14 тэрбумаар тоглосон Ц.Чимэдцэрэн “Аавын хаалга”-ыг дахин татах болов

527-138681250991c5a9b97051dda7great“Хадгаламж” банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэн болон Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболд, Пан Азийн аварга, боксчин Д.Лхагва,”Elegance” зочид буудлын эзэн З.Нямгэрэл болон Ж.Мягмаржаргал нарын хүмүүс Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт мөрийтэй тоглож байгаад хууль хяналтын газарт баригдсан билээ.
Тэд тус дүүргийн нутаг дэвсгэрт орших “Барселона” боксын клубт тоглож байх үед нь цагдаагийнхан үйлдэл дээр нь илрүүлсэн юм. Эдгээр мөрийтэй тоглогчдоос Д.Лхагва, Б.Батболд, Ц.Чимэдцэрэн нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.
Учир нь эдгээр хүмүүс өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож шүүхээс ял хүртэл авч байсан. Тодруулбал, Пан Азийн аварга, МУГТ Д.Лхагва өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял сонсч байсан юм.
Тэрээр өнгөрсөн долдугаар сард өдөр тутмын нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа хууль хяналтынханд хандаж “Одоо би наад тоглоомыг чинь тоглохгүй ээ. Та нартай хэзээ ч уулзахгүй.
Мөрийтэй тоглоом гэдэг чинь дэмий юм байна ойлгож авлаа. Бодоод байхад хамгийн их хохирсон хүн нь би. Дээр нь шүүхээр орж нэг жилийн тэнсэн харгалзах ял сонслоо. Одоо ч больё гэж бодож байна” хэмээн ярьж байжээ.
Тоглоомчдын дунд “саятан” хочит Ж. Мягмаржаргал
Тэрээр Увс аймгийн Өндөрхангай суманд 1963 онд төрсөн Хуульч мэргэжилтэй гэх боловч ямар хуулийн сургууль төгссөн нь тодорхойгүй, эхнэр хүүхэдтэй нэгэн. Түүний ах нь Улсын заан Ж.Ганболд юм байна. Ж.Мягмаржаргал нь Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлөг нийлүүлэх нэрээр алдартай.
Хонконгт бүртгэлтэй “Helon Company Ltd”, “Great global international” компаниудыг үүсгэн байгуулж ган бөмбөлөг нийлүүлэхээр урьдчилгаа төлбөрт дөрвөн сая шахам ам.доллар авсан байжээ. Тэрээр мөрийтэй тоглоом их тоглодог бөгөөд хэдэн саяар нь цацдаг тул тоглоомчид түүнийг “саятан” гэж хочилдог аж.
Увс нутгийн харьяалалтай хүмүүс хууль хяналтын газарт нэлээд дээгүүр албанд байдаг учраас Ж.Мягмаржаргал хийсэн гэмт хэргээсээ амархан мултарч үлддэг аж. Одоо Ж.Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн 243.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Ц. Чимэдцэрэнгийн улсад учруулсан хохирол нь бүрэн барагдаагүй
Хадгаламж банкны Ерөнхий нягтлан бодогч Ц.Чимэдцэрэн. МАХН-ын /одоогийн МАН/ дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгч гишүүн. Тэрээр үргэлж Өмнөд Солонгос руу зорчдог байсан бөгөөд зуун мянгаас сая хүртэл ам.доллараар казинод тоглодог байжээ.
Мөн 1997-2007 онд албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж, чек ашиглан гүйлгээ хийж, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн эд хөрөнгө, өмчийг шамшигдуулж, онц их хэмжээний хохирол учруулж байсан. Ингэхдээ банкнаас банкны хооронд хуурамч гүйлгээ хийдэг байсан байна.
Энэ нь Хадгаламжийн банкинд бүртгэгддэггүй. Хувийн дансаа ашигладаг байсан гэдэг нь тогтоогдсон. Энэ хэрэгт нэлээдгүй олны танил эрхмүүд холбогдож байсан аж.
Хадгаламж банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Ц.Чимэдцэрэнгийн 220 удаагийн үйлдлээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан нь тогтоогдож, өнгөрсөн 2008 оны гуравдугаар сарын 17-ны өдөр шүүх хурал нь болж арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болсон.
Гэвч 2009 оны долдугаар сард хугацаанаасаа өмнө өршөөлөөр суллагдсан байна. Их хэмжээний мөнгө завшиж үрэгдүүлчихээд нэг жил хоригдож байгаад гарч ирсэн. Түүний улсад учруулсан хохирол нь одоо ч бүрэн барагдаагүй байдаг юм байна.
Улс учруулсан хохирлыг нь барагдуулахаар орон сууц болон эхнэрийнх нь нэр дээр байсан эд хөрөнгийг авсан байна. Ц.Чимэдцэрэн өмнөх хэргийн хохирлоо барагдуулж дуусаагүй байхдаа дахин мөрийтэй тоглоом тоглож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.
Эрүүгийн тухай хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т хуулиар хориглосон мөрийтэй тоглоом /казино/ тоглосон, түүнийг зохион байгуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-3 cap хүртэл хугацаагаар баривчлах ял онооно.
Мөн 243.2-т зааснаар энэ хэргийг давтан үйлдсэн бол эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3-6 cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Б.Батболд улс төрийн хүрээнд танигдсан нэгэн
Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболдын хувьд төдийлөн муу нэр зүүж байгаагүй нэгэн. Улстөрч, бизнесмэн гэдгээрээ энэ хүрээндээ танигдсан. Улс төрийн намын даргын хувьд санаа бодлоо олонд илэрхийлдэг улс төрийн идэвхитэй нэгэн юм. Бизнесийн салбарт ч амжилттай яваа гэдэг.
Түүний эзэмшилд “XLT” компани багтдаг байна. Тэрээр Монголын уламжлалын нэгдсэн намын даргын албан тушаал хашиж байгаа билээ. Мөрийтэй тоглоом тоглосон дээрх хүмүүст Эрүүгийн хуулийн 243.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Н.Алтан 
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих