“АПУ”-гийн Г.Батхүүгийн ах дүү нар “Тэнгис”-ийг авахаар хүч үзэж байна

Сүүлийн үед “Тэнгис” кино театрын хувьчлалын асуудал ихээхэн яригдахын зэрэгцээ үүний ар талд хэн байна вэ хэмээх сонирхогчдын хүрээ тэлсээр байна. Ойрын эх сурвалжийн мэдээлснээр бол эрхэм түшээ Г.Батхүү тэргүүтэй “АПУ”-гийн П.Батсайхан, түүний дүү “Шунхлай”-н захирал П.Батхишиг, НИТХ-ын төлөөлөгч асан П.Батчимэг нар нийлэн “Тэнгис”-ийг өөрийн болгох кампанит ажилдаа хэдийнээ оржээ. Уг кино театрыг анх “Ялалт” нэртэй байхад нь татан буулгаж, 34 хувийг Нийслэлийн өмчийн харилцааны газар 66 хувийг нь Солонгосын “Вэйрич ресорз Ази инк” компани авч байсан түүхтэй. Гэвч Солонгосын тал өөрийнхөө хувийг манай нэгэн эрх мэдэлтэнд зарсан тухай баттай бус эх сурвалжийн мэдээлэл бий. Тэгэхээр нийслэлийн өмчид байгаа 34 хувийг лавтай хувьчлах нь. Юутай ч ирэх 2014 онд хувьчлах жагсаалтад албан ёсоор оруулаад буй “Тэнгис” кино театр нь монголдоо ашиг орлогоороо яг л “АПУ” шиг тэргүүлдэг гэдгийг уншигч та сайн санаж буй.

Гэтэл “Тэнгис”-ийн хувьчлалтай зуузай холбосон нэг мэдээлэл бас л өөрийн эрхгүй сонирхол татна. Тэр нь юу вэ гэхээр өнгөрөгч жил “Тэнгис” кино театрын өмнө баригдаж буй 11 давхар барилгаас төмөр унаж нэгэн оюутан залуугийн аминд хүрснийг уншигч та санаж буй. Уг барилгын ажлыг “Модун спекал” ХХК гүйцэтгэж байсан бөгөөд газар нь анх Ус сувгийн удирдах газрын өмч бүхий усан оргилуур байсан аж. Харин энэ газрыг “Түмэн занги” хэмээх компани ямар замаар хувьчилж авсан нь тодорхойгүй байгаа юм. Ингээд дараа нь нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн К.Пүрэвийн мэдэлд очсон бөгөөд тус барилгыг К.Пүрэвийн захиалгаар “Модун спекал” “Эко” констракштай хамтран гүйцэтгэж байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр К.Пүрэв нь “АПУ”-гийн захирал П.Батсай¬ханы аав төдийгүй “АПУ”-гийн ахан дүүс нийлж, “Тэнгис” орчмын газрыг бүхэлд нь авах санаархалтай байжээ гэсэн мэдээлэл ч бий.
Дашрамд дурдахад өмч хувьчлал нэрийн дор улсын хамаг өнгөтэй өөдтэй бүхэн хэн нэгэн эрх мэдэлтний гарт очоод бараг дуусч буй гэхэд болно. Өдгөө хэдхэн тооны төрийн өмчит объектууд л үлджээ. Д.Бямбасүрэнгийн Засгийн газар, тухайн үеийн Тэргүүн шадар сайд Да.Ганболдын хөллүүлсэн өмч хувьчлалын ажил 20 гаруй жил явагдахдаа 1996-2000, 2004-2006 онуудад эрчимтэй явж ирсэн. Харин өнгөрөгч 2012 оноос хойш энэ ажил эрчимжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл, АН Засгийн газрыг тэргүүлж байх үед энэ ажил эрчимждэг гэсэн үг. Системтэйгээр хувьчлагдаж АН-ынханы гарт очиж байсан объектууд бараг дууссан хэдий ч өдгөө бас нэр бүхий хэд хэдэн газар байна, аа байна. Аргагүй их савны ёроол барагдаж дуустал бас л хол. Ямартай ч “Женко” Х.Баттулга, “АПУ” Г.Батхүү, бүлгийн дарга Д.Эрдэнэбат гээд АН-аар овоглосон олон нөхдийг Монголын тэргүүн баячуудын эгнээнд оруулж өгөөд зогсохгүй одоо ч энэ эгнээг тэлэх хэмжээний өмч хөрөнгө Монгол Улсад бий. Тэгэхээр хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл “Тэнгис” кино театрын хувьчлалаас гадна “Оргил” рашаан сувиллын хувьчлалын асуудал ч дэгдэж буй. Ашиг орлогоороо муугүйд тооцогдох энэ хоёр объектыг хэн хүнгүй л сонирхож таарна. АН-ынхны гөрөөлж буй бас нэг ашиг орлогтой бүс бол МИАТ хэмээх их айл ч байгааг дурдахгүй өнгөрч болохгүй.

 


URL:

Сэтгэгдэл бичих