С.Бямбацогт: Засгийн газарт хариуцлага тооцно

131212-3tД.БОЛОР

УИХ дахь МАН-ын бүлгийг С.Бямбацогт удирдахаар боллоо. МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлэг нь өчигдөржин хуралдаад Ховд аймгаас УИХ-д хоёр удаа сонгогдсон түүнд итгэл хүлээлгэхээр шийджээ. Харин бүлгийн дэд даргаа сонгож амжаагүй аж. Дэд даргаа удахгүй өрсөлдөөний зарчмаар сонгох тухай  МАН-ын дарга М.Энхболд онцолсон. Бүлгийн шинэ дарга С.Бямбацогтоос зарим асуултад хариулт авлаа.

 

-Юуны өмнө бүлгийн дарга болсонд баяр хүргэе. Ажилдаа ямар зарчим баримталж ажиллах вэ?

-Сөрөг хүчин буюу цөөнхийн бүлгийн даргын ажлыг хийнэ гэдэг амар  биш. Хариуцлагатай, санаачилгатай, идэвх зүтгэл чармайлт гаргаж хийх ёстой ажил. Дарга гэхээсээ илүүтэй зохицуулагч менежер гэж ойлгож байгаа. МАН-ын XXVII Их хурлаас хойш намын бүлгийн гишүүд 21 аймаг, есөн дүүрэгт ажилласан. Энэ үеэр бүлгийн гишүүдийг илүү санаачилгатай ажиллаач гэсэн шаардлагыг намын гишүүд, ард иргэд тавьж байсан. Тийм болохоор бидний хувьд хийх ажил их байна. Сөрдөг биш бүтээлч бүлэг байлгахын тулд өөрөөс хамаарах бүхнийг хийж ажиллана.

-Таныг бүлгийн даргаар сонгогдсоны дараа бүлгийн гишүүд юу захив?

-Бүлгийн даргад Ж.Энхбаяр гишүүн бид хоёр өрсөлдсөн. Бид хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Миний хувьд бүлгийн дэд даргаар ажиллаж байсан. Гишүүдэд биднээс асууж тодруулах зүйл харьцангуй бага байлаа.

-Та УИХ дахь намын бүлгээ удирдах хариуцлагатай албан тушаал хүлээн авлаа. 2016 оны сонгуульд амжилттай оролцох эсэх нь танаас бас шалтгаалах болов уу?

-Бүлэг дээр тулгуурлаж улс төр явагдана. 2016 оны сонгуулийн үр дүн, МАН-ын ялалт бүлгийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Тиймээс 26 гишүүн маань үүнд манлайлж ажиллах ёстой гэж ойлгож байгаа.

-Эдийн засгийн байн­гын хорооны хурал­даанаар таны санаачилсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ асуудлаар үндэсний зөвшилцөлд хүрэх алхмыг тавилаа гэж ойлгож болох уу?

-Өнөөдөр Монголын төр бодлогогүй байна. Бодлогогүй байгаагийн харгайгаар улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүндэрсэн. Тийм учраас бид харилцан ойлголцож зөвшилцдөг байвал бодлого тогтвортой, тодорхой болох юм. Олонх нь хүч түрсэн байдлаар төрийн бодлогыг тодорхойлбол цөөнх нь олонх болсон үедээ өмнөх бодлогыг өөрчилдөг байдлаар 20 гаруй жил явж ирсэн. Энэ байдлыг өөрчлөхийн тулд бид ойлголцож зөв­шилцөж ажиллах ёстой.

-Цаашид хууль тогтоох үйл ажиллагаатай холбоотой бодлогын төвшинд шийдэх ёстой асуудалд бүлгийн зүгээс хэрхэн анхаарах вэ?

-Засгийн газар сайн ажиллаж чадахгүй байгааг хаа сайгүй ярьж шүүмжилж байна. Цаашдаа бид Засгийн газарт хариуцлага тооцох асуудалд анхаарч ажиллана. УИХ-аар хэлэлцэх гэж байгаа хуулиуд дээр анхаарах зүйлүүд бий. УИХ-ын нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна. Олонхид олонх шиг бай, ард түмний өгсөн итгэлийг дааж ажилла гэдэг шаардлагыг тавьж ажиллана.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих