Хүний эрх зөрчигдсөн талаарх гомдлыг 7000 0222 утсаар хүлээн авна
ХЭҮК энэ сараас эхлэн хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх гомдол мэдээллийг хүлээн авах тусгай утас ажиллуулж эхэллээ.
Иргэд 7000 0222 дугаарын утсаар тус комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ажилтнуудтай холбогдож хууль зүйн зөвлөгөө авах, өргөдөл гомдол гаргах бололцоог бүрдүүлжээ. 65 дахь жилдээ тэмдэглэж буй “Олон улсын хүний эрхийн өдөр”-ийн хүрээнд ХЭҮК-оос “Хүүхдүүд ээжтэйгээ” өдөрлөгийг ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид зохион байгуулж, тус ангид ял эдэлж буй эхчүүдийг хүүхдүүдтэй нь уулзуулах үйл ажиллагаа, “Бидний хөгжих эрх” хүний эрхийн өдөрлөгийг Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж, “Хүүхдийн эрх” хөгжлийн төвийг байгуулжээ.
Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд “Хүний эрхийн боловсрол” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлан, хүний эрхийн сэдэвт олон нийтийн лекц, сонины нийтлэлүүдийг эмхэтгэн DVD, ном болгон хэвлүүлсэн ба “Хүний эрхийн боловсролыг боловсролын тогтолцоонд” онол, практикийн хурал, “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа” уулзалт зэрэг арга хэмжээг зохион байгуулжээ.
Мөн Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөн, хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх ажиллагааны түүхэн үйл явцыг харуулах зорилгоор “Хүний эрхийн төлөөх он жилүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын 10-наас Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 2 өдрийн турш нээж ажиллуулсан аж.
Б.Туул montsame
URL: