“Есөн эрдэнийн ганжуур”-ын гэрчилгээг Үндэсний номын санд хадгална
Парис хотноо өнгөрөгч сарын 5-20-нд болсон ЮНЕСКО-гийн 37 дугаар Ерөнхий бага хурлын үеэр тус байгууллагын Ерөнхий захирал Ирина Бокова Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болдод “Есөн эрдэнийн Ганжуур” судрын “Олон улсын баримтат өв”-д бүртгэсэн гэрчилгээг гардуулсан билээ.
Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд “Есөн эрдэнийн ганжуур” судрын гэрчилгээг Үндэсний Номын санд хадгалуулах болсон бөгөөд энэ сарын 13-ны 15:00 цагт тус байгууллагын Үнэт ховор номын музейд гардуулах аж. Энэ оны 6 дугаар сарын 18-21-ний хооронд БНСУ-ын Гуанжу хотод болсон ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын зөвлөлдөх хорооны ээлжит 11 дүгээр бага хурлаар гишүүн орнуудаас нэр дэвшүүлсэн баримтат өвийн материалыг судлан хэлэлцэж, 54 хосгүй үнэт дурсгалыг тус хөтөлбөрийн “Олон улсын баримтат өв”-д бүртгэсний дотор “Есөн эрдэнийн Ганжуур” багтсан нь соёлын түүхэнд тод үлдэх үйл явдал болсон юм.
Гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Л.Болд, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, холбогдох байгууллагуудын төлөөлөл болон бусад зочид төлөөлөгчид оролцоно. Энэ үеэр мөн ЮНЕСКО-д өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн соёлын биет бус өвүүд болох Монголын уран бичлэг, Монгол гэрийн үзэсгэлэн гарах аж.
Ч.Ариунболд montsame
URL: