Х.Тэмүүжин: ”Д.Дорлигжавын гаргасан гомдлыг буцаасан”
Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн барилгатай холбоотой ээлжит дуулиан дэгдэв. “Алаагүйн баавгайн арьсыг булаацалдана” гэгчээр баригдаж дуусаагүй энэ барилгад Хууль зүйн яам, прокурорын байгууллагын аль нь орох тухай маргаан дэгдэж, бүр сүүлдээ нэг нэгнээ шүүхэд өгөөд байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй мэдээллээр бол анх Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг татан буулгахдаа “Улсын ерөнхий прокурорын газрыг оруулна” гэж Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавтай аман тохироо хийсэн гэнэ.
Гэвч замын дунд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлсэн ярьснаасаа буцаж “Хуульчдын холбоо гэх том байгууллага байгуулсан. Мөрдөх алба гэх байгууллага удахгүй бий болно. Тэгэхээр энд Улсын ерөнхий прокурорын газрынхан багтах боломжгүй. Манай яамны харьяа агентлагууд өөрсдөө багтаж шингэхгүй нь” гэх мэтээр зовлонгоо тоочсон сурагтай.
Ийн хэлсэн амнаасаа буцсан явдалд Д.Дорлигжав прокурор дургүйцэж Хууль зүйн сайдыг Сүхбаатар дүүргийн шүүхэд өгснөөр үйл явдал улам хурцдав. Үүнээс гадна зарим хэвлэл мэдээлэлд “Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав зөвхөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй нэгийгээ үзэх бус Засгийн газар, Ерөнхий сайдыг хүртэл шүүхэд өгсөн” гэх мэдээлэл гараад байгаа юм.
Дээрх мэдээллийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс өчигдөр тодруулахад “Энэ талаар ярилцлага өгөхгүй” гэсэн ч зарим зүйлийг хэлсэн юм. Тэрбээр “Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын гаргасан нэхэмжлэлийг өчигдөр буцаасан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичээд байгаа шиг аман тохироо хийсэн зүйл байхгүй ээ.
Уг нь Засгийн газрын тогтоол гарч тэнд таван байгууллага орно гэсэн. Гэтэл Улсын ерөнхий прокурорын газар дангаараа орно гэж яриад байгаа. Хууль мэддэггүй хүмүүстэй шүүхдэлцэхгүй” гэсэн юм.
Мөн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав Ерөнхий сайд Н.Алтанхуягийг шүүхэд өгсөн эсэх талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Мөнхтөрөөс тодруулахад “ Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс л олж харлаа. Одоогоор бидэнд ямар нэгэн мэдээлэл алга.
Шүүхээс дуудаагүй” гэх товчхон хариултыг өгсөн юм. Өнгөрсөн үйл явдлыг сануулахад Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн удирдлагуудтай уулзахдаа тус эмнэлгийн барилгын өргөтгөлийг Хууль зүйн яам болон прокурорын байгууллагын байр болгоно гэдгээ мэдэгдэж байсан билээ.
“Эрүүл мэндийн яамнаас булаан авсан” гэж яригддаг Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг энэ удаа Хууль зүйн яам, УЕПГ ийн булаацалдаж эхэллээ.
Д.Мягмарсүрэн
http://sonin.mn/news/gemt-hereg/22624
URL: