Монгол Улс ирэх онд шилэн тендер систем нэвтрүүлнэ
Энэхүү уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд Д.Тэрбишдагва, яам агентлагийн газрын дарга нар болон аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцсон юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ үеэр хэлсэн үгэндээ, Уламжлалт тендерийн тогтолцоог халж цахимжуулснаар цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх улмаар хүнд суртлыг халах боломжийг бүрдүүлж байна гэдгийг тэмдэглэлээ. Өмнө нь явуулж ирсэн тендерийн тогтолцоо нь баялаг бүтээгчдийн ажилд ихээхэн чөдөр тушаа болж, улмаар шударгаар өрсөлдөх зах зээлийн зарчмыг алдагдуулан, авлига хээл хахуулийн сүлжээг бий болгож байна гэсэн нийгмийн шүүмжлэлд байнга өртөж ирсэн. Сонгон шалгаруулалт зарлахаас аваад улсын комисс хүлээж авах хүртэл бүхий л шатанд шинэчлэн сайжруулах шаардлага өнөө цагт тулгарсныг Гадаад харилцааны яаманд болсон энэ удаагийн уулзалт харуулж байлаа.
Тухайлбал, тендерт оролцохын тулд аж ахуйн нэгжүүд хуурамч бичиг баримт бүрдүүлдэг, хамгийн бага үнийн санал хэлж тендерт шалгардаг ч тухайн үнийн багцдаа ажлаа багтаан хийдэггүй эсвэл он дамнуулж нэмэлт санхүүжилт авдаг, давхар тендер авч, улмаар аль ашигтай хувилбар руу нь орж нэг ажлаа орхидог, цаашлаад мэргэжлийн алдаа дутагдал гаргаснаар улсын комисс хүлээж авахааргүй үр дүн үзүүлдэг гэх зэрэг алдаа дутагдал байдгийг Ерөнхий сайд хэллээ. Иймд Шинэчлэлийн Засгийн газраас тендерийн үйл ажиллагааг бүхэлд нь цахим хэлбэрт шилжүүлэхээр болж, суурь ажлуудыг хийж эхэлсэн байна. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар, манай улсад бүртгэлтэй 73016 аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 13628 нь 3407 удаагийн тендерт оролцсон. Үүнээс 10-аас дээш удаагийн тендерт оролцсон компани хоёр, 5 ба 10 хүртэлх тендерт оролцсон 10, гурав ба 5 тендерт оролцсон 6 аж ахуйн нэгж байна гэсэн судалгаа гарчээ. Харин 487 аж ахуй нэгж цахим тендерт бүртгүүлсэн нь нийт аж ахуйн нэгжийн 0.7 хувийг эзэлж байгаа юм.
Цаашид энэхүү бүртгэл үргэлжлэх ба уг төсөл бүрэн хэрэгжсэн үед Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монгол банк зэрэг бүртгэл, санхүү, татвар, хуулийн зэрэг нийт 7 байгууллагыг энэ сүлжээнд холбож, тэгснээр сонгон шалгаруулалтад оролцох аж ахуй нэгж албан ёсны бүртгэлтэй эсэх, ажиллах боловсон хүчин, техник технологийн чадамжтай эсэх, өмнө авсан ажлуудаа чанартай сайн гүйцэтгэсэн эсэх гэх мэт мэдээллүүд цахимжиж, нэг талаас иргэний нөгөө талаас төрийн ажлыг хөнгөвчлөх гэнэ. Нэг ёсондоо, улсын хэмжээнд хийж буй хөрөнгө оруулалтын ажлуудын бүртгэл эхлэхээс аваад дуусан дуусталх бүхий л шат дамжлага цахимжиж, цаасгүй технологит шилжихээр ажлууд шат дараатай хийгдэж байгаа аж.
Энэхүү шилэн тендерийн систем нэвтэрснээр нийт хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг удирдлагаар хангах, хууль эрх зүйн хүрээнд явуулж буй эсэхэд хяналт тавих, бүртгэлд үндэслэн төрөл бүрийн тайлан, статистик мэдээлэл гаргах, дүн шинжилгээ хийх, гэрээний биелэлтэд олон нийтийн оролцоог хангах, төрийн бодлогыг төлөвлөх зэрэг олон талын ач холбогдол хөндөгдөх гэнэ.
Мөн энэ үеэр улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд шинээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг Ерөнхий сайд танилцууллаа. Манай улс ирэх онд 1 их наяд 133 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий нийтдээ 301 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Харин нийслэлд 311 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжих бөгөөд эдгээр төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг өдөр тутмын сонин, сайтуудаар зарласан байна. Эдгээр ажлын явц, үр дүнгийн талаар www.procurement.mn болон e-tender.mn сайтуудаар байнга мэдээлж байх гэнэ.
Түүнчлэн цаашид сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхээ барилгын тендерийг орон нутаг өөрсдөө зарлаж, яамдаас тендер зарладгийг багасгаж, яамд тендер зарлахгүй бодлогын ажлуудаа хийх учиртайг Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн онцоллоо. Мөн өөрийн хийж бүтээж чадах хэмжээний ажлыг шударга өрсөлдөөний зарчмаар авч, түүнийгээ цаг хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэдэг байхыг давхар сануулсан юм.
URL: