Хүний эрх ярихаар монголыг төлөөлж НҮБ-д очоод “гол гарсан” түшээд хэн байв

32_7e3ec138657f692e37cfe996ae787a64eb384bbeНҮБ гишүүн орнуудынхаа Засгийн газрын төлөөллийг хамруулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит чуулганаа Швейцарийн холбооны улсын Женев хотод энэ сарын эхээр хийжээ. “Бизнес ба Хүний эрх” сэдэвт энэ чуулганд оролцохоор манай улсаас төрийн эрх бүхий байгууллагын найман хүн, иргэний нийгэм, бизнесийн байгууллагыг төлөөлж хоёрын зэрэг хүн энэ сарын 2-ны өдөр ХБНГУ-ыг зорьсон байдаг. Гэвч УИХ- ын гишүүн тэргүүтэй эрх бүхий найман хүн тэнд очоод чуулгандаа суусангүй. Бүр нээлтэд нь ч очоогүй. Уг нь НҮБ-аас зохион байгуулж буй олон улсын арга хэмжээний нээлтэд улс орноо төлөөлж очсон хүмүүс бүгдээрээ хүндэтгэн суух ёстой бичигдээгүй хууль, дэг бий. Бусад орны төлөөлөгчид чуулганы нээлтэд бүгдээрээ сууж байхад манайхыг төлөөлж морилсон эрх бүхий хүмүүс сураг байсангүй.

    Харин иргэний нийгэм, бизнесийн байгууллагыг төлөөлж Фридрих Эберт сангаар зардлаа гаргуулан явсан хоёр хүн чуулгандаа эхнээс нь дуустал сууж, суусны хэрээр чуулганаар хэлэлцсэн бүх асуудлыг сонсоод ирсэн гэх. Тэгвэл Засгийн газрыг төлөөлж НҮБ-аар зардлаа даалгуулан морилчихоод гол гарагсад бол УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Баярсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж болон тус комиссын нэг ажилтан, цагдаа, прокурорын байгууллагын удирдах түвшний гээд найман хүн. Эдгээр найман хүний нэг нь буюу Хүний эрхийн үндэсний комиссын ажилтан Алтангэрэл үдээс хойших хуралдаанд алдаг оног суусан бол бусад нь хаана яваа нь бүү мэд алга болжээ.

    “Бизнес ба хүний эрх” чуулганд НҮБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын төлөөлөл оролцдог бөгөөд жилдээ нэг удаа хуралддаг гэдгийг дээр дурдсан. Энэ чуулганд Засгийн газрын төлөөллөөс гадна иргэний нийгэм, бизнесийн төлөөлөл оролцож хүний эрхийг хангах эрхийг хамгаалах зарчмуудыг ярьж, улс бүр өөрийн орондоо хийж, нэвтрүүлж буй ажлаа танилцуулдаг гэдэг. 2011 онд баталсан бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хэрхэн хамгаалах, эрх зүйн орчинд яаж суулгах, шүүхийн тогтолцоонд яаж хэрэглэх гэх мэтчилэн олон асуудлыг тусгасан баримт бичгийг баталсан бөгөөд энэ удаагийн чуулганаар тус баримт бичгийн хэрэгжилт ямар явцтай байна гэдгийг ярилцжээ. НҮБ- ын гишүүн орны Засгийн газрууд энэ баримт бичгийг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө гарган, хэрэгжүүлэх ёстой бөгөөд чуулганаар “Манай засгийн газрын төлөвлөгөө боловсруулах явц ийм байна” гээд бусад орны хэрэгжилтээ тайлагнажээ.

    Хамгийн түрүүн Их Британи төлөвлөгөөгөө боловсруулаад НҮБ-д гардуулчихсан гэдгээ мэдэгдсэн бол энэ долоо хоногоос бэлэн болно гэж хэд хэдэн орон танилцуулсан байна. Харамсалтай нь манай улсаас хүн суугаагүй учир манай тайлан байхгүй. Манай улс энэ баримт бичгийг хэрэгжүүлэхэд хаахна яваа нь мэдэгдээгүй. Үндэсний төлөвлөгөө боловсруулж байгаа гэсэн сургийн төдий мэдээллээс өөр юм байгаагүй гэх. Манай улс дотооддоо л хүний эрх ярьж том дуугардаг болохоос олон улсад очоод хувийн алжаалаа тайлдаг уу, эс бөгөөс дэлгүүр хоршоо хэсдэг үү юутай ч сураггүй алга болчихдог юм байна.

    Чуулганд Монгол Улсыг төлөөлж оролцох хүмүүс эндээс явахдаа уг нь бүгд нэг онгоцонд сууж, нэг онгоцоор очжээ. Очоод УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Баярсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж нар НҮБ-ын хүний эрхийн дээд комиссар, хатагтай Нави Пиллай уулзсан гэж ичсэн нүүрэндээ өөрсдөө мэдэгдэж байгаа ч үнэхээр уулзсан уу гэдэг бас л бүрхэг асуудал. Хамт авахуулсан зургаа Хүний эрхийн үндэсний комиссын сайтаар дэлгэснийг бодоход уулзах нь ч уулзсан шиг байгаа юм. Гэхдээ 2015 онд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд гишүүнээр элсэх сонирхолтой байгаагаа илэрхийлж буй манай улсын хувьд энэ тун ч чамлахаар ажил. Хатагтай Нави Пиллайтай уулзсан гэж итгээд хүний эрхийн зөвлөлд гишүүнээр элсэх асуудлаа хөөцөлдөж, ярилцсан болов уу гэж таахаас өөр аргагүй. Уг нь гишүүнээр элсэх гэж байгаа бол чуулгандаа суух л ёстой.

    Үүнээс гадна 2012 оны аравдугаар сард Улаанбаатарт “Бизнес ба хүний эрх” олон улсын хурал болсон. Тэр хурлын үеэр Монголд бизнесийн салбарт хүний эрх ямар шатанд байгаад үнэлгээ хийжээ. Үнэлгээ хийгээд манайд НҮБ-аас зөвлөмж өгсөн ч тэр зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар манай улс одоогоор A үсэг ч тавиагүй байгаа гэсэн. Энэ мэтчилэн манай түшээд, төрийн албатууд хүний эрхийг хангана, хамгаална гэж хоолойгоо сөөтөл чанга, сайхан ярьж л чаддаг л болохоос биш ажил хэрэг болгох байдал нэг иймэрхүү дүр төрхтэй. Дашрамд дурдахад, чуулганд 100 орчим улсын 1000 гаруй төлөөлөгчид оролцжээ. Энэ олон улс дунд, улсын төлөөлөгчид дунд манайхан байгаагүй гээд төсөөлөхөөр л зардлыг нь дааж явуулсан НҮБ-аас ичээд байх юм.

Ц.ЭРДЭНЭЦЭЦЭГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих