“Standard bank”-ны төлөөлөгчийг Монголоос гарахыг хоригложээ

standartbank_tuluulugch-middle“131 сая ам.долларын өрийг төлүүлэх асуудлаар Монголын эрх баригчидтай зөвшилцөхөөр ирээд байсан Өмнөд Африкийн “Standard bank”-ны төлөөлөгчийг хуулийн байгууллага Монгол Улсаас гарч явахыг нь хоригложээ” гэсэн утгатай мэдээлэл өчигдөр bdlive.co.za цахим хуудсанд тавигджээ.

“Жаст” групп энэ банкнаас Эрдэнэт үйлдвэр батлан даасан гэсэн хуурамч бичиг баримт бүрдүүлж 109 сая ам.доллар зээлсэн гэх шуугиан дэгдээд байгаа билээ.

Цахим сайтад тавигдсан мэдээллээс үзвэл, Монголоос гарах эрхгүй болчихоод байгаа хүн нь ӨАБНУ-ын “Standard bank”-нд зөвлөхөөр ажилладаг, Шинэ Зеландын иргэншилтэй Крис Брэдли гэгч бөгөөд Жаст группээс гаргуулж авах өрийн асуудлыг ярилцахаар өнгөрсөн сард Улаанбаатарт ирсэн таван хүний нэг байжээ.

Тэрбээр энэ сарын 2-ны өдөр Йоханнесбург дэх төв оффис руугаа залгаж “Арваннэгдүгээр сарын 29-нд Улаанбаатараас нисэх ёстой байсан ч эрх баригчид хил нэвтрэхийг хориглочихлоо” хэмээн утсаар ярьсан байна. “Standard bank”-ны хэвлэлийн төлөөлөгч Росс Линстром энэ талаар мэдээлжээ.

Түүнийг ямар шалтгаанаар Монголоос явахыг хориглосон нь одоогоор тодорхойгүй байна.

Гэхдээ “Жаст”-ын өрийн асуудлаар хэлэлцээ өрнөж байгаа гэдэг нь бол тодорхой. “Жаст” групп тус банкнаас 109 сая ам.долларын зээлийг авахдаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийн гарын үсэг бүхий баталгааг хуурамчаар үйлдэн, зэсийн баяжмалаар барьцаалан гаргуулсан байдаг.

Гэвч “Олон овоот”-ын алтны орд дээр үр ашиггүй зардал гаргасныхаа харгайгаар “Хадгаламж” банкныхаа ашгийг “Стандарт” банк руу гуйвуулсаар эцэст нь “Хадгаламж” ч үгүй, “Олон овоот” ч үгүй болсныг бид мэднэ.

“Жаст” төлбөрийн чадваргүй болж, “Standard bank” өөрсдөд нь бүрдүүлж өгсөн материалын дагуу “Эрдэнэт” УБҮ-т нэхэмжлэл гаргасан билээ. Гэвч энэ хэрэг ганц Ш.Батхүүгийн сэдсэн хэрэг байсан учир Өмнөд Африкийн банк төлбөрөө гаргуулах аргагүй болж, Лондоны шүүхэд хандаад байгаа юм.

Хальти харахад “Стандарт” банк өрөө буцааж авах ямар ч найдваргүй болчихсон мэт. Гэвч банкны төлөөлөгчид яагаад Монголд ирсэн, төлөөлөгчдийн нэгийг яагаад Монгол Улсаас гарахыг хориглосон нь тодорхойгүй байна.

“bdlive.co.za” цахим хуудсанд тавигдсан мэдээлэлд Крис Брэдли “Би цагдаагийнхны ажилд туслахдаа баяртай байсан” гэсэн үг байна. Бид энэхүү мэдээллийг үнэн эсэхийг лавлахаар ЦЕГ-ын ХМТ-ийн байцаагч Н.Төгсбаярт хандсан ч тэрбээр “Манайд хамаагүй” гэсэн хариу өгсөн юм.

Хил хамгаалах газар ч энэ талаар мэдээлэл өгсөнгүй. Крис Брэдлигийн хэлснээс үзвэл Жасттай холбоотой хэрэг гэмт хэргийн журмаар шалгагдаж байгаагаас гадна өөр аргаар шийдэх асуудал бас давхар явагдаж байгаа юм байна.

Хэргийн эзэн, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн санаагаар бол тэрбээр олон тэрбумын активтай “Хадгаламж” банкаа Төрийн банкинд нэгтгэснийхээ хариуд тун удахгүй явагдах гэж байгаа Төрийн банкны хувьчлалд давуу эрхтэй оролцохыг эрх мэдэлтнүүдээс хүсч байгаа бололтой байсан.

Төрийн банк бол 2011 онд хувьчлагдахаар яригдсан ч анх байгуулахад нь гаргасан 100 тэрбумын бондын өрнөөс болоод зарлагдаж чадаагүй. Засгийн газар Төрийн банкийг өрөө хүүтэй нь хамт 100 хувь төлж барагдуулахаас өмнө хувьчилж болохгүй гэсэн чиглэл баримталснаас болсон гэдэг.

Тэгвэл өнгөрсөн оны байдлаар тус банк нийт 30 гаруй тэрбум төгрөгийн бондын өрийг эргүүлэн төлсөн гэх мэдээлэл бий. Түүнчлэн энэ онд нийт 65.2 тэрбум төгрөгийг бондын эргэн төлөлтөд зарцуулна гэх төлөвлөгөө байсан.

Энэ бол Төрийн банк хувьд гарах дөхсөн гэсэн үг. Ш.Батхүүгийн хувьд өрөө төлөх, цаашлаад хөл дээрээ босох боломжит хувилбаруудын нэг нь Төрийн банк гэдэг нь эндээс харагдана. Тэгэхээр энэ хэргийг хуулийн бус аргаар шийднэ гэвэл Төрийн банкны хувьчлал ч ямар нэг байдлаар холбогдож байж мэдэх юм.

Х.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих