ИТХ-ын төлөөлөгчид орон нутгийнхаа орлогыг 174 сая төгрөгөөр өсгөх боломжтой гэж үзжээ

d70a1f9f3d04fbd962669156674ed385_x3Төрийн аудитын тухай хуулиар орон нутгийн төсвийн төсөлд орлого нэмэгдүүлж, зардлыг хямдруулах төсөв боловсруулаад ИТХ-д шууд хэлэлцүүлэх үүргийг аудиторууд хүлээдэг. 2014 онд Дундговь аймаг орон нутгийн орлогоо 480 гаруй сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой хэмээн аймгийн аудиторууд төсвийн төсөл боловсруулан ИТХ-ын хуралдаанд хэлэлцүүлсэн ч дээрх тоо 174 сая төгрөг болтлоо хасагдсан юм.

Дундговь аймаг өөрийн орлогоо ямар ямар арга замаар нэмэгдүүлэх боломж байгаа талаар аймгийн ерөнхий Аудитор Б.Долгорсүрэнтэй ярилцлаа.

-Орон нутгийн орлого нэмэгдүүлэх ямар боломжит хувилбараар төсөв боловсруулсан бэ?

-2014 онд 5 төрлийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзсэн. Тухайлбал газрын төлбөрийн орлогыг 75.7 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан. Энэ онд газрын төлбөр 123 сая төгрөг төлөвлөж 96.5 сая төгрөгийн гүйцэтгэлтэй байгаа. Төлбөр тооцогдох боломжтой газрын судалгааг аваад суурь үнэлгээг нэг хувиар тооцсон. Төлбөрийг км тутамд 1500-7500 төгрөгөөр өсгөж авах боломжтой бөгөөд одоо хамгийн багаар буюу 1500 төгрөгөөр тооцдогийг арай ахиулж, дунджаар нь тооцоход 75.7 сая төгрөгөөр орон нутгийн орлого нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа юм. Энэ нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагад нэг их дарамт үүсэхгүй.

Мөн үл хөдлөх хөрөнгийн албан татвараас орлого нэмэгдэх боломжтой. Татварын хэлтэс, Газрын харилцаа барилга хот байгуулалтын албанаас авсан мэдээллийг нэгтгээд үзэхээр 5.6 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгө Дундговь аймагт байгаа юм. Түүнд ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор баталсан 0.8 хувиар татвар ногдуулахад 68.7 сая төгрөг болж, урьд онд авсан татварын орлого 8.7 сая төгрөгөөр өснө. Аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшиж байгаа үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ маш бага байгаа. Ирэх онд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг өсгөх ажлыг төлөвлөж байгаа юм билээ. Үнэлгээ нь өсөөд ирэхээр дээрхээс ч ахиу орлого бүрдэхээр харагдаж байгаа.

-Орон нутгийн хөрөнгө борлуулах нь орлого өсгөх нэг боломж. Энэ боломжийг орон нутаг хэр сайн ашиглаж чаддаг вэ?

-Хөрөнгө борлуулсны орлого яах аргагүй бидний анхаарах зүйл гэж үзэж байгаа. Тухайлбал аймгийн ЗДТГ- ын мэдлийн 10 айлын орон сууцыг худалдах ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоол 3 удаа гарахдаа урьд урьдын үнийг бууруулсан. Өнгөрсөн оны орлогын төлөвлөгөөнд 10 айлын орон сууц борлуулсны орлого гэж 241 сая төгрөг төлөвлөсөн нь энэ жил энэ ороогүйгээс 136 сая төгрөг болгож хасч тодотгосон. Орон сууцны үнийн ямар ч судалгаагүйгээр, тодорхой шалтгаангүйгээр ингэж бууруулж байгаа нь учир дутагдалтай. Нэг метр кв талбайн үнэ нь 291 мянган төгрөгөөр болчихож байгаа гэсэн үг шүү дээ. Орон нутгийн орлого нэмэгдүүлэх боломж ийм маягаар бас алдагдаж байна.

Бас нэг жишээг хэлэхэд Олгойн говийн худгийн шугамыг уржнан жил сольж, хуучин  трубануудыг дуудлага худалдаагаар борлуулахад  262 сая төгрөгөөр “Ариун болор” ХХК худалдан авсан. Гэхдээ 131 сая төгрөгийг 2011 онд өгчихөөд трубаг огт ашиглаж чадаагүй учраас үнийг бууруулж өгөөч хүсэлт гаргаж, одоо хүртэл нь энэ орлого ороогүй байгаа. Энэ бол орон нутагт заавал орох ёстой мөнгө гэж аудитын зүгээс үзсэн. Энэ мэтийг л хамруулж тооцоход 2014 онд 479.8 сая төгрөгөөр орон нутгийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж төсвийн төсөл боловсруулсан хэрэг.

-Орлого өсгөх төсөв 300 гаруй сая төгрөгөөр хасагдлаа. Үүнд ямар орлого хамаарагдаж байгаа вэ?

- Өнгөрсөн онд орлогоо өсгөх боломжийг алдсан нэг хэлбэр бол улсын чанартай авто зам барихад ашигласан хайрга дайрганаас хураамж аваагүй явдал. Томоохон бүтээн байгуулалт хийж байгаа учраас орон нутагтаа хураамжаас чөлөөлж дэмжих хэрэгтэйг холбогдох яамнаас сануулсан учраас бага сага хэмжээгээр ногдуулснаас бусад хураамжийг аваагүй гэж орон нутгийн удирдлагууд хэлж байгаа. Гэхдээ энэ бол хуулиараа авах ёстой хураамж байдаг. Тиймээс ирэх онд нөхөн авах боломжтой гэж үзээд 50 гаруй сая төгрөг төлөвлөсөн нь дэмжигдээгүй хасагдсан. Зам баригдаж дуусчихаад байхад хураамж нөхөж авна гэсэн ойлголт байхгүй гэж ихэнх төлөөлөгчид үзсэн л дээ.

Бас нэг дэмжигдээгүй орлого бол хог хаягдлын үйлчилгээний хураамж юм. Энэ хураамжийг 69.9 сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой гэж танилцуулсан  боловч хураамжийг яаж ногдуулах талаар тодорхой аргачлал БОНХ-ийн яамнаас гараагүй гэдэг үндэслэлээр дэмжигдээгүй. Бидний тооцоолол иргэнд дарамт учруулахааргүй байсан. Баянжаргалан сум хог хаягдлын хураамжийг тохиромжтой  аргаар шийдсэн туршлага байдаг. Тус сумын ИТХ айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын хог хаягдлын хураамжийг зун намарт 500 төгрөг, өвөл хавар 1000 төгрөгөөр тооцох журам гаргаад мөрдөж байгаагаар жишээлэхэд айл өрхөд дарамт үүсгэхгүйгээр шийдэх боломжтой гэдэг нь харагдаж байгаа юм. Ийм боломжоор орлогоо өсгөхийг төсөлд оруулсан нь дэмжигдээгүй.

Дундговь аймаг Т.Отгонтуяа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих