Хариуцлагагүй үйлдлээс болж иргэд цахилгаанаар тасалдах болжээ
Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүрэгт цахилгааны гэмтэл хоёр удаа гарч, нийт 1726 айл өрх, 184 аж ахуйн нэгжийн цахилгаан тасалджээ.
Тодруулбал энэ сарын 7-ны өдөр Хан-Уул дүүрэгт дулааны шугам татахаар газар шорооны ажил хийж байсан хэсэг хүмүүс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо 24 дүгээр дунд сургууль, Урт цагаан орчим, Сүхбаатар дүүргийн 1, 2 дугаар хороо 220 мянгат орчмын 859 өрх, 104 аж ахуйн нэгжийг цахилгаанаар тэжээдэг 6 кВ-ын кабель шугамыг гэмтээсний улмаас энэ хэсэгт 13 цаг 15 минутаас 14 цаг хүртэл 45 минутын турш цахилгаан хангамжийн хэвийн ажиллагаа алдагдав. Харин буруутай этгээдийг олж, хохирлыг төлүүлэхээр УБЦТС компани цагдаагийн байгууллагад ханджээ.
Үүний маргааш өдөр буюу ням гарагт мөн Хан-Уул дүүрэгт “Тэргэл мөнх” компани нь бохир усны шугамын угсралт хийхээр газар шорооны ажил гүйцэтгэх явцдаа 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамыг механикаар гэмтээж тус дүүргийн 15 дугаар хороо “Оргил рашаан” сувилал, Удирдлагын академи, “Маршал таун” хотхон орчмын 947 өрх, 80 аж ахуйн нэгжийг оройн 18 цагаас хойш 39 минутын турш цахилгаангүй болгосон тохиолдол гарчээ.
Б.Туул МОНЦАМЭ
URL: