Гүндэгмаа мөнгөн медалийн хамт Лондоныг зорих эрхээ авлаа

АНУ-ын Форт Беннинг хотноо болж буй буудлагын “Дэлхийн цом”-ын тэмцээнээс Монгол Улсын гавьяат тамирчин, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэн Лондонгийн олимпийн эрхээ авлаа.

Тэрбээр эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны төрөлд буудан өнгөрсөн шөнө мөнгөн медаль хүртэж, Монголын мэргэн буучдын Лондонгийн олимпийг зорих анхны эрхийг авч байна. Манай тамирчны гол өрсөлдөгч нь Хятадын тамирчин Чень Инг байсан бөгөөд тэрбээр финалийн шалгаруулалтад 10.4, 10.0, 10.4, 10.4, 10.1, 10.4, 10.5, 10.3, 10.6, 10.2 буудан нийт 591 оноогоор алтан меалийн эзэн болжээ. Харин Гүндэгмаагийн хувьд 10.2, 10.1, 10.0, 10.0, 10.5, 10.4, 9.9, 10.2, 10.4, 10.8 буудан нийт 585 оноогоор удаах байранд оржээ.

Харин түүний араас Энэтхэгийн тамирчин 582 оноогоор гуравдугаарт орсон байна.

Үүнээс гадна Герман улсыг төлөөлөн оролцсон Д.Мөнхбаяр энэ төрөлд 10 дугаар байрт орсон бол ОУХМ Ц.Мөнхзул 12 дугаар байранд тус тус оржээ.

С.Отгонбаяр


URL:

Сэтгэгдэл бичих