“Эрдэнэт”-ийн хар дансанд экс Ерөнхийлөгчөөс эхлээд Эрчим хүчний сайдын компани оржээ
“Эрдэнэт”-ийн хар дансанд экс Ерөнхийлөгчөөс эхлээд Эрчим хүчний сайдын компани оржээ
Монголын эдийн засгийг олон жилийн турш тэжээж, тэтгэж ирсэн хэд хэдэн үйлдвэр бий. Энэ дундаас манай улсын эдийн засагт жин дарахуйц хувийг дангаараа бүрдүүлдэг, бүрдүүлсээр байгаа нь Монгол, Оросын хамтарсан Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр. Гэхдээ “Эрдэнэт”-ийг улсын гэхээсээ илүүтэй улстөрчдийн төсвийг бүрдүүлдэг болсон гэж олон нийт ярьдаг. Энэ нь ч үнэн. Үнэндээ индэр дээрээс намын харьяалал, үзэл бодлоороо талцаж, хэрүүлийн алим өнхрүүлдэг улстөрчид нэг мэдэхэд л “Эрдэнэт” үйлдвэртэй хэтэвчээрээ нэгдчихсэн байдаг нь нууц биш. Нөгөөтэйгүүр, “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаа үе үеийн эрх баригч улс төрийн хүчний өвөр түрийнд ээлж, дараалан ордог, хэсэг бүлэг цөөнхийн эрх ашигт үйлчилдэг, тэдний сайн, муу бүхнийг нь санхүүжүүлдэг бичигдээгүй хуулийн дор захирагддаг уламжлалтай. Ойрын жишээ дурдахад засаг солигдох бүрт эрх барьсан намын батлахтай хүн энэ үйлдвэрийн захирлаар ногоон гэрлээр очдог нь үүний илрэл болов уу.
Тэгвэл үе үеийн парламент, Засгийн газрын “ивээн тэтгэгч”-ийн үүргийг гүйцэтгэж ирсэн “Эрдэнэт” үйлдвэр бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээтэй 105 компанитай цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ саяхан зарлалаа. Өөрөөр хэлбэл, хамтран ажиллах гэрээгээ зөрчиж, итгэл алдсан компаниудтай арванхоёрдугар сарын 1-нээс үйлдвэрийн хэмжээнд хэлцэл хийх, шинээр гэрээ байгуулахыг хориглосон ерөнхий захирлын шийдвэр гарсан юм. Тодруулбал, УИХ-д суудалтай л бол ямар нэгэн аргаар “Эрдэнэт” рүү шахаа хийдэг гишүүд, намын харьяалалтай дарга нарын компаниудыг удирдлагын төвшинд хар дансанд оруулж, цаашид хамтран ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн нь энэ. Тэгвэл итгэл алдаж, гэрээгээ зөрчсөн компаниудын жагсаалтад экс Ерөнхийлөгчөөс эхлүүлээд Эрчим хүчний сайдын компани хүртэл орсон байх юм.
1
Ц.Даваацэрэн “Эрдэнэт”-ийн захирлаар томилогдоод удаагүй байхдаа тус үйлдвэрийг зээлийн үйлчилгээ үзүүлдэг төрийн “машин” болчихсон талаар онцолж байв. Тиймдээ ч шахааны бизнес цэцэглэсэн 2000 оноос хойш хамтран ажиллах нэрийн дор “Эрдэнэт” үйлдвэрээс их хэмжээний мөнгө зээлсэн ч өдийг хүртэл төлөөгүй компаниудыг хар дансанд оруулж, олон нийтэд эхнээс нь ил болгосон нь энэ. Нэг ёсондоо эдгээр компани “Эрдэнэт”-д тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр гэрээ байгуулсан ч үүргээ биелүүлээгүйгээс их хэмжээний хохирол учруулсан аж. Тухайлбал, “НЕNLON” гэх Хонконгод бүргэлтэй компани “Эрдэнэт” үйлдвэрээс 2005 онд 1.3 сая, 2006 онд 439 мянга нийт 1.7 сая ам долларын зээл авчээ. Тус компани нь өдгөө Нийслэлийн Биеийн тамир спортын газрын даргаар ажилладаг улсын заан Ж.Ганболдын дүү саятан гэгддэг Ж.Мягмаржаргалын эзэмшлийнх аж. Үүнээс гадна Ж.Ганболд даргын эзэмшлийн “Монгол Спорт” компани гэхэд “Эрдэнэт”-тэй тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээгээ биелүүлээгүйгээс 39.8 мянган ам.долларын хохирол учруулсан гэх яриа байдаг. Хамгийн хачирхалтай нь, Ж.Мягмаржаргал захирал өмнөх зээлээ төлөөгүй атлаа “Gream Global International” гэх компанийн нэр 2007 онд 1.5 сая ам.долларыг дахин нэмж авчээ. “HENLON” компанийг “Эрдэнэт”-д шахаа хийхэд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэмжлэг их байсан гэдэг. Нөгөөтэйгүүр, ах дүү хоёрын “Эрдэнэт”-тэй холбогдсон түүх нь Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байсан үеэс улбаатай гэдэг юм билээ. Гэхдээ “НЕNLON”, “Gream Global International” компанийнхан “Эрдэнэт”-ээс авсан 3.2 сая ам.долларыг хэзээ эргүүлэн төлөх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
2
“Эрдэнэт” үйлдвэрээс гаргасан жагсаалтад одоогийн Засгийн газрын гишүүний компани ч багтжээ. Тодруулбал, Эрчим хүчний сайд М.Сономпилийн “Од Трейдинг” компанийг тэд хар дансанд оруулж, цаашид хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлжээ. Хэдийгээр “Од Трейдинг” компани нь түүний хамаатан Д.Баатарцогтын нэр дээр явдаг ч албан ёсны эзэмшигч нь сайд М.Сономпил аж. Гэхдээ байгууллагынх нь чиг үүргээс харахад зочид буудал, ресторан, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг энэ компани яаж яваад “Эрдэнэт”-тэй толгой холбогдсон нь тодорхойгүй байдаг байна. “Эрдэнэт”-тэй олон зуун компани хамтран ажилладаг ч орон нутгийн үйлдвэр, компаниудтай 50 сая төгрөгөөс доош хэмжээний гэрээ хэлэлцээрийг хийдэг юм билээ. Үүнээс харахад Дархан аймагт төвтэй “Залуу Монгол корпорац”-ыг эзэмшдэг М.Сономпил сайд охин компани “Од Трейдинг”-ээрээ “Эрдэнэт”-д шахаа хийлгэж байсан нь ийнхүү энэ сарын 1-нээс эцэс болж байгаа бололтой.
3
УИХ-ын хурлын сонгуулийн үр дүнгээр Засгийн газар солигдох үед тухайн үеийн Байгаль орчин, аялал, жуулчлалын яамны чиг үүргийг өөрчилж, Байгаль орчин ногоон хөгжлийн яам болгон сайдаар нь С.Оюуныг томилсон. Харин С.Оюун сайд болсныхоо дараахан Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийг шинээр байгуулж захирлаар нь М.Энхтайванг томилсон байдаг. Тэгвэл С.Оюун сайдын ойрын хүн гэгддэг М.Энхтайван захирал ч “Эрдэнэт”-д хуруугаа дүржээ. Тодруулбал, түүний эзэмшлийн “Агротех-импэкс” гэх хөдөө аж ахуй, ой, ан агнуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани “Эрдэнэт”-ийн хар дансанд орж, эрхээ хасуулсан байх юм. Уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын томоохон үйлдвэртэй хөдөө аж ахуйн статустай компани ямар шалтгаанаар хамтран ажиллаж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Үүнээс гадна “Замбала” сүлжээ супермаркетийн захирал Ж.Энхболд 2008 онд “Эрдэнэт” үйлдвэрт 827 мянган ам.долларын өр тавьсан ч өдийг хүртэл төлөөгүй нь хар дансанд орох шалтгаан болжээ. Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр”-т элдвийн бараа шахсан асуудал үүгээр хязгаарлагдахгүй. Шахааны бизнесээс гадна “Эрдэнэт” үйлдвэрт бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх нэрийдлээр гэрээ хийж олон сая ам.доллар аваад сураггүй алга бологсод олон аж. “Эм Си Корп” компани гэхэд ган бөмбөлөг нийлүүлэх нэрийдлээр 2004 онд 515 мянган, 2005 онд 106 мянга нийт 621 мянган ам.доллар авсан ч өдийг хүртэл төлөлгүй ор сураггүй алга болжээ. Мөн улсын харцага Г.Батбаяр “Дунд цүүр” компанийнхаа нэр дээр 18.6 мянга, “Эрхэм саруул” компанийн захирал Н.Баяржаргал 6.3 мянган ам.долларын өрийг тус тавьжээ. Олон сая долларын өртэй харьцуулахад танил талтай л бол “Эрдэнэт” үйлдвэр хэн дуртай нь хуруу дүрж, мөнгө угаадаг болсны ойрын жишээ энэ.
“Эрдэнэт” үйлдвэрийн агуулахад 6.8 тэрбум төгрөгийн хэрэглэгдэхгүй, шаардлагагүй бараа бүтээгдэхүүн өдгөө хадгалаастай байгааг албаныхан хэлж буй. Бараг зургаан цэцэрлэг барих хэмжээний өртөгтэй бараа үйлдвэрийн агуулахад хөглөрөөд хэвтэж байгаагаас харахад “Эрдэнэт” хэдийнэ шахааны газар болсныг илтгэнэ. Ямартай ч, гэрээний дагуу нийлүүлсэн ч шаардлага хангахгүй бүтээгдэхүүн шахаж, итгэл алдсан компаниудаас өр авлагаа барагдуулахын тулд “Эрдэнэт”-ийн удирдлагууд эхнээс ийн нээлттэй, ил тодоор зарлаж эхэллээ. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Үүний цаана хэдэн арван тэрбумаар үнэлэгдэх бараа бүтээгдэхүүнийг хэний гараар шахаж, хэний халаасыг нь түнтийлгэдэг нь ч удахгүй мөн ил болох биз ээ.
С.ГАНДӨЛ topmedee
URL: