Ажилтай иргэдийн тоо цөөрчээ
Өнгөрсөн сард манай улсын нийт экспорт 168.7 сая ам.долларт хүрч, 4.2 хувиар буурсан нь Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн нийгэм, эдийн засгийн таагүй үзүүлэлтийн эхлэл байлаа. Дээрх хугацаанд импорт 5.7 хувиар доошилсон бол, аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 57.6, хугацаа хэтэрсэн өрийн хэмжээ 9.1 хувиар нэмэгджээ.
Харин өнгөрсөн сарын хамгийн таагүй тоо баримт нь банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ бөгөөд уг үзүүлэлт 12 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оныхоос 91.8 хувиар буюу бараг хоёр дахин өссөн аж. Эдийн засгийн хувьд хэцүүхэн нэг жилийг үдэж буйн ул мөр болж хэрэглээний үнийн индекс өнгөрсөн оныхоос 12 хувиар нэмэгдсэн байна. Энэ мэт таагүй олон мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээс харж болох ч өрхийн сарын дундаж орлого 868 мянган төгрөг болж, өнгөрсөн оныхоос 14.7 хувиар дээшилсэн сайн мэдээ гарчээ. Харин ажилтай иргэдийн тоо 1.08 сая болж, тав орчим хувиар цөөрөв.
Сонирхуулахад, өнгөрсөн сард Монгол Улс 73.445 иргэнээр бүл нэмсэн байна.
URL: