Монгол Улс яагаад хөгждөггүй бэ?

12713аөөөаМонгол Улс яагаад хөгждөггүй юм бол. Уг нь байгалийн асар их баялагтай, газар нутаг томтой, хүн ам цөөтэй, мал аж ахуй, газар тариалан хөгжсөн дэлхийн аль ч улстай харьцуулшгүй түүхтэй орон. Гэвч хөгжил дэвшлийн тухай яриад эхлэхээр л дэлхий дахины сүүлийг мушгиж, хүн амын ядуурал жилээс жилд нэмэгдэж, бараа бүтээгдэхүүний үнэ байнга өсч, дэлхийн хөгжилтэй, хэрэглээ ихтэй орны үнийн өсөлтийг ч даваад байгаа нь юутай холбоотой юм бол. Дэлхийн улс орны хөгжлөөс хоцорч буй шалтгаан нь юу юм бэ. Бидэнд юу дутаад байна вэ. Дэлхий дахинд хамгийн эрчимтэй хөгжиж буй банкны салбар, бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим карт, интернэт үйлчилгээ, өөр хөгжсөн юу л байна бидэнд бүгд байна. Гэвч юм бүхэн байлаа гээд хөгждөггүй улс орон гэж бас байх юм. Тэр нь бид.

Гадаадын хөрөнгө оруулалт зогсвол бид, өлснө, ядуурна гэж дарга нар ярьж, дэлхийд том компани манайд хөрөнгө оруулахаар боллоо гэж сурталчилдаг ч бид хөгжсөнгүй. Харин ч ядуурлын хаалгаа цэлийтэл нээгээд “Рио Тинто” болино, буцна гэвэл яана аа, Оюултолгойг ашиглахгүй гэвэл яах вэ. Гаднынханд найрсаг байх юмсан гэж дээр дооргүй уулга алдсаар өнөөдрийг хүрэв. Саяхан зүүн өмнөд Азийн улс орнуудаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Манай улс гадны хөрөнгө оруулагчдад дэндүү их найр тавьж байгаа шүү” хэмээн ухуулга сурталчилгаа хийж яваад ирэв. Гэтэл бидэнд гаднынхны хөрөнгө оруулалт чамлахааргүй байгаа ч хөлжиж чадсангүй. Бусдад өгч, хамтран ажиллаж, хоёулаа адилхан баяжих байтал гаднынхан баяжаад бид хоосроод үлдсэн дүр зураг жил ирэх тусам тодроод байх нь гайхалтай. Жишээгүй юм байвал худал болно. Баримттай юм байвал үнэн болно.

Монгол Улсын ДНБ 85 хувийг дангаараа бүрдүүлдэг банкны системийн нийт хөрөнгийн 76 хувь нь гадныхны мэдэлд байдаг. Өөрөөр хэлбэл, ДНБ 85 хувь биднийх биш бөгөөд банкуудын нийт хөрөнгийн 76 хувийг эзэмшдэг гаднынхны мэдэлд дээрх 86 хувь очдог гэсэн үг. Энэ нь манай улс гаднынхны мөнгө хүүлэлтийн бодлогод хэт өртөж, мөнгөний бодлогоо алдаж, өөрсдийн гэх бодлогогүй, бусдын захиалсан хөгжмийг ямар ч сонголтгүйгээр тоглохоос өөр аргагүй байдалд ороод буйаа хүлээн зөвшөөрөх цаг болсон байна. Саяхан УИХ-ын гишүүн Ж.Батзандан төрийн өндөр албан тушаалтнууд оффшор бүсэд данс нээлгэхгүй, компаниа бүртгүүлэхгүй байх тухай хуулийн төсөл санаачлаад “алуулах” шахсан. Үнэндээ түүнийг “алах ч багадах” явдал дээгүүрээ байгаа болоод л тэр.

УИХ-ын нялх Сэнгүм С.Баярцогт оффшор бүсэд данстай, бүр Хятадын монгол хүн гэдгээ зарлаад баригдсан явдал саяхных. Тэгвэл манай улс давхар татвар ноогдуулахгүй байх гэрээг байгуулснаар асар их алдагдал хүлээдэг. Үүнийгээ ч дээр, дооргүй мэддэг. Мэдсэн ч засъя гэж хүсдэггүй. Учир нь гаднынхан төдийгүй Монголын томоохон компаниудад энэ нь ашигтай байдаг. Манай улстай татвар давхардуулж ногдуулахгүй байх гэрээ байгуулсан орнуудад компаниа бүртгүүлж, нэг гадаад хүнийг захирлаар нь тавьж, дотроосоо хулгайлсан мөнгөнийхөө зүсийг өөрчилж, “Гадаадын хөрөнгө оруулалт” хэмээн халхавчилан, оруулж ирдэг гэх.

Манай улсаас гадаадын хөрөнгө оруулалтыг татах, таатай орчин бүрдүүлэх үүднээс гадаад улс орнуудтай “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ”-г 1991 оноос хойш байгуулж ирсэн байдаг. Социалист системээс ардчилал, зах зээлд шилжээд байсан манай улсын хувьд дэлхий дахинд танигдаагүй, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага байсан тул э н э х ү ү гэрээг гадны хөрөнгө оруулалтыг татах хөшүүрэг болно хэмээн үзсэн байдаг.

Гэвч энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчингүй, бараг л ийм төрлийн гэрээ байгуулах анхны мэдэгдэхүүнгүй хүмүүс ямар ч л байсан гэрээ байгуулах ёстой гэдэг өнцөгөөс нь харж, гэрээний заалттай нарийн танилцаж, судлалгүйгээр нийт 35 улстай давхар татвар ногдуулахгүй байх гэрээ байгуулснаас өдгөө 30 нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс 1991-1998 онд 26, 1999- 2007 онд найман гэрээг тус тус соёрхон баталсан байна. Давхар татвараас хөнгөлөх гэрээний дагуу гадаадын оршин суугч татвар төлөгчид олгосон орлогод эдүүлсэн татвар нь хамгийн багаар бодоход 2010 оны байдлаар 84.7, 2011 онд 52 тэрбум төгрөгөөр хөнгөлжээ.

Давхар татварын гэрээнүүд дотроос Кувейт, Люксембург, Нидерланд болон Арабын Нэгдсэн Эмират, UK Виржинийн арлууд, Франц, БНСУ улсуудтай байгуулсан давхар татварын гэрээнүүд Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй, татварын орлогод ноцтой хохирол учруулах олон заалттай хэмээн судлаачид үздэг. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах ёстой дээрх гэрээнүүд сүүлдээ үндэсний томоохон компаниудын татвараас зугтах оромж нь болж өгсөн нь бүр ч харамсалтай. Монголын үндэсний ТОП аж ахуйн нэгж гэх томоохон компаниуд бүгд Нидерланд, Бельги, Франц, Люксембург, Щвейцарь, Кувейт, Англи болон Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсад бүртгэгдсэн.

Монголын бус гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байдаг гэхээр бидэнд үндэсний юм гэж байхгүй. Үндэсний гэж сурталчилаад, үйл ажиллагаа явуулдаг сумандаа эмнэлэг, сургууль барьж өглөө гэдэг “Энержи ресурс”, “Худалдаа хөгжлийн банк”, “Мобиком”, “Оюу Толгой”, “Бороо гоулд”, “Болдтөмөр Ерөө гол”, “Тэнгэр санхүүгийн нэгдэл”, “Сентерра гоулд” зэрэг компаниуд Нидерланд, Виржинийн арлууд, Люксембургт бүртгэгдсэн гадаадын аж ахуйн нэгж.

Үүнийг та Үндэсний татварын алба, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан албан мэдээлэл, судалгаанаас харж болно. Өөрөөр хэлбэл, дээрх компаниуд манай улсад зохих давхар татвар төлдөггүй явж ирсэн гэсэн үг. Монголд хамгийн их хөрөнгө оруулалт оруулсан Оюутолгойн ордыг эзэмшдэг Виржинийн арлуудад бүртгэлтэй “ОюуТолгой Нидерланд” ХХК нь Монголын “ОюуТолгой” ХХКний 61.74 хувь, мөн аралд бүртгэлтэй “Айванхоу” “ОюуТолгой” ХХК 4.26 хувийг эзэмшдэг Зөвхөн Нидерланд Улсаас манай улсад хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагч хэмээх гуншинтай 168 компани байгаа бөгөөд 1990- 2010 оны хооронд манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

Дээрх 168 компанийн дөрөв нь л гэхэд ашигт малтмалын нийт 80 лиценз эзэмшдэг мэдээлэл байна. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн эсэргүүцэлтэй тулгарч, нэг хүний амь сүйтгэн байж Монголд ганц эмнэлэг барьж өгөхөөр болсон “Бороо гоулд” Нидерландад бүртгэлтэй компани аж. Өөрөөр хэлбэл, манай улсад татвар төлөхгүй байх зорилгоор дээрх бүртгэлийг хийлгэсэн нь тодорхой. Түүнээс гадна “Бороо гоулд” компаний урдаа барьдаг бас нэг халхавч нь бид танай улстай “Тогтвортой байдлын гэрээ” байгуулсан гэдэг халхавч. Үнэндээ Монгол Улсын Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулан олон олон хөнгөлөлт, давуу талыг тус компани эдэлдэг ч юмыг яаж мэдэх вэ хэмээн үзсэн үү Недарланд усалд бүртгүүлсэн байх юм. Тогтвортой байдлын гэрээ болон Давхар татварын гэрээгээр хөнгөлөлт эдэлсэн “Бороо Гоулд” компани 2004 оны гуравдугаар сараас 2011 оны арванхоёрдугаар сарыг хүртэл Бороогийн уурхайгаас ойролцоогоор 1.5 сая унц алт олборлосон байдаг.

Ингэснээр “Бороо Гоулд” ХХК 2010 онд 67.2 тэрбум, 2011 онд 32 тэрбум төгрөгийн татварын хөнгөлөлтийг эдэлсэн байна. Гаднынхан бидэнд сайн хандвал бид ч бас тэдэнд сайн хандах учиртай. Гэхдээ тэд баяжаад бид ядуураад суугаад байж болохгүй. Өнөөдөр биднийг дэлхий нийт харж байна. Бид шударга тоглох ёстой. Та нар хөрөнгө оруулалт хий, бид ч хамтаръя, харин хоёулаа адилхан баяжиж, адилхан ашиг олох ёстой гэдэг бодлого л баримтлах ёстой. Түүнээс гадна үндэсний гэх тодотголтой их бага компаниудадаа төрөөс хөнгөлөлт үзүүлж,татвараас тодорхой болзолтойгоор чөлөөлж, гаднынхнаас илүү найртай хандах болддогыг баримтлах цаг үе ирээд байна. Монголчууд гаднынханд найр тавьсанаар хөгжихийн дээдээр хөлжиж, хөлөө жийх цаг болсон. Гэвч хөгжсөнгүй, хөлжсөнгүй. Харин ч өдөр ирэх тусам дордож мэдэхээр байдалд ороод байна. Учир нь бидэнд өөрийн гэх юм алга. Өөрийн улсад бүртгэлтэй том компани алга.

Томоохон бүтээн байгуулалт хийдэг үйлдвэр алга. Ард түмэндээ “Үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжье” хэмээн мянга уриалаад ч үндэсний үйлдвэргүй болохоор хий уриа цуурайтахаас хэтрэхгүй удаж байна. Бид яагаад хөгждөггүй вэ гэвэл бид бусдыг хөлжүүлж, тэд хөлжвөл бид хөлжинө хэмээн эндүүрдэг учраас тэр. Харин эндүүрлээс, зүүднээсээ салах цаг болсон. Оффшор бүсэд данс нээдэггүй үндэсний саятантай, гадны хөрөнгө оруулагч болж “тоглодог” үндэсний компанигүй улс орон болж, хөгжлийн үүдийг нээцгээе. Тэгвэл бид хөгжих юм биш үү.

Б.ЛХАГВА

URL:

Сэтгэгдэл бичих