Илтгэх урлагт суралцахуй
Илтгэх урлагийн тухай үндсэн ойлголт [Илтгэх урлагийн тухай үндсэн ойлголт]
Илтгэх урлаг бол… гэхээсээ илүүтэйгээр танд ямар ач тус, үр өгөөжтэй байж болох талаар сийрүүлье. Хүн бүрт өндөр боловсрол, тал бүрийн мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй. Гэвч түүний дотроос ярих урлаг, харилцааны соёл, илтгэх чадвар шинэ зууны иргэдийн заавал эзэмших чадвар байх болно гэдэгт илтгэлтэй байж болно. Тэгвэл яагаад илтгэх урлаг хэрэгтэй чадвар байх вэ? ямар ач тустай вэ? гэсэн асуултад хариулья. Үүнд: – Өөртөө итгэлтэй болох – Эв эеийг эрхэмлэгч иргэнлиг хүн болгоно – Харилцааны өндөр соёлтой илтгэгч болгоно – Амжилтанд хүргэгч хүч болно гэх мэт ерөнхий ач холбогдолтой. Илтгэх урлагт суралцахын тулд нэн тэргүүнд илтгэл хэрхэн бичиж сурах талаар мэдэгдэхүүнтэй байх шаардлага зайлшгүй урган гарна. Илтгэл хэрхэн бичих вэ? бүтэц, найруулга Илтгэлийн бүтэц нь ойлгоход хялбар бөгөөд бидний дунд сургуульд үзсэн сонгодог өгүүллэг шиг бүтэцтэй байдаг.
Илтгэл нь дараах үндсэн хэсгүүдтэй байна. Үүнд:
- Оршил хэсэг /15%/
- Үндсэн хэсэг /70%/
- Төгсгөл хэсэг / 15% /
Аливаа илтгэл нь 15 минутаас илүүгүй хугацаанд үргэлжлэх нь зүйтэй. Үүнээс удаан хугацаанд үргэлжилбэл сонсогчдыг чилээж болно. Оршил хэсэг Оршил хэсгийг илтгэхдээ сонсогчид тантай “дасан зохицох” нэгээс хоёр минутын хугацаааг тэдэнд олгоорой. Сонсогчид таны дуу хоолойны өнгө, дасал болсон дохио зангаа, нүүрний хувирал болон гадаад төрх байдалд дасан зохицож, сонсогчид болон таны хооронд харилцан итгэлцэл бий болоход энэ хугацаа шаардлагатай байдаг. Танд мөн адил танхимын дуу авианы ойлт, тархалт сонсгол зүйд дасан зохицож сандарч тэвдсэн байдлаа даван туулахад төдий хэмжээний хугацаа шаардлагатай. Та сонсогчидтойгоо нөхөрсөг харьцаа тогтоох хэрэгтэй. Илтгэлээ хэт чанга бас сул бус өнгөөр эхлэх нь зүйтэй. Мөн тэдэнтэй харцаараа харилцаа тогтоох нь танхимын уур амьсгалыг тооцоолоход ашигтай байх болно. Та илтгэлээ эхлүүлэхдээ дараах аргуудыг хэрэглэвэл тохиромжтой.
Үүнд:
1. Тухайн нөхцөл байдалтай уялдуулан эхлэх Арга хэмжээ болж буй газар, цаг агаарын байдал, тухайн өдрийн төлөвлөгөөнд орсон хамтарсан хоол, өмнөх илтгэгчийн ярьсан зүйлтэй уялдуулах гэх мэтээр эхлэх
2. Хошин түүх, онигоо Илтгэлийн эхэнд хошин үг яриагаар эхлэх нь маш сайн үр дүнтэй аргуудын нэг бөгөөд маш сайн нарийн мэдрэмжтэй байх шаардлагатай. Хэрэв мэдэрч чадаагүй зүйл ярьж тэр нь танхимд сайхан сэтгэгдэл үлдээж чадахгүй бол таны илтгэл бараг л сөнөлөө л гэсэн үг.
3. Ишлэл татаж эхлэх Сайн эх сурвалжаас ишлэл татах нь боловсролтой сайн хүний шинжийг илэрхийлнэ. Ишлэлийг ардын уран цэцэн үг, эрдэмтдийн хэлсэн ишлэлээс татаж болно. Гэхдээ бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц сайн ишлэл сонгоорой
4. Тухайн сэдэвтэй холбоотой өөрт болон таны танилд тохиолдсон жишээгээр эхлэх Илтгэлийн оршил хэсэг нь маш чухал бөгөөд үндсэн хэсгээс дутахааргүй хугацааг зарцуулах хэрэгтэй. Гараа сайн бол бариа сайн. Үндсэн хэсэг Илтгэлийн үндсэн хэсэг нь таны илтгэлийн гол цөм байдаг.
Илтгэлийн үндсэн хэсгийг бэлдэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
1. Ямар үндэслэлүүдийг гарган тавих 2. Ямар үндэслэл нь таны илтгэлд илүү тохиромжтой бас оновчтой байх
3. Үндэслэлүүдээ ямар дэс дараалалтайгаар тавих
4. Үндэслэлийн ямар хэлбэрийг сонгох. Үндэслэл нь жишээ, судалгаа, тоо баримт байж болно.
Илтгэгч хүн үндэслэлээ сонгохдоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
1. Миний сонсогчид ямар хүмүүс байх вэ?
2. Тэд энэ сэдвийн талаар юу мэдэх бол?
3. Тэд сонгон авсан сэдвийн талаар эерэг эсвэл сөрөг сэтгэгдлийн алинтай нь үлдэх бол?
Илтгэлийн үндсэн хэсэг нь сонсогчдод сонсох тусам улам сонирхол татахуйц сонирхолтой байх нь илүү үр дүнтэй байна. Иймээс илтгэлээ дараах асуулгаар тавьбал тохиромжтой.
Үүнд:
1. Та энэ асуудлыг хэрхэн нээсэн
2. Асуудлыг шийдэх гарцыг олохгүй байсан тухай
3. Эцэст нь асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэж чадсан тухай Үнэндээ сонсогчид сонирхолтой, адал явдалтай, адармаатай өгүүллэг сонсохоор ирцгээдэг. Тэдэнд хүссэнийг нь өгөх нь зүйтэй. Ингэж байж таны илтгэл амжилттай болно.
Илтгэл бүхэн өөрийн гэсэн оргил цагтай байдаг. Энэ нь хамгийн сонирхолтой хэсэг нь.
Илтгэлийн оргил цэгүүд дараах байдалтай байж болно. Үүнд:
1. Хамгийн үнэмшилтэй үндэслэл
2. Өдгөөг хүртэл нууцалж байсан санааг олон нийтэд гэнэтийн бэлэг мэт дэлгэх
3. Хямралын үед өөрийн байр суурийг оновчтойгоор илэрхийлэх
4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн түр зуурын гацалт, дохио зангаа илэрхийлэх
5. Илтгэлийн хамгийн сонирхолтой түүх болон онигоог илтгэх Илтгэлийг хэр үнэмшилтэй болгох нь оргил цагийн шийдэх асуудал. Төгсгөл хэсэг Аливаа илтгэлийн төгсгөл нь сонсогчдын ой тогтоолтод хамгийн их тогтоогддог хэсэг. Тиймээс илтгэлийн төгсгөл сэтгэл хөдөлгөм эрч хүчтэй оргилуун байх ёстой.
Утгын хувьд төгсгөл хэсэг нь илтгэлийн гол санааг агуулж байдаг учир түүнийг сонсогчдын хувьд ойлгогдох хамгийн боломжтой хэлбэрээр өгүүлэх нь тохиромжтой. Төгсгөлийг тохиромжтой хийх хэд хэдэн арга байдаг. Үүнд:
1. Утгын хувьд илтгэлийн оршил хэсэгт уялдуулах.
2. Дүгнэлтийг гурван өөр сэдвийн хүрээнд хийх.
3. Учир шалтгаануудыг нэгэн үзүүрт зангидах
4. Өөрийн дэвшүүлсэн саналын хэд хэдэн хувилбарыг дэвшүүлэх
5. Бүх хүний эв санааны нэгдэл, нэгдсэн ойлголтонд тулгуурласан сэтгэл хөдлөм уриалга гаргах
6. Хамтран ажиллахыг шаардах
7. Харилцан буулт хийх саналуудыг гаргах
8. Ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх
9. Алиа хошин түүх ярих
10. Бэлэг өгөх, хандив өргөх Төгсгөл хийхдээ анхаарах зүйл гэвэл олон илтгэгчдийн хийдэг алдаа нь илтгэлийнхээ төгсгөлийг албан ёсоор зарласан атлаа үргэлжлүүлэн ярьсаар байдаг явдал яах аргагүй мөн билээ.
Таньд амжилт хүсье.
URL: