цагийн уртад хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн хууль, тогтоомж, бодлого шийдвэрийн тухайд жин дархуйц чансаатай нь юу билээ гэвэл” эрээд үл олдох эрдэнэ” гэлтэй нэн ховор. Хэтрүүлэг бус үнэн байдал нь ийм.
Монгол Улсын төр хүндээр өвчилжээ, Тэр нь оны сүүлчээр болсон орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд халдварлаад бүр архагшсан бололтой.
Ингэж хэлэхэд илүүц буюу дэгсдүүлсэн эс болно. Тийм үгүй аваас хэд хэдэн аймаг, бүтэн жилийн турш засаг даргагүй, түр орлон гүйцэтгэгч хэмээх огт байхгүй мяндаг тушаалтан алба залгуулсан болж, ээлж өнгөрөөн суух билээ. Сонгуулиас сонгуульд сонгогчдын оролцох идэвх буурч, хувь хэмжээ нь доошилсоор байгаа нь ч бас л нэг үзүүлэлт. Сонгогчид, ард түмэн сонгуулиас уйдаад байгаа юм биш үү гэсэн үгийг хэлэх аваас оройруу нь орж үнэний байр эзлэх нь лавтай. Бас Төрийн алба, түмний биш, төрөл садан, найз нөхдийнх болсон гэхэд хэтрүүлэг эс болом байдалд оржээ.
Эмчилж, илааршуулах, бүр эдгэрүүлэх, эрүүлжүүлэх цаг болжээ. Хожимдож хоцорч байгаа ч байж мэднэ. Дүгнэлт бараг тэр талдаа л болов уу. Алийн болгон эмгэгт баригдсан Төр, засагт жолоогоо бариулж, будилж, шаналж, ядарч зовж зүдэрч явах билээ. Түмний энэ тэвчээр барагдам хэцүү байдалд орсныг Төрийн эрхэм түшээд ухаарна хэмээн найдаж байна. Үүний тулд Монгол Улсын Их Хурал үндсэн хуульд тунхаглан заасан ёсоор “өөрөө тарах” бүрэн эрхээ эдлэх цаг нэгэнт болжээ. Алгуурлаж цаг алдваас өнгөрсөн борооны хойноос “цув нөмрөх” үйлийг хэчнээн давтаад ч нэмэр үгүйг хэлэх нь илүүц биз.
УИХ тарлаа гэхэд дараачийн сонгууль хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэх хатуу даалгавар үлдэнэ. Үүний тулд хичээж, бодож, алгуурлалыг цэгнэж, цэгцлэх, шинийг сэдэх, бодох, бүтээх тулгамдсан олон асуулт хариу нэхнэ.Тэр бүхэнд “зовлон үзсэн чавганц”-ын байдлаар хичээх, нэгэн үгээр хэн байснаа харуулах эв нийлж хичээвэл ямар ч бэрхшээл саадыг даван туулах хүчтэй чадалтайгаа харуулах хэрэгтэй болно. Эл бүхэнд хэн бүхэн дүгнэлт хийж хичээх нь лавтай. Энэ бол өөдлөх, өгсөх, эрүүлжих, энхжихийн эхлэл.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: