Бохир уснаас эрчим хүч үйлдвэрлэнэ

Монгол Улс түүхэндээ анх удаа хаягдал ус цэвэршүүлэх замаар эрчим хүч үйлдвэрлэх төслийг эхлүүлэхээр болжээ. Уг ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Туул сонгино усны нөөцийн цогцолбор” төслийн концессын гэрээг “Морьтимпекс” ХХК-тай байгуулахаар болсон. Төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 160 гаруй сая америк ам.доллар байх аж.

Гэрээг үзэглэсний дараах есөн сарын хугацаанд концесс эзэмшигч буюу “Морьтимпекс” компани нь нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл, урьдчилсан зураг төслийг боловсруулан төрийн захиргааны холбогдох байгууллагаар батлуулснаар уг гэрээ хүчин төгөлдөр болох юм.

Төслийн хүрээнд концесс эзэмшигч нь үндсэн хоёр байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах ёстой аж. Тодруулбал, нийслэлийн Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бохир усанд дахин гүн цэвэршүүлэлт хийх үйлдвэр байгуулах юм байна. Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламж нь нийслэлийн хэмжээн дэх бохир усны дөнгөж 30 хувийг цэвэршүүлдэг.

Харин дээрх үйлдвэр ашиглалтад орсноор хаягдал усыг 90 хүртэл хувиар гүн цэвэршүүлэх боломжтой болох юм. Улмаар цэвэршүүлэх байгууламжаас гарах усыг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий “Усан цэнэгт цахилгаан станц”-ыг барих нь концесс эзэмшигчийн байгуулах ёстой хоёр дахь обьект болж байна.

Цахилгаан станц нь шөнийн буюу бага ачааллын 22-06 цагийн хооронд цэвэршүүлсэн усыг уулын оройд байгуулах дээд усан сандаа насосоор шахаж бэлтгэнэ. Бэлтгэсэн усаа оройн оргил ачааллын үе болох 16-22 цагийн хооронд доод усан сан уруу буулгах юм. Энэ замд нь турбин эргүүлж, цахилгаан үйлдвэрлэн Төвийн бүсийн эрчим хүчний системд нийлүүлэх аж.


URL:

Сэтгэгдэл бичих